Хэмнэлтийг төрийн байгууллагууд эсэргүүцэх хэрэггүй
2015-10-27

З.Энхболд: Маш ойлгомжтой хэмнэлт хийж байгаа учир төрийн байгууллагууд эсэргүүцэх хэрэггүй

 

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 10.00 цагт 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж бус асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

 

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын ажил дуусахын хооронд Хууль зүйн яам руу шилжүүлэх шаардлага байна уу хэмээн лавласан. Тэрбээр, хууль зүйн салбарын ажилтнуудын цалинг бууруулах асуудал яригдаж байна. Энэ асуудлыг зөв авч үзэхгүй бол энэ салбарт цалин шаардлагагүй хүмүүс ажилладаг юм байна гэсэн ташаа ойлголт олон нийтийн дунд төрөх нь. Тийм болохоор энэ салбарын ажилтнуудын одоо авч байгаа цалин, ирэх оны төсөвт цалин хэр хэмжээгээр буурахаар тусгагдсаныг сонсмоор байна. Тухайлбал, хорих газрын хянагч хэдэн төгрөгийн цалин авч байна вэ гэж асуусан.

 

Сангийн сайд Б.Болор, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах албаны асуудлаар Засгийн газар нэлээд ярилцсан. Энэ ажлыг гүйцэтгэдэг комисс үүргээ гүйцэтгэсэн гэж үзсэн бөгөөд эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед Хуульзүйн яаманд харьяалуулан, ажлыг нь гүйцэтгүүлээд явах боломжтой гээд энэ саналыг гаргасан. Цалин бууруулах асуудлыг ганц хууль зүйн салбар гэж ялгаж оруулж ирээгүй. Төрийн албан хаагчдыг цомхотгосноос цалинг нь тодорхой хэмжээгээр бууруулах олон улсын жишгийг дагах нь зүйтэй гэж үзсэн хэмээн хариулсан юм. Түүний дараа Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд багтдаг агентлагуудын удирдлагууд ажилтнуудынхаа одоо авч байгаа цалин, цаашид буурах хувь хэмжээг төсөлд хэрхэн тусгасан талаар тус бүртээ танилцуулсан юм.

 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих газруудад харуул хамгаалалтын ажил хийдэг 3000 гаруй хүн 480-550 мянган төгрөгийн цалинтай бөгөөд тус агентлагийн цалингийн санг ирэх оны төсөвт 3 тэрбумаар бууруулсан учир цалин 10 хувиар буурахаар байгаа аж. Хил хамгаалах байгууллагын төсөв 4.6 тэрбумаар буурсан бөгөөд 480-520 мянган төгрөгийн цалинтай, хилчин, харуулын даргын цалин мөн 10 хувь буурахаар байгаа юм байна. Цагдаагийн албан хаагчид 570-630 мянга, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрынх 530-600 мянга, Тахарын ерөнхий газрынх 480-550 мянга, Хууль зүйн туслалцааны төвийнх 360-660 мянга, Улсын бүртгэлийн ерөнхий газрынх 650-700 мянга, Хүний эрхийн үндэсний комиссынх 500-750 мянга, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ажилтнууд 350-900 мянган төгрөгийн цалин авч байгаа бөгөөд энэ хэмжээ мөн 10 хувиар буурахаар төсөлд тусгагджээ.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, анхан шатны шүүгчийн цалин 62 хувь, давж заалдах шатны шүүгчийн цалин 63.4 хувь, хяналтын шатны шүүгчийн цалин 56.8 хувиар буурахаар байгаа гэж хариулсан юм.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Цалинг хасах биш нэмэх ёстой гээд зарим хөрөнгө оруулалтын зардлуудаа хасвал төрийн албан хаагчдын цалинг хасахгүй байх боломж бий юу гэж лавласан. Сангийн сайд Б.Болор, Цалинг тодорхой хэмжээгээр бууруулах нь эдийн засаг хүндэрсэн үед бусад улс орнуудад авч хэрэгжүүлдэг л арга хэмжээ. Эдийн засаг сайжирсан тохиолдолд тухай бүр нь нэмээд явах бололцоотой. Ирэх оны төсвийг аль болох хэмнэлттэй байхаар тооцон боловсруулсан гэж хариуллаа.

 

 

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Шүүх, Авлигатай тэмцэх газар, Үндсэн хуулийн цэцийн цалинг бууруулах хэрэгтэй. Хамгийн хүнд хүчир ажлыг хийдэг цагдаа, хүчний байгууллагын ажилтнуудын асуудлыг анхаарах ёстой гэж хэлсэн.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль ирэх оноос хэрэгжинэ. Энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд цахим бүртгэлийн системийг нэвтрүүлэх шаардлагатай хэмээгээд үүнд шаардагдах тоногт төхөөрөмжийг худалдан авах мөнгийг төсөвт тусгах шаардлагатай гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, төсвийн хөрөнгө оруулалтаар барих обьектын жагсаалтыг гишүүд нэг эргэн хараарай хэмээсэн. Тэрбээр, хуулийн салбарыг зохистой түвшинд нь авч явах ёстой гээд сумдын цагдаа нарт зориулсан кобоныг барьж дуусгах зардлыг тусгах, төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн ажлыг дуусгах зардлыг мөн нэмж тусгах хэрэгтэй гэсэн санал гаргасан юм.

 

УИХ-ын гишүүн З.Энхболд, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд багтдаг байгууллагын удирдлагуудаас сүүлийн 10 жилд төсөв нь хэрхэн өсч ирснийг тодруулсан юм. Зарим агентлагийн удирдлага 10 жилээр тодорхой тоог хэлэх бэлтгэлгүй байсан бөгөөд ЦЕГ-ын төсөв 2010 онд 60.1 тэрбум байсан бол 2015 онд 142.9 тэрбум болж нэмэгдсэн гэсэн мэдээллийг өгсөн. Түүнчлэн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрынх 2011 онд 1.8 тэрбум байсан бол 2015 онд 9.6 тэрбум, Үндсэн хуулийн цэцийнх 2011 онд 436 сая байсан бол 2015 онд 812 сая, Хүний эрхийн үндэсний комиссын төсөв 2010 онд 233 сая байсан бол 2015 онд 869 сая, Улсын бүртгэлийн ерөнхий газрынх 2010 онд 15.2 тэрбум байсан бол 2015 онд 18.8 тэрбум болж нэмэгдсэн байна.

 

 

Үүний дараа гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Энхболд, “Нийт улсын төсөв хамгийн багадаа 5 дахин, хамгийн ихдээ 10 дахин тэлсэн байна. Сүүлийн 10 жил. Би процентоор яриагүй, “дахин” гэж ярьж байна. Энэ их тэлэлт бол түүхий эдийн үнэ өндөр байсан үетэй шууд холбогдож байгаа юм. Шууд пропоциональ байдлаар. Орлого нэмэгдлээ, зарлага түрүүлж нэмэгдээд байсан. Одоо нөгөө орлого алга болсон, тиймээс 10-хан хувийн хасалт хийхэд эсэргүүцэж болохгүй шүү дээ. Би 10 дахин хасалт хийе гээгүй, ердөө 10-хан хувь. Үүнийгээ төрийн захиргааны төв байгууллагууд, яамд, агентлагуудын хүрээнд л хийж байна. Сүүлийн 20 жил сургууль, эмнэлэг угаасаа механик өсөлттэй байгаа. Хүн амын тоо нэг саяар нэмэгдлээ. Иймд сургууль, цэцэрлэг, эмнэлэг нэмэгдэхээс өөр аргагүй. Би энд дарга нарын тухай яриад байгаа юм. Төсвийг бүрэн дэмжиж байгаа, нэг их хөдөлгөөн гаргалгүй хэлэлцэж, баталмаар байна. Параметрээ барьчих юм бол дотроо хөдөлгөөн хийж болно. Жишээ нь, Ц.Нямдорж гишүүн шиг кобоноо дуусгая, нөгөө хөрөнгө оруулалтаа больё ч гэдэг юм уу. Ийм ажил хэрэгч саналууд ярьмаар байгаа юм. Түүнээс биш С.Бямбацогт гишүүн шиг “Цалин нэмье” гэдэг популист саналыг хэдүүлээ больё. Сая бүх байгууллагуудаас хэрэг болгож асуудгийн учир нь зөвхөн та нар биш, Улсын Их Хурлын төсөв хүртэл 6-7 дахин нэмэгдсэн. Улсын Их Хурал 6-7 дахин нэмэгдсэн энэ төсвөөсөө 10 хувийг энэ жил ямар ч асуудалгүйгээр хасч байгаа. Цалингаа 30 хувь хасуулж байна, УИХ-ын Тамгын газрын бус, гишүүдийн зөвлөх туслахууд орон тооны цомхотголд зарим хэсэг нь орж байна. Энэ мэтээр бид үлгэр жишээ үзүүлж байгаа юм.

 

Ер нь энэ түүхий эдийн үнэ өндөр байх үеийн орлогодоо нэгэнт хүрэхээ больсон нь тодорхой учраас зарлагаа бууруулья. Хамгийн багадаа 5, хамгийн ихдээ 10 дахин өсөлттэй байгаа. Тэгэхээр бид төрийн захиргааны төв байгууллага буюу яамд, агентлагуудын хүрээндээ 10-хан хувийн хасалт хийе гэж байгаа юм. Урсгал зардлыг нь 10 хувиар хасна. Төрийн үйлчилгээ буюу эмнэлэг, сургууль, цэцэрлэг бол тэртээ тэргүй хүн амын өсөлттэй холбоотой учраас өсөхөөс өөр аргагүй юм. Тэгэхээр яам, агентлагийнхаа хүрээнд төрийн үйлчилгээний байгууллагуудын төсөв рүү нэг их оруулалгүйгээр төв аппаратынх нь 10-хан хувийн цалинг хасья, улс төрийн болон төрийн өндөр дээд албан тушаалтнууд цалингийн 30 хувийнхаа хэмнэлтийг маргаан хийхгүйгээр хүлээн авчих. Янз бүрийн тайлбар хийгээд байвал ажил явахгүй.

Маш ойлгомжтой хасалт хийж байгаа. Тэрийг төрийн байгууллагууд эсэргүүцэх хэрэггүй. 10 дахин бууруул гээгүй, 5 дахин бууруул гээгүй, 2 дахин бууруул гээгүй. 10-хан хувийн хасалтыг тэвчиж сур. Тэрэндээ зохицож амьдар. Одоо болихгүй бол улсын төсөв 1 их наяд төгрөг, хувийн хэвшилд очих ёстой мөнгийг зээлээд 3 жил, 4 жил болж байна шүү дээ. Сүүлийн 5 ч жил зээлэв үү. Төсвөө алдагдалтай баталдаг, 1 их наядаар. Тэр мөнгөө зээлдэг. Уг нь тэр мөнгө чинь хувийн хэвшилд зээл болж очоод ажлын байр үүсгэж байх ёстой мөнгө шүү дээ. Бодлогын ийм сонголтыг Засгийн газар хийсэн учраас би дэмжиж байгаа. Одоогийнхоо параметр дотроо гишүүд саналаа гаргавал зүгээр байна. Үүнийг хасаад, ингэе гэдэг санал. Тэрнээс биш цалин нэмье, тийм эх үүсвэр шинээр тавья гэдэг саналыг хэрхэвч дэмжиж болохгүй. Гишүүдэд би саналаа гаргахдаа энэ чиглэлээр гаргаач ээ гэдэг хүсэлт гаргаж байна. Хоёрдугаарт, Сангийн яам сүүлийн 10 жилийн байдлаар төсөв зарцуулдаг бүх байгууллагын тоог хүснэгтээр гаргаад Улсын Их Хурлын гишүүд болон олон нийтэд нээлттэйгээр вэб сайтад байршуулаад, хэвлэл мэдээллээр мэдээл! Сүүлийн жилүүдэд төсөв хэрхэн өссөнийг бүгд харах хэрэгтэй. Энд байгаа олон дарга нар 5 жилийн өмнө төсвөө мэдэхгүй байна. Та нарын дотор сүүлийн 5-аас илүү жилийн хугацаанд дарга хийж байгаа хүмүүс бий. Үүнийгээ нөхөж мэдэж ав. Та бүхний цээжээр мэдэж байх ёстой тоо юм” хэмээсэн. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ц.Нямдорж, С.Бямбацогт, Ө.Энхтүвшин, Д.Ганбат нар байр сууриа илэрхийлсэний дараа гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан.

 

Хуулийн зүйл заалт Төрийн албаны тухай хуулийн 38.2-т заасантэй зөрчилдөж байгаа учир цалин бууруулахтай холбоотой хасагдсан зардлыг 2016 оны төсөвт эргүүлэн суулгах саналыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын гишүүд гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь дэмжлээ. Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарын гаргасан Газрын тосны ТЭЗҮ хийх зардлыг хасан түүнийг цагдаагийн 16-17 кобон барихад зарцуулах, төрийн тусгай албан хаагчийн эмнэлгийн барилгын ажлыг дуусгах гэсэн саналууд олонхын дэмжлэгийг авсан юм. Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

 

Шүүгчдийн цалинг хатуу тоогоор тогтоох нь зөв гэж гишүүд үзлээ

 

Үүний дараа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Авлигын эсрэг хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Шүүгчийн цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эдгээр хуулийн төслүүдийг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн юм.

 

 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асууж, хариулт авсан. Тэрбээр шүүгч нарын цалинтай холбоотой асуудлыг хөндөн асуусан бөгөөд зарим шүүгчид хэрэг шийдэхдээ хойрго ханддаг хэмээн шүүмжилсэн. Хуралдаанд оролцсон гишүүд, тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, З.Баянсэлэнгэ нар шүүгчдийн цалинтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Харин УИХ-ын гишүүн Л.Цог, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссыг Хууль зүйн яам руу шилжүүлэх асуудлыг дахин ярилцах шаардлагатай хэмээсэн.

 

Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Энхболд, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шүүгчийн цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслөөс бусад хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй учир анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, шүүгчдийн цалинг итгэлцүүрээр тогтоох бус хатуу тоогоор тогтоох нь зүйтэй гэсэн санал гаргасныг гишүүдийн олонх дэмжин Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд танилцуулахаар боллоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Баадай:
УБЕГ-н ажилтан болон хэрэг бүртгэгч шинжээч, цагдаагийн ажилтан гм 600000-с доош төгрөгийн цалин авдаг хүмүүс 10 хувийн хасалтад хамрагдах гээд байгаа юм бишүү. 600000-с дээш цалинтай хүмүүсийн цалинг хасахаар тогтоовол зохино
2015-10-27
зочин:
Цалингийн санг 10 хувиар хасч байгаа биз дээ, тэгвэл хасагдсан сандаа багтаагаад орон тоогоо цөөлчих, тэгвэл тухайн албан тушаалын цалинд өөрчлөлт орохгүй
2015-10-27