Дүрвэгчдийн завь осолджээ
2015-10-05

Хойд Африкаас Испанийг чиглэн явж байсан цагаачдын завь Алборан голд осолдсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Осолдсон завинд 104 дүрвэгч зорчиж явснаас аврагчид 84 дүрвэгчийг аварч, аюулгүй газар байршуулсан тухай Мадрид хотод төвтэй Улаан загалмай нийгэмлэгээс мэдээлжээ. 20 гаруй дүрвэгч сураггүй алга болсон аж. Тэднийг өнөөдрийг хүртэл хайж байна.

 

Завь өчигдөр 17.00 цагийн орчимд осолдож, Испанийн эргийн хамгаалагчид ослын газар 48 минутын дараа очжээ. Тус завинд 31 хүүхэд, хоёр жирэмсэн эх, гурван өндөр настан зорчиж явсан байна. Сураггүй болсон дүрвэгсдийн дунд бага насны хүүхдүүд байгаа хэмээн гэрчүүд мэдээлжээ.

 

Ослоор амьд үлдсэн дүрвэгсдийг аюулгүй газар байршуулж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж буй ч тэднийг тус улсын удирдлагууд хүлээн авах боломжгүй гэдгээ НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан төвд уламжилсан байна. Испани улс өнгөрсөн сараас дүрвэгсдийг хүлээн авахаа зогсоож, хилээ хаасан билээ. Тус улсын хил орчимд өнөөдрийг хүртэл 20 мянган дүрвэгч байршиж байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин