Т.Жамбаажамц: Кастодианы үйлчилгээг санхүүгийн том институци хийдэг
2015-10-01

Голомт банк санхүү, хөрөнгийн зах зээлийн хөгжилд нэгэн шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн нь Кастодиан банк билээ. Өнгөрсөн долоо хоногт тус банкны хамт олон Кастодиан банкны үйлчилгээгээ албан ёсоор нээн, эхний үйлчлүүлэгчийнхээ гүйлгээг баталгаажуулсан батламжийг гардуулсан юм.

 

Ингээд кастодиан үйлчилгээтэй холбоотой асуудлаар Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалтын газрын орлогч дарга Т.Жамбаажамцаас зарим зүйлийг тодрууллаа.

 

-Кастодиан үйлчилгээний эрхийг ямар шалгуураар олгодог вэ. Манай улсын хувьд хэчнээн банк энэ чиглэлийн үйлчилгээний эрхийг аваад байна вэ?

 

-Санхүүгийн зохицуулах хороо болон Монгол  банкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаал байдаг. Энэ тушаалаар батлагдсан журмын хүрээнд кастодианы үйл ажиллагаа  явуулах банкинд тавигдах шаардлагуудыг нарийвчлан зааж, тогтоодог юм. Ингээд шаардлага хангасан банкуудад Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл олгоод явж байна. Одоогийн байдлаар нэр бүхий арилжааны гурван томоохон банк энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө авсан.  Голомт банк бол хамгийн анхны кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авсан юм. Тус банкны хувьд кастодианы үйлчилгээг цогц байдлаар эхлүүлэх бэлтгэл ажлаа хангасан учраас өнгөрсөн долоо хоногт албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа.

 

-Тухайлбал, ямар шалгуур, үзүүлэлтүүд байдаг вэ.

 

-Хамгийн түрүүнд тухайн банкны санхүүгийн чадавхи дээр нь маш өндөр шаардлага тавьж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол банкнаас тогтоосон хөрөнгийн доод хэмжээ, зохистой харилцааг тогтмол хангаж ажилладаг. Мөн программ хангамж, мэргэжлийн боловсон хүчин болон энэ чиглэлийн үйл ажиллагааных нь бизнес төлөвлөгөө зэрэг дээр өндөр шаардлага тавьдаг байгаа. Гол үндсэн шалгуурууд бол энэ. Үүнээс гадна өөр, бусад шалгуур, үзүүлэлтүүд байдаг. Нэг үгээр хэлбэл, кастодианы үйлчилгээг үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, санхүүгийн том институци хийх ёстой. Олон улсад ч тийм байдаг. Тиймээс дээр дурдсан шаардлагуудыг нь хараад Голомт банкинд кастодианы үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон юм.

 

-Кастодианы үйлчилгээ Хөрөнгийн зах зээлд ямар эерэг нөлөө үзүүлэх вэ. Гадны хөрөнгө оруулалт татах шинэ суваг гэж харж болох уу?

 

-Хөрөнгийн зах зээлд кастодины үйлчилгээ маш чухал хэрэгцээтэй үйлчилгээний нэг төрөл гэдгийг энд цохож хэлэхийг хүсч байна. Учир нь, төлбөр тооцооны хурдан шуурхай,  уян хатан байдал, үнэт цаасны санхүүгийн хэрэгслүүдийн  найдвартай хадгалалт, хамгаалалт, хөрөнгө оруулагч нарт үйлчилэх цогц үйлчилгээ кастодиан банкаар дамжиж хэрэгжих учиртай. Нөгөө талаас хөрөнгө оруулагч түүний дотор жижиг хувьцаа эзэмшигдчийн эрх ашгийг хамгаалах буюу тэдний эрхийг төлөөлөх чиглэлээр кастодиан банкнууд хамтран үйл ажиллагаа явуулна. 

Shuud.mn
Сонин хачин