Хэвтэрт буй төрийн онош
2015-11-11

 

Засаглалын хямрал нүүрлэсэн тухай үлгэр ярьсаар бид 25 жилийг үдлээ. Өнөөхөө ярьсаар л. Яасан ч удаан хямардаг юм, яагаад ч түүнээсээ салчихаж болдоггүй юм. 10 дахь жил дээр нь уг нь янзлах гэж оролдсон. Үндсэн хуульд оруулсан 2000 оны нэмэлт өөрчлөлтийг хэлж байна л даа. Харамсалтай нь, олны ярихаар бол дордуулсан долоон өөрчлөлт болсон гэх юм билээ. Ингээд түүнээс хойш дахиад 15 жил өнөөх хямарсан засагтайгаа өнхрөх гэж оролдов. Явдаггүй ээ. Урагшаа явах нь байтугай, улам яажийгаад салж бутрахдаа тулаад зогсож байна. Монгол гэдэг тэргэнд энэ дугуй тохирохгүй юм байна гэдгийг одоо л бүгдээрээ ойлгож ирэв. Зарим нь “Энэ чинь гурвалжин дугуй байсан байна” гэж нүд нээгдэж ч байх шиг.

 

Юутай ч урт замын тэхий голд урагшгүй, бүтэлгүй, унхиагүй, хэрүүлтэй уруултай зогсож байгаагийнхаа учрыг нь ойлгож, оношоо мэдээдэхлээ, манай төр засаг. Бүх болохгүй, бүтэхгүй бүхэн нэг ёзоортой байж. Тэр нь Үндсэн хуульд буй хэдэн заалт. Тэдгээрийг засаж, өөрчлөх тухай бишгүй сонсож байсан ч одоо илүү ажил хэргийн төвшинд, бодитой яригдаж эхэллээ.

 

Монголын засаглалын болохгүй байгаа зүйлс юу вэ гэж захын хүнээс асуувал хариулт нь бэлэн байгаа. Давхар дээл, Засгийн газрын тогтворгүй байдал, улстөрчидтэй хариуцлага тооцох механизм байхгүй зэргийг юун түрүүнд нэрлэх биз. 1990 оноос хойш өнөөг хүртэл нийт 14 Засгийн газар солигдсон. 2012 оноос хойш нийтдээ долоон удаа сайд, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ хэлэлцсэн. Зөвхөн энэ хоёр баримт юу илэрхийлнэ вэ. Гэтэл Англи улс 1990 оноос хойш дөрөв дэх Засгийн газартайгаа, Герман улс 1982 оноос хойш гурав дахь Засгийн газартайгаа өнөөдрийг хүртэл тогтвортой засаглаж байна. Тогтвортойгоор засаглахын давуу талыг эдгээр улс бүрэн илтгэж чадна. Сингапур улс л гэхэд 1960-1990 оны хооронд ганцхан Ерөнхий сайдын нүүрийг үзжээ. Гэтэл эдгээр он жил нь тус улсын хамгийн өндөр өсөлттэй хугацаа юм. Ялгаагүй л парламентын засаглалтай орнууд шүү дээ, эд нар. Хүний л нийгэм болсон хойно Ерөнхий сайдаа огцруулаад, өөрөө оронд нь томилогдох атаа жөтөө, хэл ам, хэрүүл тэмцэл байдаг л байх. Гэвч тэр амбицыг нь хууль зүйн боломжоор хязгаарлаад өгчихсөнд л хэргийн учир бий. Харин манайд энэ боломжийг Үндсэн хуулиараа нээгээд өгсөн. Ерөнхий сайд өөрийн танхимын сайд нараа өөрөө сонгож томилох эрх манайд байхгүй. Тэр эрхийг УИХ эдэлдэг. Сайд бүрийг УИХ-аас томилдог тул УИХ-ын гишүүн бүрээс хараат байх нөхцөл бүрдсэн гэсэн үг. УИХ-ын гишүүдэд сайд нарын томилгоогоор улс төр хийх, Засгийн газрыг шантаажлах, хүссэн хүнээ тулгах, хүсээгүй хүнээ огцруулах боломжийг олгосон. Өнөөгийн улстөрчид яг л тэр боломжийн хүрээнд эрхээ мэдэж, ямбаа эдэлж байгааг нь бас ч буруутгах аргагүй үзэгдэл. Иймд УИХ нь тулга тойрсон хэрүүл, томилох огцруулах тухай л ярьж суудаг газар болж хувирсан нь ийм учиртай.

 

Тэгвэл Үндсэн хуульд Ерөнхий сайд нь өөрийн танхимын гишүүдээ өөрөө сонгож томилдог байхаар өөрчлөлт хийхээр яригдаж байна. Дээрх бүх алдаа завхралын уг үндсийг засах гэж байна гэсэн үг. Засгийн газрыг кабинетийн зарчмаар ажиллах ёстой гэж шахдаг. Гэтэл тийм үндэслэл байхгүй. Засгийн тэргүүнтэйгээ санал нийлэхгүй тохиолдолд зөрүүдлээд ажил хийхгүй суучихаж болдог тийм хуулийн орчинтой. Засгийн газрынхаа эсрэг ганцаарчилсан тоглолт хийсэн олон жишээ өнгөрсөнд бий шүү дээ. Сая л гэхэд БОАЖНХ-ийн сайд Н.Батцэрэг Засгийн газрын хуралдаан дээр гар өргөж дэмжсэн бодлогоо УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн даргын хувьд үгүйсгэсэн шаардлага явуулж байх жишээтэй. Ерөнхий сайд нь өөрийн санаачлагаараа сайдаа огцруулах санал гаргаж байсан тохиолдол бараг л байхгүй. Өөрөө эрх мэдэж, хариуцлага тооцож чадахгүй учраас Ерөнхий сайд хүчгүй, бяргүй харагддаг. Өдгөө Монголд хүчирхэг Ерөнхий сайд хэрэгтэй байна. Ч.Сайханбилэг, эсвэл Н.Алтанхуяг өөр хэн ч байсан хүчтэй байж чадахгүй. Өөрөө сайд нараа мэддэг, халдаг, сольдог эрх мэдэл гэдэг бол хүчирхэг байхын эхний нөхцөл.  

 

Олон жил шүүмжлэл дагуулсан давхар дээлийг тайлахын тулд мөн л Үндсэн хуулиараа оролдох шаардлагатай. Одоогийн хуульд УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн байж болно гээд заачихсан учраас хэн ч хуулийн эрхээ эдлэхийг хүснэ. Энэ сонирхлыг хувь улстөрчийн мораль, нам хүчний үзэл баримтлалаар хязгаарлах оролдлогууд газар аваагүй, авах ч үгүй гэдэг нь тодорхой болсон. Хамгийн бодит жишээ бол Р.Бурмаа, М.Зоригт нар. Тэд давхар дээлийг хүчтэй эсэргүүцэж байсан атлаа өөрсдөө сайд болох боломж ирмэгц үзэл бодол, байр сууриа үл тоон, сайд болцгоосон. Хуулийн хүрээнд бүгдэд олдож байгаа эрх ямбыг тэд ч ялгаагүй хүртэх эрхтэй учраас юун ёс суртахуун, ямар юмных нь мораль ярих ёстой гэж. Энэ жишгээр одоогийн улс төрд байгаа хүмүүс бүгд шахуу давхар дээл өмсөж үзэцгээсэн. Өмссөөр ч байна.

 

Тэгсэн хэрнээ бүх нийтээрээ давхар дээлийг эсэргүүцэж, үзэн ядагчид. Үүнээс болж, засаг төрийн ажил явахаа байлаа, цалгардлаа гэлцэх атлаа цаанаа дуртай байдаг янзтай. Уг нь УИХ нь Засгийн газраа хянаж, шаардаж, хариуцлага тооцож ажиллах ёстой байтал нэг бөгс хоёр сандал хуваахын үлгэр болчихоод хөшүүн байгаа нь үнэн юм. Тиймээс засаглалын зааг ялгааг салгаж, байх ёстой байр байранд нь аваачих энэ өөрчлөлт туйлын хэрэгтэй.  Давхар дээлийг тайлуулахын цаана маш олон давуу тал гарч ирнэ. Наанадаж л чадалтай, мэргэжлийн боловсон хүчнээр Засгийн газрын аппарат бүрдэнэ. Хууль тогтоох эрх мэдэл рүүгээ өнгөлзөхөө больж, зөвхөн хууль хэрэгжүүлэх үүргээ л анхаардаг болно. Төр бүхнийг чадагч болох гэж улайрахаа болино.

 

Удаад нь УИХ-ын гишүүдийн тоог 99 болгож нэмэгдүүлэх өөрчлөлт. Энэ нь нэг талаас парламентыг данхайлгаж байгаа мэт харагдаж байвч нөгөө талаараа эерэг олон үр нөлөөг авчирна. УИХ-ын 76 гишүүний ирц 100 хувиар батлагдсан нэг ч хуулийн төсөл Монголд байхгүй. Парламентын ирц 50 хувь бүрдвэл шийдвэр гаргахаар хуралдаж болдог. Тэгвэл 39 гишүүнтэйгээр хуралдаж, түүний 20 нь дэмжихэд хэлэлцэж буй асуудал хууль болж батлагдах боломжтой гэсэн үг. 20-хон хүний саналаар бүхэл бүтэн 3 сая хүний хувь заяа, улс орны хөгжилд нөлөөлөх чухал шийдвэрүүд гарч байна гэж үзвэл мэдээж чамлалттай. Нөгөөтэйгүүр, гишүүдийн тоог 99 болгох нь бас ч гэж олон талыг харсан шийдэл. Бага оврын парламент лоббид амархан өртөх, худалдагдах боломж их байдаг гэсэн олон улсын жишиг байдаг юм байна. Өөрөөр хэлбэл, 76 хүнийг худалдаж авах нь 99 хүнийг лоббидохоос хамаагүй хялбар байх нь мэдээжийн логик юм. Улс төрийн том шийдвэр дээр олон хүний санаа бодол тусах тусмаа онч илүү байх нь бас мэдээж.

 

Үндсэн чиглэлийн яамдыг Үндсэн хуульд тусгаж өгөх. Ерөнхий сайд нь хэрэв шаардлагатай гэж үзвэл гурван яамыг нь эрх мэдлийнхээ хүрээнд нэмж болно. Энэ бол мөн л амьдралаас аргагүй урган гарсан, засахгүй бол болохоо байсан сэдэв. Засгийн газар солигдох бүрд мөнөөх гүйцэтгэх яам, Тамгын газар, агентлагууд нь өөрчлөгдөж, солигдож,  нэгдэж, салж, хөл толгойгоо алддаг. Нэг нь гарч ирээд л арав байсан яамыг 18 болгож орхидог. Үүнээс болж төрийн залгамж халаа, ажил үүрэг, хариуцсан салбартаа эзэн болох тухай яриа огт алга болсон. Бодлого шийдвэр, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд нь ч ялгаагүй олон эзний дунд эзэнгүйдэж дуусав. Ёстой л дээдэх нь суудлаа олохгүй тухай хэлц үүнд тохирно.

 

Түүнчлэн Ерөнхийлөгчийн УИХ-аас сонгодог болох өөрчлөлт. Хугацааг нь зургаан жил болгох. Бас л өнөөгийн улс төрийн согогийг цэгийг нь олж эмчилж буй хувилбар. Өнөөдөр Монгол Улс хэдийгээр парламентын засаглалтай гэх боловч уг чанартаа хагас Ерөнхийлөгчийн засаглал тогтнож буй. 1990 онд анхны Үндсэн хуулийг батлахдаа Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог байхаар тусгаж оруулж ирсэн байжээ. Хэлэлцүүлгийн явцад төрийн тэргүүнээ өөрөө сонгодоггүй улс байж таарахгүй гэсэн үндэслэлээр өөрчлөгдсөн байна. Гэвч анхны санал оруулсан хувилбар нь зөв байсан нь өнгөрсөн хугацаанд хангалттай батлагдлаа. Монгол Улс олон сонгуулийн хөлд дарагдаж, төсөв мөнгө урсаж, сонгуулиас сонгуулийн хоорондох тэвдсэн, хүлээлтэд хүлэгдсэн улс орон болж хувирлаа. УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил, зургаан жил байх нь дөрөв дөрвөн жилээр төрийн бодлого алдагддаг, тогтворгүй байдлыг эцэслэх юм. Гадаадын хөрөнгө оруулагчид зөвхөн төрийн тогтвортой байдлыг л биднээс шаарддаг биш үү. Харин дээрх хэлбэрээр өөрчилснөөр сонгодог парламентын засаглал гэх үндсэн ойлголт руугаа албан ёсоор явж очно гэсэн үг. Зардал мөнгө ч хэмнэнэ. Манай улс эртнээсээ Их хуралдайгаар хаанаа тодруулдаг байсан жишигтэй адил хэлбэр рүүгээ шилжинэ.

 

Эцэст нь өнөөдрийн төр засаг хэвтрийн дэглэмтэй эмнэлгийн орон дээр хэвтэж байна гэж үзвэл эдгээр өөрчлөлт нь зайлшгүй шаардлагатай эм бэлдмэл бололтой юм. Их ч олон хүн ингэж ярьж байна.

 

Д.ДАМДИНЖАВ

 

Эх сурвалж:

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ ЦАГ НЬ БОЛООГҮЙ. ТА НАР ӨӨРСДИЙГӨӨ ЭХЛЭЭД ӨӨРЧИЛ. ДАРАА НЬ ҮНДСЭН ХУУЛИЙГ ЯРЬ. ӨӨРСДӨӨ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ШААРНУУД. СЭТГЭЛГЭЭГЭЭ Л ЭХЛЭЭД ӨӨРЧИЛЧИХ. 76 ГИШҮҮНИЙГ 99 ТЭНГЭР БОЛГОХ НЭЭ ДЭЭ. ФОРТУУН ТЭГЖ БӨӨЛӨӨ ЮҮ. ЭСВЭЛ ГО ОВОГТ ХОЛИОНЫ ЭЗЭН ТЭГЭЭ ЮҮ. ЭСВЭЛ ХУЖАА БАЯРЦОГТ ШИЙДЭЭ ЮҮ. ЭНЭ УИХ ТҮҮХЭНДЭЭ 76 ГИШҮҮНЭЭ ЦУГЛУУЛЖ БАЙГААГҮЙ ГЭЭД Л БОД. 99 БОЛОХООР МОНГОЛД ЮУ ӨӨРЧЛӨГДӨХ ҮҮ
2015-11-13
Зочин:
энэ нөхөр захиалгаар бичихдээ өөрөө юу бичээд байгаагаа огт мэдээгүй байх даа хөөрхий.
2015-11-12
BUgdiig ni buudaad uguuch:
BUgdiig ni buudaad uguuch, ur udam yutai huitei ni shataaval taarna
2015-11-11
Зочин:
Er ni bol etseg huulia zasaj saijruulah ni zov oo. Ene niitleliin utga sanaatai adil sanaltai yavdag hunii huid demjij bna. Guitsetgeh zasaglaliin terguun heterhii huchgui bgaa ni unen. Gehdee huneesee hamaardag ch baihiig uguisgehgui.
2015-11-11
ЗОЧИН:
ҮНДСЭН ХУУЛЬД ГАР ХҮРЭХ НЬ БУРУУ. ӨӨРСДӨДӨӨ ТААРУУЛЖ ЯЛНААС МУЛТРАХ, ТӨРД УДААН ШУРГАЛАХ АРГАА ОЛЖ ЯДСАН НЯМЖАВЫН БАТБАЯР МЭТИЙН СОЛИОТОЙ ХЭДЭН ГАРУУДЫН САНАА ШҮҮ ДЭЭ Н. БАТБАЯР СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ ҮҮ ИНГЭХЭД
2015-11-11
ХИЙСЭН БУЗРАА ЭХЛЭЭД ЦЭВЭРЛЭ ГОНЧИГДОРЖ, ЭНХБОЛДОО:
ДАВХАР ДЭЭЛИЙГ ТАЙЛЖ, НАМЫН ЖАГСААЛТААР ТӨРД ШУРГАЛДАГ БАЙДЛЫГ ХАЛААГҮЙ ЦАГТ 76 АВИЛГАЧЫГ 99 АВИЛГАЧ БОЛГОХ. НАМЫН ЖАГСААЛТЫН ДОР НАМДАА АВИЛГАЛ ӨГЧ ТӨРИЙН ГИШҮҮН БОЛДОГ НӨХДИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ БУСАРМАГ АРГА АГУУЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ НЭРТЭЙ ХУУЛИЙГ ДЭМЖИХГҮЙ БАЙНА ТЭР ТУСМАА ҮНДСЭН ХУУЛИЙГ ДОРДУУЛСАН 7-Н ЗААЛТЫГ ИДЭВХТЭЙ ДЭМЖИЖ БАТЛУУЛСАН ГОНЧИГДОРЖ, БАЯРЦОГТ, З.ЭНХБОЛД МЭТИЙН ТӨРИЙН ХУЛГАЙ НАРЫН ЭХНИЙ ГАЙ НЬ БАРАГДАЖ ДУУСААГҮЙ БАЙХАД ДАРААГИЙН САНААЧИЛСАН ГАЙГ ДЭМЖМЭЭРГҮЙ БАЙНА. ЭХЛЭЭД НААД НАМЫН ЖАГСААЛТ, ДАВХАР ДЭЭЛЭЭ БОЛИУЛЧИХ ДАРАА НЬ ҮНДСЭН ХУУЛЬ ЯРЬ. ЕР НЬ ТЭГЭЭД Ч БАТБАЯР, БАЯРЦОГТ, ГОНЧИГДОРЖ МЭТИЙН ТӨР САМУУРУУЛАХААС ӨӨР ГАВЪЯА НЭР ХҮНДГҮЙ УЛСААР ҮНДСЭН ХУУЛИА БУЗАРЛУУЛМААРГҮЙ БАЙНА. ХҮҮХДИЙН ДААХИЙГ ХҮРТЭЛ ЯС НЬ ХУГАРААГҮЙ ХҮНЭЭР ҮРГЭЭЛГЭДЭГ МОНГОЛ ЁСОН БАЙХАД НЭР, ЯС, ЦУС ЦЭВЭР БУС УЛСААР ҮНДСЭ ХУУЛИА ХӨНДҮҮЛМЭЭРГҮЙ БАЙНА.
2015-11-11
Зочин:
Засаглалын хямрал нуурлээд 25 жил болсон нь унэн!Засах гэж биш еертее ашигтай болгох гэжНамбарын Энхбаяр еерчилж ундсэн хуулийн нудийг сохолсон нь унэн!!! Тэр 7алдааг буцаагаад анх байсанд нь оруулчих сэтгэлгуй терийн тушээд гэх маанаг 76-гаас болж енеедер хуртэл засаглалын хямрал гаарсан нь гарцаагуй унэн!!! Монгол терд хуний мес чанаргуй хувиа хичээсэн хулгайч, луйварчид шургалж, шуналаа барьж чадахгуй мунхагласны уршиг, дээр нь даарин дээр нь давс хийж сонгосон тэнэг бидний сонголтын уршиг!!!
2015-11-11