УИХ-ын чуулганы хуралдаанаар Хилийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Гишүүд уг хуулийн төсөлтэй холбогдуулан хилийн цэргийнхний шилжилт хөдөлгөөнийг одоо хийх нь зөв эсэх дээр байр сууриа хэлж байлаа. Энэ хуулийн төслийг гишүүн Х.Тэмүүжин дэмжихгүй байгаа бол Ц.Нямдорж гишүүн дэмжиж байгаагаа хэлсэн. Харин О.Баасанхүү гишүүн дэмжиж, асуудалд нухацтай хандахыг анхааруулж байлаа. УИХ-ын М.Зоригт:
-Би энэ хуулийн төслийг дэмжиж байна. Хил хамгаалах чадвар буурсан. Гадаадын харьяатынхан үйлчилгээ гэж ойлгоод байдаг. Энэ хүрээнд гадаадын харьяатын гоё гоё охидууд гарсан. Зарим хилийн боомтууд дээр охид нь жирэмсэн болоод штанб дарах хүнгүй болсон. Хяналт багассан дутагдал байна. Амьдрал дээр хил боомтоор явахад асуудал байна гэсэн юм.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Хилийн шалган дээр холбоотой асуудлыг ярих явцад хил дээр байгаа албадуудын чиг үүрэг, уялдаа холбоо ямар байгааг мэдэх ёстой. Машинд хүний цогцос орж ирж байна гэдэг чинь ноцтой асуудал. Гэтэл манай тогтолцоо өөрөө болохгүй байна. Гаалийн байгууллагыг зөвхөн татвар хураадаг байгууллага гэж ойлгодог. Тэнд хууль бус зүйл явагдаж байгааг гааль хянаж байгаа. Ц.Нямдорж гишүүн Хуульзүйн сайд байхдаа өөрөө Гадаадын иргэн харьяатын байгууллагыг хийсэн. Хил хамгаалах байгууллага энэ байгууллагуудтай харилцан уялдаатай харилцахаас гадна Батлан хамгаалах, тагнуултай холбогддог. Хил хамгаалах үйл ажиллагааг цогцоор нь харахгүйгээр зохицуулах гэж байгаа бол буруу. Би энэ хуулийн 10 зүйлийн 7-г нь дэмжиж байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Энэ хуулийн төслийг нухацтай хэлэлцэхгүй л бол болохгүй. Манай Засгийн газрын үед хилийн цэрэг, хил хамгаалал, гааль, боомтын асуудалд зохицуулалт хийсэн. Хил дээр очихоор дээр байгууллагууд хэн нь атаман бэ гэдэг дээрээ маргалдчихсан байдаг байсан. Хилийн болон гаалийн функцыг зөв болгочихлоо гэж ярьсан. Гэтэл одоо өмнө нь гаргасан концевцийг бужигнуулаад байна гэсэн юм.
Гишүүд ийнхүү үг хэлсний дараагаар Хилийн цэргийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх санал хураалт явуулав. Гишүүдийн олонхийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Н.Энх