“Их 20” уулзалт эхэллээ
2015-11-16

Туркийн Анталья хотноо дэлхийн хүчирхэг эдийн засагтай 20 улс буюу “Их 20”-ийн удирдлагууд чуулж байна. Арав дахь удаагийн “Их 20”-ийн уулзалт энэ сарын 15-16-ны өдрүүдэд үргэлжлэх юм. Удирдагчид дэлхийн эдийн засаг болон худалдааны, байгаль орчны өөрчлөлтийн асуудлаар ярилцана. Мөн энэ жилийн уулзалтаар анх удаагаа Туркийн хөрш Сири, Иракийн асуудлаар удирдагчид ярилцахаар болсон байна.

 

“Их 20” холбоонд багтдаг Орос, АНУ, Саудын Араб зэрэг улс Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд агаараас цохилт өгсөөр байгаа юм. Оросын Ерөнхийлөгч В.Путин тус бүлэглэлийг хүчин мөхстөх хүртэл агаараас өгч буй цохилтоо үргэлжүүлэхээ мэдэгдсэн тухай “TASS” агентлаг уламжлав.

 

Цагаан ордноос мэдээлж буйгаар дээрх уулзалтын үеэр “АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар уулзаж магадгүй” гэсэн бол Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэхүү мэдээллийг батлаагүй байна. Мөн Герман улсын санаачлагаар удирдлагууд Европыг чиглэн ирж буй дүрвэгсдийн асуудлаар ярилцахаар төлөвлөсөн гэнэ. Европын орнуудад ирж буй дүрвэгсдийн 70-аас дээш хувь нь Ойрхи Дорнодоос ирж буй билээ.

 

Энэ удаагийн уулзалтад анх удаагаа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ, БНХАУ-ын дарга Си Зиньпин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Австралийн Ерөнхий сайд Малкольм Турнбулл нар оролцож байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин