“Татгалзсан” санал нэг ч гараагүй байна
2015-10-20

-Бүх ард түмний санал асуулга явуулсны 70 жилийн ойд-

 

 

Санал асуулгад 494960 хүн оролцсон ба “татгалзсан” санал нэг ч гараагүй байна

 

Тусгаар тогтнолоо баталгаажуулж бүх ард түмний санал асуулга явуулсны 70 жилийн ой өнөөдөр тохиож байна. Дэлхийн 2 дугаар дайн төгсөх шатандаа орж, ЗХУ болон БНМАУ нь Японд дайн зарласны дараахан Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх яриа хэлэлцээ ЗХУ, Бүгд Найрамдах Дундад Иргэн Улсын хооронд явагдаж байсан юм. ЗХУ-ын Гадаад явдлын ардын комиссар В.М.Молотов, Бүгд Найрамдах Дундад Улсын Гадаад яамны сайд Ван Си Зе нар 1945 оны 8 дугаар сарын 14-нд нот солилцсон байдаг. Түүнд БНМАУ-ын бүх ард түмний саналыг гаргуулах үндсэн дээр Хятадын Засгийн газраас БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай илэрхийлсэн. Энэхүү асуудалтай холбогдуулан БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид 1945 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хуралдаж 76 дугаар тогтоол гаргажээ. Энэ тогтоолын утга нь “БНМАУ-ын тусгаар тогтнолын асуудлын талаар бүх ард түмний санал асуулга гаргуулах тухай” байсан юм.

 

Тэрхүү тогтоолд 11 асуудал тусгагдсаны дотор бүх ард түмний санал асуулгын хугацаатай холбоотой 2 заалт орсон байв. Нэг нь бүх ард түмний санал гаргуулах ажлын бэлтгэлийг 1945 оны 10 дугаар сарын 10-наас 20-ны хооронд хангахаар заасан байжээ. Тухайн үед зам, тээвэр, харилцаа холбооны хөгжил тааруухан байсан боловч 10-хан хоногт багтаан ард нийтийн санал асуулгын бэлтгэлийг хангаж чадсан байлаа. Бэлтгэл ажлын хүрээнд санал гаргахад оролцох ард иргэдийн нэрийн жагсаалтыг гаргах, нэрийн жагсаалтыг комиссуудаас шалган үзэж баталгаажуулах, саналаа хэрхэн гаргах зэрэг олон ажлуудыг богино хугацаатай, зохион байгуулалт сайтай хийж гүйцэтгэсэн байна. Тогтоолд заасан 2 дахь заалт нь “Бүх ард түмний саналыг тус улсын бүх нутаг дэвсгэр дээр 10 дугаар сарын 20-ны өдөр нэгэн зэрэг гаргуулахаар тогтоосугай” гэсэн байв.

 

 

Санал асуулга гаргуулах тухай тогтоолд тус улсын бүх ард иргэдийг оролцуулахаар заасан нь тусгаар тогтнолоо баталгаажуулахад иргэн бүр оролцох, мөн ард иргэдийн саналыг сайн дурын үндсэн дээр илээр гаргуулахаар журамласан байдаг. Ард иргэдийн саналыг сайн дурын үндсэн дээр гаргуулж, гүйцэтгэлд нь хяналт тавьж байхыг Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдээс орон нутгийн засаг захиргааны бүх байгууллагуудад сануулж, Төв комисст даалгасан байна. Санал гаргах үед ард иргэдийг ямар нэгэн журмаар хавчиж шахсан явдлыг тус улсын Үндсэн хуулийг зөрчсөнд тооцож, хууль ёсоор хатуу шийтгэл хүлээлгэхээр тогтоолд заасан байлаа. Энэ заалтаас харахад тусгаар тогтнолоо баталгаажуулах бүх ард түмний санал асуулга нь ард иргэд анх удаа сайн дурын үндсэн дээр саналаа чөлөөтэй илэрхийлсэн түүхэн үйл явдал болсон юм. Мөн санал гаргагчдын нэрсийн жагсаалтыг дэвсгэр нутгийн зарчмаар буюу ард иргэдийн байнга оршин сууж буй газраар нь гүйцэтгэхээр тогтоосон байв. Баг, хороодын сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн ард иргэд санал гаргах өдөр санал гарах газар өөрийн биеэр хүрэлцэн ирж өөрийн нэрийн доор “зөвшөөрсөн”, “татгалзсан” хэмээх хүснэгтийн нэгэнд гарынхаа үсгийг зурах буюу хурууны хээгээ дарж саналаа илэрхийлж байсан байна.

 

Харин санал гаргах иргэн санал гаргах өдөр байнга оршин сууж буй газраа байгаагүй бол энэхүү санал гаргуулах өдөр оршин байсан газраараа саналаа гаргаж болохоор зохицуулж өгсөн нь ард иргэдийг аль болох бүрэн хамруулах нөхцөлийг бүрдүүлж, сонгох эрхийг нь хүндэтгэсэн явдал байлаа. Санал гаргахад оролцох эрх бүхий боловч өвчин эмгэг тохиолдсон буюу өтлөж хөгширсөн зэрэг онцын шалтгаанаар санал гаргах газраа хүрэлцэн ирэх бололцоогүй байгаа ард иргэдийн хувьд тэдний оршин суугаа газарт нь очиж саналыг нь гаргуулж авч байсан байна.

 

Тогтоолд заасан өөр нэг чухал асуудал нь бүх ард түмний санал гаргуулах явдлыг зохион байгуулж явуулах үүрэг бүхий дөрвөн комисс байгуулсан явдал юм. Нэгд нь Төв комиссыг байгуулж, Төв комиссын даргаар БНМАУ-ын Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд, орлогч даргад Сүрэнжав нарын зэрэг хүмүүс, хоёр дахь комисс нь санал гаргуулах ажлыг эрхлэх аймгийн комиссуудыг байгуулж, дарга нарыг нь томилсон.    Аймаг, хотын комиссын гишүүдэд аймаг, хотын захиргааны дарга, аймаг, хотын үйлдвэрчний зөвлөлийн дарга, эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга, аймаг, хотын эмэгтэйчүүдийн зохион байгуулагч нарыг оролцуулсан байдаг. Тэдгээрээс гадна Сумын болон багийн комисс байгуулж байжээ.

 

Тогтоолоор санал гаргуулах ажлыг зохион байгуулж явуулах зааврыг баталж өгсөн байна.  Зааварт санал авах, дүн мэдээг гаргах, хүргүүлэх, нэрсийн жагсаалт үйлдэх, комиссуудын ажлын зохион байгуулалт гээд тодорхой зохицуулалтуудыг тусгаж өгсөн байв. Тухайлбал, ард иргэдийн санал авахтай холбогдсон тодорхой зохицуулалтыг зааварт оруулж өгсөн бөгөөд БНМАУ-ын сонгуулийн эрх бүхий бөгөөд 18 насанд хүрсэн тус улсын харъяат эрэгтэй, эмэгтэй бүх ард иргэд саналаа гаргана. Зөвхөн ухаан солио хүмүүс үүнд оролцохгүй. Мөн Монгол Улсын нутагт оршин суугаа боловч тус улсын харъяат болоогүй гадаадын иргэдийг энэхүү санал асуулгад оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн байна. Ард иргэдийн саналыг оршин суугаа газраар нь авч, санал гаргуулах ажлыг анхлан баг, хороодоор явуулж, түүний дүнг сум, хороо, аймаг, хот, улсын хэмжээгээр нэгтгэн гаргасан байна.

 

Баг, хороодын комиссууд нь саналыг гаргуулж дуусмагц уг баг, хорооны хэмжээгээр санал гаргуулсан ажлын дүн мэдээг нэгтгэж, түүний дотор саналаа гаргавал зохих ард иргэдийн тоо ба үүнээс саналаа гаргасан хүн, саналаа гаргагчдаас “зөвшөөрсөн”, “татгалзсан” хэд болохыг тус тус тооцон дүгнэж байжээ. Энэхүү дүн мэдээн дээр комиссын бүх гишүүд гарынхаа үсгийг зурж, нэрсийн жагсаалтын хамтаар сум, хороодын комисст нэн даруй хүргүүлж байсан байна.

 

Санал гаргуулах ажлыг эрхэлсэн аймаг, хотын комиссууд нь дүн товчоог сум, хороодоос хүлээн авмагц ерөнхий дүн товчоог аймаг, хотын хэмжээгээр нь даруй гаргаж, аймаг, хотын комиссын дарга, гишүүд гарынхаа үсгийг зураад сум, хороодоос ирүүлсэн бүх материалын хамтаар Төв комисст нэн даруй хүргүүлж байв.

 

Тусгаар тогтнолоо баталгаажуулах бүх ард түмний санал гаргах энэхүү түүхэн үйл явдалд Монгол Улсын сонгуулийн насны 494960 хүн оролцож, “зөвшөөрөв” хэмээн саналаа өгсөн ба “татгалзсан” санал нэг ч гараагүй байна.

 

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн

Shuud.mn
Сонин хачин
зүрх судас:
Хэрэв та Атеросклероз буюу Тархи-Зүрх судасны хатуурал нарийсал, ишеми, Артерийн даралт ихсэх, хуян хөөрөх зэрэг эмгэгээс эрүүлжихийг хүсвэл судас цэвэрлэгч Ли Эр Кан бүтээгдэхүүнийг хэрэглээрэй. Тус бүтээгдэхүүн Монголд зарагдаад 10 жил болж байгаа бөгөөд МУ-д зөвшөөрөлтэй бүтээгдэхүүн юм. Утас 96665038 10 жилийн ойд тохиолдуулан 1 бүтээгдэхүүний урамшуулалтай байгааг сануулъя. Бүтээгдэхүүний танилцуулга линкийг орууллаа. httpswww.youtube.comwatch?v=CBGK4Pu-94I
2015-10-20