Марк Руффола: Эмэгтэй хүнийг гомдоодог эрчүүд их болжээ
2015-11-05

Холливуудын нэрт жүжигчин Марк Руффола өчигдөр “ABC телевизийн “Jimmy Kimmel Live” шоунд оролцжээ. Тэрбээр сүүлд “Spotlight буюу “Гэрэлтүүлэг” кинонд тоглосон юм.

 

 

-Амьдрал сайн уу. Сүнсний баяраар хэний дүрд хувирав?

 

-Халк. Ногоон үлэмж биет. Би анх удаагаа энэ жил олон уут, олон ширхэг чихэр идсэн. Чихэр үнэхээр амттай. Гэхдээ тааруулж идэх хэрэгтэй.

 

-Олон уут чихэр идсэн шалтгаан бий юу?

 

-Тиймээ, би ялагдсан. Шийтгэл нь чихэр идэх байсан юм. Эрчүүдийн тоглоом хатуу шүү дээ. Чи ч мэдэж байгаа байх. Амласандаа хүрдэггүй эр хүнийг тэнэг гэхэд болно.

 

-Ганц ч удаа амласнаа зөрчиж, тэнэг хэмээн хэлүүлж байгаагүй гэж үү?

 

-Би бол жинхэнэ эр хүн. Зөрчөөгүй зүгээр л мартсан тохиолдол бий. Ер нь амласан зүйлээ биелүүлэх хэрэгтэй. Хэрвээ биелүүлж чадахгүй бол бүү хэл. Хамгийн сонгодог, шалгарсан арга бол энэ. Эмэгтэй хүнийг гомдоодог эрчүүд их болжээ. Тэд гэрлэхдээ насан туршдаа хайрлах болно хэмээн хэлдэг. Чиний амлалт чиний амнаас гарч буй. Мэдэхгүй юм даа. Хүмүүсийн сэтгэхүй их өөрчлөгдөж байна.

 

-Эцэг хүний хувьд энэ бүхэн таны сэтгэлийг зовоодог байх?

 

-Би аав хүн. Би уран бүтээлч хүн. Кинонд тоглох үедээ гэр бүлээ хойш нь тавих нь их. Хүүхдүүдийнхээ нийгмийн асуудалд оролцохгүй явсаар байгаад хөндийрөх үе зөндөө. Би хүүхдүүдээсээ ганцхан зүйлийг хүсдэг. Тэр бол үнэн ярих. Үнэн зүйлийг ярихдаа хүртэл хачиргүй, зөвөөр өгүүлэхийг хүсдэг.

 

-Хоёулаа сүүлд тоглосон уран бүтээлийн чинь талаар ярилцах уу. Энэ кинонд үнэний тухай өгүүлж байгаа?

 

-Тиймээ. Би “Гэрэлтүүлэг” кинонд “The Boston Globe” сонины сурвалжлагчийн дүр бүтээсэн. Бодит явдлаас сэдэвлэсэн учир олон хүнд таалагдах байх. Үзгээрээ үнэнийг өгүүлэх үнэхээр бэрх гэдгийг энэ киноны явцад ойлгосон. Үзэгнээс чинь гарч буй бэх зөвхөн үнэний тухай өгүүлэх ёстой. Баллах, алдах гэх зүйл байхгүй. Чи үргэлж бичиж буй зүйлийнхээ хариуцлагыг хүлээх болно.

 

 

-Америкчууд “Гэрэлтүүлэг” киноны үйл явдлыг мэднэ. Бостоны католик сүмийн удирдлагууд бага насны хүүхдүүдийг хэрхэн хүчирхийлж, зугаагаа хийдэг байсныг... Үнэхээр эмгэнэлтэй?

 

-Тиймээ, үнэхээр аймшигтай түүхийг мэдсэн тэр он. 2002 он. Арав гаруй жилийн өмнө томчууд шашин нэрээр бага насны хүүхдүүдийг бэлгийн  боолчлолд оруулдаг байсныг баримттай бас гэрчтэйгээр мэдсэн. “The Boston Globe” сонины сурвалжлагчид удаан хугацааны турш мөрдлөгө, судалгаа явуулсны үр дүнд Бостоны католик сүмийн хуврагууд хэрхэн бага насны хүүхдүүдийг хүчирхийлж, дарамталж буйг олж мэдсэн. Эдгээр үзэг барьсан хэдэн залуугийн ачаар америкчууд жинхэнэ үнэнг олж мэдсэн. Би дүрийн судалгааны явцад шашин үнэхээр байх ёстой гэж үү гэх бодол төрсөн. Би христийн шашинтай. Би өдөр бүр Есүс Христэд залбирдаг. Гэхдээ киноны дараа шашинд итгэх үзэл минь буурсан.

 

-Найруулагч Том Макартни энэхүү киног “Энэ бол гунигтай түүх. Хэлж чадахгүй үнэн түүх” хэмээн тодорхойлсон?

 

-Тиймээ. 2002 онд хүчирхийлж, бие сэтгэл санааны хохирол амссан тэр хүүхдүүд өнөөдөр 15-20 настай байгаа. Тэдний нас тийм ч их биш мөртлөө, үзсэн зүйл нь хэтэрхий ахадмаар.

 

-Та жинхэнэ хохирогчтой уулзсан уу?

 

-Тиймээ уулзсан. Жинхэнэ нэрийг хэлэхгүйгээр зүгээр л Лаура гэж хэлье. Лаура тус сүмд дуулдаг байсан гэсэн. Сүмийн хангамж сайн байсан учир хүүхдүүд их ирдэг байсан гэсэн. Сүмийн удирдлагууд тэдэнд зориулан байр бэлдэж өгч, итгэлийг нь олж авсан гэсэн. Жилийн дараа бүх зүйл өөрчлөгдсөн гэсэн. Бурхан минь ингээд зогсох хэрэгтэй байх.

 

-Шашинд итгэх таны итгэл буурсан уу?

 

-Бүх сүм ариун байгаасай хэмээн бодож, итгэж байна.

 

-Бэлгийн боолчлол гэх мэт зүйл өнөөдрийг хүртэл шашны хөшигний ард байгаа болов уу?

 

-Сайн мэдэхгүй байна. “The Boston Globe” сонин зөвхөн нэг үнэнг дэлгэсэн.

 

-“Гэрэлтүүлэг” кинонд маш олон гайхалтай жүжигчин тоглосон. “Хүн шувуу” киноны од Майкл Кийтон, Мики Резендес, Жон Слаттери, Станли Туси гэх мэт. Та нарыг нэг баг болсон гэхэд би их баярласан. Олон сая үзэгчид ч баярласан байх?

 

-Тиймээ, үнэхээр гайхалтай багийг найруулагч бүрдүүлж чадсан. Нөхдөөрөө бахархаж байна.

 

 

-Та бүхний тоглосон “Гэрэлтүүлэг” кино “Оскар”-т нэр дэвшсэн. Ялалт байгуулах магадлалтай киногоор нэрлэгдэж байгаа?

 

-Энэ бол зөвхөн таамаг.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин