Концессоор гүйцэтгэсэн зам ашиглалтанд орлоо
2015-10-13

 

Өлзийт хороолол Шувуун фабрик чиглэлийн авто замын засвар шинэчлэлийн ажил дуусч өчигдөр нээлтээ хийлээ. Авто замын барилгын ажил өнгөрөгч тавдугаар сард эхэлж есдүгээр сарын 3-нд бүрэн дуусч улсын комисст хүлээн өгчээ. НИТХ-ын тогтоолыг үндэслэн Улаанбаатар хотод анх удаа төр хувийн хэвшлийн түншлэлээр Концессийн хуулийн дагуу өөрийн хөрөнгөөр барих шилжүүлэх нөхцөлөөр уг ажлыг эхлүүлжээ. Ингэснээр “Ди Ар Жэй” ХХК, Өлзийт хороолол Шувуун фабрик чиглэлийн 9.06 км авто замын засварын ажлыг өөрийн хөрөнгөөр буюу 20.5 тэрбум төгрөгөөр нэг жилийн хугацаанд гүйцэтгэж дуусчээ.

 

Энэхүү зам 9 м өргөн 2 эгнээ зорчих хэсэгтэйгээс гадна дугуйн болон явган хүний зам хийж өгсөн байна. Мөн 26 ширхэг ус зайлуулах төмөр бетон хоолой, 8700 урт метр аюулгүйн хашилт хайс хийж өгчээ. Хамгийн гол нь энэхүү замыг эвддэг нэг хүчин зүйл болж байсан хүнд даацын автомашины зорчих даацыг нэмэгдүүлж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, шинэ зам 44 тонн хүнд даацын автомашиныг нэвтрүүлэх бүрэн хүчин чадалтай аж. Авто тээврийн газрын дарга Л.Нанзаддорж замын суурин хийцийг цементээр бэхжүүлж, суурийн доод үеийг харлуулсан дайргаар нэвчүүлж, 9 см зузаан хучилт дэвссэн гэдгийг хэлж байлаа.

 

“Ди ар жэй” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Батмөнх:  Эвдрэл гэмтэл гарвал бид засварлана

 

Хуулийн дагуу засвар үйлчилгээ хийх гурван жилийн хугацаандаа замын арчилгааг бүрэн хариуцна. Энэ хугацаанд ямар нэгэн эвдрэл гэмтэл гарвал бид засварлана. Бид гэрээ ёсоор эхний 70 хувийн санхүүжилт болох 14.3 тэрбум төгрөгийг авсан. Үлдэгдэл санхүүжилтээ 2016 оны нэгдүгээр сард авна. Манай  компани тодорхой хэмжээний алдагдал, өр зээлний асуудалтай болсон. Үүнийгээ 2016 оны эхэнд авах үлдэгдэл санхүүжилтээр  шийдэхээр төлөвлөж байна. Энэ ажлыг үндсэндээ хоёр зуны турш хийж гүйцэтгэлээ гэв.

 

 

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг:  Иргэдийн өмч хөрөнгийн үнэ цэнэ өснө

 

Хан-Уул дүүрэг Өлзийт Био комбинатыг хөгжүүлэх төлөвлөгөө гаргасан байгаа. Энэ төлөвлөгөөний үндсэн хэсэг нь Өлзийтийг Шувуун фабриктай холбосон энэ зам юм. Энэ зам ашиглалтад орсноор төрөл бүрийн бизнес нэмэгдэх, иргэдийн өмч хөрөнгийн үнэ цэнэ өсөх зэрэг дагалдах олон ач холбогдолтой. Ирэх арваннэгдүгээр сард бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил дуусч ашиглалтад орсноор Өлзийт хороолол жижиг хот болж хөгжих боломжтой гэж харж байна.

 

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
nbbbh:
hot hodoogiin zam svvliin heden jil saihan bolloo saihan bolloo
2015-10-13