Дээд боловсролтой Түшээд
2015-11-09

Оройгүй баян, дэлхийн тэрбумтан Билл Гейтс чинь хөөрхий “дипломгүй” гэж байна. Манайхны шоглодгоор бол дээд боловсролгүй юм байна чааваас. Амралтын өдрүүдэд зарим сайтын зугаа болгосон С.Ганбаатар гишүүний мэргэжил боловсролын талаарх шар хар мэдээг уншиж суухад эрхэм гишүүдээ мэргэжил боловсролоор нь нэг эрэмбэлчихмээр оргиод. Улс төр, эдийн засаг, удирдахуй төлөвлөхүйн ухаанаар түвшин тогтоох шалгалт авах хөдөлгөөн ч өрнүүлмээр санагдах шиг.

 

Ухаан нь ЗХУ-ын Харьков хотын дээд сургуулийг Инженер-эдийн засагч мэргэжлээр төгсөж явсан Г.Батхүү гишүүнд архи пивоны үйлдвэрийн салбарт амжилттай бизнес эрхлэхэд нь анкетан дээр бөглөсөн байгаа энэ мэргэжил нь ямар нөлөө үзүүлсэн бэ. Ерөнхий сайдыг энэ албандаа өрсөлдөхөд эдийн засгийн ямар мэдлэгтэй, дипломтой талаар намаас нь хэн асуусан юм бэ.

 

1981 оны их сургуулийн төгсөгч, биофизикч, физикийн багш Н.Алтанхуяг АН-ын тамгыг хамгийн удаан гартаа атгасан байх юм. Мэргэжил нь нөлөөлсөн үү ... гэх мэт балай асуултын цомог хөврүүлж болохоор. Хөндсөн сэдэвтэй холбогдуулж  зарим нэг түшээгийн анхны мэргэжил, гардсан дипломыг сонирхож “НЭТ” ухлаа.

 

Анх БНСЧУ-ын Карлын Их сургууль төгссөн Геохимич мэргэжилтэй С.Оюун гишүүн уул уурхайн яаманд нэг ч удаа томилогдож байсангүй. Байгаль орчны л сайдад дархлагдсаар ирсэн. 

 

О.Содбилэг гишүүний төгссөн сургуулиуд бол над шиг гадаад хэлний галиг дуудлага муутай хүнд бол хэл хугалмаар Швейцари улсын Кеймбриджийн Эйллон коллежийг 1998 онд төгссөн.  2002-2006 он АНУ-ын Жоржтауны их сургуулийг төгссөн... гээд хөвөрч байна.

 

Байр суурь нь бөв бөөрөнхий болчихоод байгаа ҮЭ-ийн байгууллагыг шууд удирдуулмаар боловсрол эзэмшсэн түшээгээр бол олноо “Лу” хэмээн дуудагдсан Болд гишүүнийг нэрлэж болж байна. Тэрбээр 1983 онд ХБНГУ-ын Бернаугийн үйлдвэрчний эвлэлийн Хөдөлмөрийн дээд сургууль төгссөн.

 

Аль ч салбарт очсон аргыг нь олоод аваад явчихдаг гэгддэг Хөдөлмөрийн сайд асан С.Санжмятав гишүүн 1981-1984 онд Эрдэнэт үйлдвэрт ажилчин, бригадын дарга хийж явсан гэж намтартаа бахархан буулгасан байх. 1989 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг Мал зүйч мэргэжлээр төгссөн. 

 

Монголын тэргүүн баячуудын нэг Нямтайширын хүү Номтойбаяр бол хилийн чанадад жил хэмнэж хос мэргэжлээр төгссөн юм байна. 1997-2001 АНУ-ын Индиана мужийн Валпарайсо Их сургууль Улс төрийн шинжлэх ухаан, Практик бизнесийн хос мэргэжлээр төгссөн гэж зурайлгажээ. Цааш нь инженерчлэлийн магистр, Бизнесийн удирдлагын магистр гэх зэргээр энэ боловсролоо төгөлдөржүүлсэн бололтой. Мөн манай 76 дотор Ерөнхий цэргийн командын хуягт машины ашиглалтын инженер байна. Энэ түшээ бол Мишигийн Содономпил.

 

За цаашлаад зураач түшээ ч мөн байна. Женко гэдгээр дуудах нэрээ тодотгосон Х.Баттулга гишүүн 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг зураач мэргэжлээр төгссөн гэсэн анкеттай. Гэхдээ бусадтайгаа адил улс төрийн их албанд зүтгэхэд нийцүүлж эдийн засагч, эрх зүйч, удирдахуйн магистр гэсэн энэ тэр цол чимгэнд улайраагүй бололтой. Өөр их дээд сургуульд сурсан, төгссөн магистрт хүрсэн зэрэг бичээс харагдсангүй.

 

С.Ганбаатар гишүүнтэй төстэй гэмээр хоёр жилээр сургууль дамжсан түшээ байна. Д.Ганхуяг гишүүний намтрыг харвал 1982-1984 онд Улсын багшийн дээд сургуулийн Физикийн факультет гэсэн бол жилийн дараа 1985 онд Япон улсын Токио хотын Гадаад хэлний дээд сургуульд гэж үргэлжилжээ. Цааш японоороо дагнасан бололтой. 1989 онд Киото хотын Политехникийн дээд сургууль Хими технологийн инженер мэргэжлээр  гээд л хөвөрч байна.

 

Төсөв хэлэлцэх үеэр татан буугдах болчихоод байгаа Усны сав газрын даргаар шууд тавьчихмаар мэргэжилтэй түшээ байна. Д.Батцогт гишүүн. 1986-1992 онд ОХУ-ын Москва хотын Усны аж ахуйн дээд сургуулийг Усны инженер мэргэжлээр анх төгсөж байж.

 

Манай Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн суурь мэргэжил бол түүхийн багш юм байна. Түүний анкетаар бол 1991 онд ОХУ-ын Москва хотын Хүмүүнлэгийн их сургуулийг Түүхийн багш мэргэжлээр төгссөн гэж зурайж байна.

 

Нэг төгсөлтөөр цэрэг армийн командын чадвар болон бусад мэргэжлийг бөөндсөн гишүүнээр сайд С.Эрдэнийг нэрлэж болохоор. Тэрбээр 1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг Цэргийн команд, эрх зүйч, өмгөөлөгч гэсэн мэргэжлээр төгссөн гэж бичсэн байна.

 

Мөн л армитай амьдрал нь холбогдохоор байсан гишүүн бол Д.Ганбат. Тэрбээр 1984-1989 онд ЗХУ-ын Киев хотын Цэргийн инженерийн дээд сургуулийг инженер, механикч мэргэжлээр төгссөн гэж байна. Нэг тийм цаг үеийн цэргийн зургаа олон нийтийн сүлжээнд тавьсан байсан нь санагдлаа.

 

Элгээрээ хэвтсэн Эрүүл мэндийн яамны сайдад мэргэжлээрээ илүүрхэж мэдэх өрсөлдөгчөөр Гарьдхүүгийн Баярсайханыг нэрлэж болохоор. Тэрбээр 1997 онд Анагаах ухааны их сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгсөж байж дээ.

 

“Хойно” буюу хуучнаар ЗХУ-д адилхан мэргэжлээр төгссөн хоёр түшээ байна. Р.Амаржаргал гишүүн. ЗХУ-ын Москва хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль Эдийн засагч мэргэжлээр гэж байгаа бол Ц.Оюунгэрэл гишүүн ЗХУ-ын Свердловскийн Улс ардын аж ахуйн дээд сургуулийг мөн Эдийн засагч мэргэжлээр төгссөн байна. Улс төрд орсноор Р.Амаржаргал гишүүн ерөнхий сайд хийж байсан бол Ц.Оюунгэрэл гишүүн салбараасаа нэлээн төөрч Спорт, аялал жуулчлалын сайдаар сонгогдож байсан.

 

Тун ховор мэргэжлийг их эрт эзэмшсэн түшээдийн нэг бол Р.Бурмаа сайд юм байна. 1982 онд БНБАУ-ын Софи хотын Техникийн их сургууль Электроникийн инженер мэргэжлээр төгссөн. Үүн дээр олон нийтээс бараг эм зүйч байх гэж таах гээд байдаг Л.Эрдэнэчимэг гишүүн мөн л Болгар улсад ном барьсан юм байна. Тэрбээр 1984-1990 онд БНБАУ-ын Софи хотын Их сургуулийг биологич мэргэжлээр төгсөж байж дээ. 

 

Эмэгтэй түшээдээс бага эмчээс эрх зүйч болсон З.Баянсэлэнгэ гишүүн байна. 1994 онд Дархан хотын Анагаах ухааны дунд сургуулийг Бага эмч мэргэжлээр төгссөн бол 2003 онд Цагдаагийн академийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн гэж байна. Одоо бол Барилга хот байгуулалтын сайд.  

Барилгын салбарт хүчээ үзэж босч ирсэн Д.Арвин гишүүн бол анх Түүхийн багш мэргэжлээр гарч ирж байж. Монгол Улсын их сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр төгссөн.

 

Түшээдийн энэхүү товч намтрын  мэдээллийг цааш дэлгэрүүлэн харахыг хүссэн хүмүүст өөрийн эх сурвалж болгосон  https://www.facebook.com/media/set/?set=a.322706664509073.73847.321829981263408&type=1 гэсэн линкийг үлдээгээд цааш товчльё.

 

Энд хэлэхэд, улс төрд сүүл хэсэгт түүчээлсэн түшээд бараг бүгд л үндсэн мэргэжлээ “гээжээ”. Их улс төрд орсны дараа Удирдлагын хөгжлийн институти, Удирдлагын акедеми зэрэг түргэвчилсэн сургуулиар дамжин удирдахуйн болон эрх зүйн магиструуд болж боловсролоо төгөлдөржүүлсэн намтартай байгаа юм. За тэгээд зарим нь сонгуульд унаж гадаад руу гэнэт “алга” болохдоо тэндээ “том” сургуулиуд дүүргэсэн гэдэг.

 

Манай 76 түшээ дотор эмч доктор ч байна. Эрдэмтэн багш ч байна. Инженаар ч байна. Биохимич байна. Цэрэг командын дарга ч байна. Эдийн засаг ч байна. Ажилчин тариачин буюу мэргэжилгүй хүн гэж бол байхгүй. Бас хувьдаа бизнесгүй  гишүүн байхгүй. Огт дээд сургууль төгсөөгүй гишүүн бол ёстой байхгүй.

 

Харин сүүлийн хэдэн өдөр дээд боловсролгүй гэдэг “муу” номинацид ганц гишүүнийг тавьчихаар нэлээн үзэв. Тэр хүн нь Оюутолгойн оройгүй булхайг үнэнээр нь хэлдэг ганц дайчин бие даагч С.Ганбаатар гишүүн. Хилийн чанадад бэрхийг туулж олон сургуулийн босго давж чадсан ч хамгийн сүүлд эх орондоо Политехникийн дээд сургуулийнхаа дипломыг авсан. Хөдөлмөрийн эдийн засагчаар төгссөн. Гэхдээ түүнд одоогийн бүх улстөрчөөс илүүрхэх юм бий л дээ. Юмыг голтой мэдлэгтэй хэлдгээрээ шударга, харийнхнаас баялгаа харамладгаараа эх оронч имижийг бүрдүүлж чадсан нэгэн.

 

Дээд тоо үзэж төгссөн гэдэг эдийн засагч улстөрчид Оюутолгой дээр улаан цайм холгуулж байгаа Монголын их алдагдлыг бодож гаргаад “факт” болгосон, ил гаргасан нь хаана хэзээ байсан юм. С.Ганбаатар л дуугарсан. Тэр хэрээрээ тэрбумтан хэддээ мэрүүлж, над мэтэд популист гэж чичлүүлж байдаг нэгэн.

 

Ер нь бол манай улстөрчид мэдлэг боловсрол ба гардсан дипломоороо шалгарч гарч ирсэн мэт бие биенийгээ бөөрөлхөх гэвэл тэдний 20 жилийн хуучраагүй намтрыг сайн мэдэх иргэд бас хажуугаас нь ярина л даа.

 

Манай түшээд анхнаасаа улстөрч, Их хурлын гишүүн болохоор заяагдаж төрцгөөсөн биш. Мэргэжил диплом энд тийм чухал биш. Гэхдээ зарим нэг нь чухал сэдэв болгоод байх юм.

 

Маш товчоор хэлэхэд, эрхэм түшээ улстөрчдийн энэ хүртэлх замнал болоод одоо үзүүлж байгаа үлгэр жишээг харвал бидэнд мэргэжлийн улаан дипломтой магистр, доктор “гишүүд” бус зүгээр л Монголынхоо төлөө цохилох зүрхтэй түшээд л хэрэгтэй  байна даа.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ганбаатар бол шударга залуу Гоочлох юм аа олж ядаж
2015-11-10
Зочин:
Хиншүүгийн шүтэн бишрэгч үү,чамайг гаагын шүүхэд өгнө шүү хахаа
2015-11-09
Zoo Zoo:
Shalga shalga
2015-11-09
Ganbaatar:
Ganbaatar yamar Bill Gates yum uu?
2015-11-09
ҮНДСЭН ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА:
Баярцогт, Гончигдорж, Батбаяр мэтийн увайгүй урваач шарваач гишүүд үндсэн хуульд минь гар дүрж нэг намын диктатор засаглал тэр битгий хэл жагсаалтын гишүүдийн хаанчлал мэт бурангуй засаглалыг тогтоох гэж байна. Тэдний санаачилсан үндсэн хуулийн өөрчлөлт батлагдвал УИХ-дахь олонхийн саналаар Ерөнхий сайд, УИХ-ын дарга тэр битгий хэл Ерөнхийлөгчийг тэд томилдог болох нь. Ингэснээр ард түмэн Ерөнхийлөгчөө сонгож чадах аа больж, намд нэр нөлөөтэй олигархиуд, намд хандив өгдөг баячууд төрийг үе улиран хүссэнээрээ удирдах цаг ирэх нь. Энэ хууль батлагдавал УИХ-ын гишүүдий тоо 76-99 болж тэр хэмжээгээрээ жагсаалтаар төрд шургалдаг хулгайч, дээрэмчин авилгалчдын тоо нэмэгдэнэ. Тэднийг ард түмэн биш намын дарга нар томилно. Нэг ёсондоо ард түмнээс сонгогдоогүй атлаа, ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын дарга болж үндсэн хуулийн гол зарчим сонгох сонгогдох эрхийг минь дордуулсан аймшигтай хуулийг тэд санаачилжээ. Ард түмэн минь үүнийг л батлуулахгүй юмсан. Энэ хуулийг ор үндсээр нь буцааж, эдгээр
2015-11-09
Зочин:
Л. Болд гишүүн 1983 онд ХБНГУ-ын Бернаугийн үйлдвэрчний эвлэлийн Хөдөлмөрийн дээд сургууль төгссөн гэжээ. Хуучин БНАГУ-д Берлины захын тойрог Бернауд үйлдвэрчний эвлэлийн Дээд сургууль байгаагүй юм. Харин манайхтай адилтгавал Техникум байсан юм. Түүнийг төгссөн юм байна. Хөдөлмөрийн дээд сургууль гэж хэзээ ч байгаагүй.
2015-11-09
Зочин:
Дээдээсээ дээдгүй нь ухаантай.
2015-11-09
Өвгөн профессор:
Энэ Ганбаатар хүүг Политехникийн дээд сургуулийг Хөдөлмөрийн эдийн засагч мэргэжлээр төгссөн гээд ГҮТГЭЭД байх юм. Манай сургууль түүхэндээ Хөдөлмөрийн эдийн засагч төгсгөж байгаагүй шүү дээ. Ганбаатар өөрөө андуураад байна уу. Бусад нь гүтгээд байна уу. Энийг шалгаж нэг тийш болгох хэрэгтэй шүү
2015-11-09
Zoo Zoo:
Shalga shalga
Зочин:
õýõý
2015-11-09