Өсвөрийн жүдочид долоон медальтай ирлээ
2015-10-12

Гэрэл зургийг "Mongolian Judo Association" хуудаснаас ашиглав.

Тайландын нийслэл Бангкок хотноо энэ сарын 9-10-нд жүдо бөхийн өсвөр үеийн Азийн АШТ боллоо. Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон манай тамирчид нэг алт, нэг мөнгө, таван хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ.

 

Тэмцээний эхний өдөр манай хөвгүүдийн ангилалд дөрөв, охидын ангилалд дөрвөн бөх барилдаж гурван хүрэл медаль хүртсэн байна. Хөвгүүдийн хамгийн хөнгөн жинд буюу 50 кг-ын жинд "Алтайн хүчтэн" клубийн бөх Бямбасүрэнгийн Сүхбат хүрэл медаль хүртсэн бол охидын 40 кг-ын жинд хүч үзсэн "Сараево-2015" өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт "Женко" клубийн бөх Баасансүрэнгийн Ойдовчимэд, 44 кг-д Архангай аймгийн Биеийн тамирын дунд сургуулийн бөх Энх-Амгалангийн Уртнасан нар хүрэл медаль зүүсэн юм.


Харин тэмцээний хоёр дахь өдөр охидын 57 кг-ын жинд "Женко" клубийн тамирчин Мөнхцэдэвийн Ичинхорлоо алтан медаль хүртлээ. Мөн Монголын Жүдо Академийн бөх С.Бат-Орших /Монгол Улсын начин Д.Сумьяабэйсийн хүү/ тивийн АШТ-ээс мөнгөн медаль зүүлээ. 

 

Тэмцээний сүүлийн өдөр охидын 63 кг-д "Тэмүүжин" клубийн бөх Ганзоригийн Отгонцэцэг, 70 кг-д Архангай аймгийн Биеийн тамирын дунд сургуулийн бөх Амарсайханы Оюунгэрэл нар хүрэл медалийн тавцанд зогссон юм.

 

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Arhangai bohooroo ssin yuma. Chuluutiin hoshoi delhiin avarga battsetseg bn bas. Bagsh ni sain bn. Dvv nartaa amjilt husie mundag bnaa.
2015-10-13