Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудлаар чуулж байна
2015-10-12

Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний чуулган “Тусгай хамгаалалттай газар нутаг - Олон улсын болон Монгол Улсын төрийн бодлого” сэдвийн хүрээнд болж байна.  Энэхүү чуулганыг БОНХАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, НҮБХХ-ийн “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь” төсөл, Германы сэргээн босголтын банкны “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслүүд хамтран дөрөв дэх удаагаа зохион байгуулж буй аж.

 

Уг чуулганаар тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хөтөлбөр, олон улсын конвенцийг хэрэгжүүлэхэд салбарын оруулж буй хувь нэмрийг үнэлэх, түүний хамгаалалтын менежментийг сайжруулахад олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтыг тодорхойлох юм байна.

 

Уг чуулганаас дараах үр дүн хүлээгдэж байгаа аж.

1. Чуулганд оролцогчид Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн талаар Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд, Ногоон хөгжлийн бодлого, Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр болон “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийн төсөлд хэрхэн тодорхойлсон талаар нэгдсэн мэдээлэл, ойлголттой болсон байна.

 

2. Дээрх бодлого, хөтөлбөрийн хэрэгжүүлэхэд холбогдох талуудын оролцоо, авч хэрэгжүүлэх арга хэмжээг зөвшилцөн тохирсон байх.

 

3. Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн үр ашгийг дээшлүүлэх талаар олон улсын болон бүс нутгийн түвшинд хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэл тодорхойлогдсон байна гэжээ. 

 

Чуулганд УИХ-ын БОХХААБХ,  ЭЗБХ-ны гишүүд, холбогдох яамд, гадаад улсын элчин сайдын яамд, ОУ-ын байгууллагууд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Хил дамнасан тусгай хамгаалалттай газар нутгийн төлөөлөл, Хамгаалалтын захиргаад, аймгийн БОАЖГ, Орчны бүсийн менежментийн зөвлөл, ТББ,  хувийн хэвшил, судлаачдын төлөөллийн гээд нийт 280 гаруй төлөөлөгч оролцож байгаа аж.

 

Ялангуяа ОХУ-ын Онон Балжийн БЦГ-тай хиллэдэг Сохондын шим мандлын нөөц газар, Хөвсгөл нуурын БЦГ-тай хиллэдэг Тункены БЦГ, Сийлхэмийн БЦГ-тай хиллэдэг Салюгемын БЦГ, Монгол Дагуурын ДЦГ-тай хиллэдэг Даурский ДЦГ болон Мөнххайрханы БЦГ-тай хиллэдэг БНХАУ-ын Шинжан Уйгарын өөртөө засах орны Алтай аймгийн ТХГН-ын төлөөлөл, БНЧехУ-ын Прагийн амьтны хүрээлэнгээс захирал  оролцож байна гэж БОНХАЖЯ-аас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин