Сульдсан засаг, саармаг шийдвэрээ цэгцлэх намрын чуулган
2015-09-30

 

Парламентын отгон намрын чуулган маргааш эхэлнэ. Энэ намрын чуулган нам, эвсэл харгалзахгүй хувь улстөрчдөөс ч хариуцлага,   тулхтай, тууштай  шийдвэр шаардна.  Учир нь ирэх сонгуулиар иргэд дөрвөн жилийн өмнөх  улстөрчдийн алдаа оноотой шийдвэрүүдийн заримыг мартаж, мартаагүйгээ уучилж болно. Харин энэ намрын чуулганы шийдвэр, шийдлүүд олон нийтэд  хэр хүрэхээс ирэх  сонгуулиар нам, эвсэл, улс төрчдийн  хувь заяа шийдвэрлэгдэнэ.

 

Өнөөдрийн  улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн хямрал эрх баригчдыг төдийгүй сөрөг хүчнийг ч ирэх сонгуулиар барианд түрүүлж оруулахааргүй байгаа.    Эрх баригчид нь парламентад суудалтай хүчнүүдтэйгээ байтугай өөрсдийн гишүүдтэйгээ хэл амаа ололцдоггүй цаас шидэлцдэг, парламент нь өөрсдөдөө зориулаад хууль баталчихдаг, Засгийн газраа барьцаалдаг, сөрөг хүчнээр сонгосон МАН нь эрх баригчидтай нэг нийлж, нэг хөөгдөж будилсан, нэг жилийн улсын төсвийг  өмнөх  оны эцсээс  дараа оны эцэс  хүртэл хэдэнтээ тодотгосон, Засгийн газар нь дэд сайдуудаа ч томилж чадахгүй фракц, бүлэглэлдээ  барьцаалагдсан гээд төр, засгийнхны булхай, будилааныг тооцоод байвал барахгүй.  

 

Улс төрийн хүчнүүд хамтраад улс орны хөгжил, эдийн засгийг өөд татсан томоохон шийдэлд хүрч чаддаггүйн жишээг  АН, МАН-ын хамтын ажиллагаа харууллаа.  Хамтдаа байхдаа эвтэй, хүчтэй байсан бол өнөөдөр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө, Тавантолгойн төсөл хэрэгжиж,  валютын урсгал наашилж, эдийн засаг сайжирдаггүй юм гэхэд тогтвортой байх байсан биз. Нааднадаж л Гацууртын ордыг төр эзэмших эсэх нь парламентаас хоёронтоо буцаж, нинжа нарын “эзэмшил”-д үлдээхгүй байлтай.

 

Өнөөдөр бид  парламентын саармаг шийдвэр, сульдсан Засагтай хэр хол явах билээ.  Иргэдийн итгэл нэгэнтээ алдарсныг төр, засгийн эрхмүүд мэдсэн ч мэдрэхгүй байгаа юм шиг.  Учир нь   зөвлөх, туслах зэрэг  өөрийг нь  хүрээлсэн пиарын баг  өдөр бүр  “Та мундаг, хүчтэй, чадалтай зоригтой” гэсэн чихэрлэг амттанаар бялууруулж,  үг, үйлдэл бүрийг  мэхийн сайшааснаас нийгмээс холдуулдаг бололтой. Тиймээс ч ихэнх улстөрчид өөрсдийн тойрон хүрээлэгчдийн дулдуйдсан үгэнд автаж,  алсын хараа бус ойрын хүрээлэлдээ уусдаг, нөгөөдүүл нь ч  уусгачихдаг гэмтэй.

 

Харин эдүгээ ирэх сонгуулийг угтаж  Засгаараа айл болж гэр болж тоглохгүй, төрийн асуудлуудаа хэлэлцэн шийдвэрлээд явахыг энэ намрын чуулган сануулж байгаа.

 

Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах,  ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах төсөл, Ерөнхий сайдыг огцруулахад гарын үсэг цуглуулах гээд өнөөх л хавар намрын чуулганаар хэдэн жил  хэлэлцэгдсэн  дуусдаггүй сэдвээ үргэлжлүүлэн хэлэлцэхээр байна.

 

Өнөөдөр Засгийн газар энэ оны улсын төсвийг тодотголх төслийг, маргааш ирэх оны улсын төсвийг  ар араас нь өргөн барина. Учир нь энэ бүхэн  хуулийн хугацаатай.  Цаашлаад Тавантолгой, Гацууртын төслийг ч Засгийн газар дахин өргөн барих төлөвлөгөөтэй юм билээ.  Тодотголоор урсгал зардлыг царцааж, улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтны гурван сарын цалинг 30 хувиа хасч, шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлэх зэргээр их наядаар тасалдах гээд байгаа төсөвт зохицуулалт хийсэн.

 

Цаг хугацаа нэгэнтээ улстөрчдөөс төрүүлээд  одсон учир Үндсэн хуульд өөрчлөлт оруулж амжихааргүй болсон.  Харин Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа хаалгаа тас хааж, хамгаалалтаа чангатгаад ч хэлэлцэж магадгүй.

 

Тэр дундаа хуулийн заалттай ирэх оны төсвийг батлах  сонгуулийн санхүүжилтээ багтаах гэж парламент мөн ч их бужигнах байх даа.

 

Ирэх оны  улсын төсвийн орлого, зарлагыг  яаж төсөвлөснийг парламентаар хэлэлцэх үеэр л мэдэх биз, мөрөөдлийн жагсаалт, хөөсөрсөн  хөрөнгө оруулалтаас л холдсон байгаасай.

 

Ирэх оны улсын төсөв, мөнгөний бодлого, үндсэн чиглэлийг батлахдаа ирэх оны сонгуульд зориулаад баталчихна даа гэсэн хардлага нийгэмд байна.   Ер нь өмнөх парламентуудыг харсан ч сонгуулийн жилээр улсын төсвийг сонгуулийн төсөв болгоод баталчихдаг гэм биш зантай.  Тойргоос сонгогдсон түшээд дөрвөн жилийн өмнө сонгогчдодоо амласан,  хэлсэн зүйлээ  гэнэт сэрсэн мэт санаж, улсын төсөвт тусгуулах,  хууль батлуулах гэж  зүтгэцгээн, саналаа тусгуулж чадаагүй нэг нь хэвлэлийн хурал хийж сүржигнэх нь энүүхэнд биз.  Тээр жил Өршөөлийн хууль баталж, хоригдлуудыг суллана гэж амлан гарч ирсэн н.Хувьтөгөлдөр гишүүн дөрвөн жил санаачилсан хуулиа батлуулж чадахгүй, эцэстээ  бүрэн эрх нь дуусахын өмнө хэвлэлийн хурал зарлан “Энэ хуулийг УИХ-аар батлахгүй бол бидний гар урт шүү” гэж хоригдлууд  сануулж байна хэмээн бусдыгаа сүрдүүлсэн мэдэгдэл хийж билээ. Энэ мэтээр түшээд нэг хэсэг нь тойрогтоо хөрөнгө оруулалт хийж,  ахиухан мөнгө тусгуулах гэж Засгийн газрын оруулж ирсэн  хуулийн төслийг ч танигдахгүй болтол хувиргана. Нөгөө хэсэг нь намрын чуулганы хугацаанд өөрсдийн санаачилсан хуулиа хэлэлцэх асуудалд тусгуулах, батлуулах гэж лобби хийсэн өдрүүд үргэлжлэх биз.

 

Тэгээд ч одоо  эрхэм түшээдийг налайж цаг биш.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
АН СУЛьДСАН ЗАСГАА ТЭНХЭРҮҮЛЖ ДИЙЛЭХ ҮҮ ЁСТОЙ ҮХСЭН НОХОЙН БААС Л ГЭЭЧ БОЛОХ БАЙХ ДОО БИЕ БИЕНЭЭ ТАТАЖ УНАГААХ Л АЖЛАА ХИЙХ БАЙХ ДАА ЭДЭНД ЮМ ХИЙХ ЧАДВАР БАЙХГҮЙ БАЙСАН Ч ХИЙХ СЭТГЭЛ БАЙХГҮЙ
2015-09-30