Үхлээс айдаг ч ДОХ-оос эмээдэггүй
2015-12-02

 

Түүний тухай өчигдөр бүгд ярьсан. Энгэртээ улаан тууз зүүсэн нэвтрүүлэгч, хөтлөгч, эмч, мэргэжилтнүүд зурагтаар ярив. Хүмүүс түүнийг нь сонсож тогтоосноо бусадтай хуваалцан ярилцлаа. Жилийн 365 хоногийн нэг өдөр нь ингэж дэлхий нийтээрээ тэрний тухай ярьдаг юм.

 

Тэр манайд ирснээсээ хойших 23 жилийн хугацаанд 194 монгол хүнд үхэж л салах дөнгө зүүлгэж, тэднээс 26 хүний амийг авч одсон. Бас дэлхийн хүн төрөлхтнөөс 39 саяынх нь аминд хүрсэн. Түүнтэй учирсан хүн үхэж л салахаас өөр арга одоохондоо энэ ертөнцөд алга. Үхэл нуусан гурван үсэг буюу ДОХ-ыг хүн төрөлхтөн дийлээгүй байна. Дэлхий дээр анхны тохиолдол бүртгэгдснээс хойших 30 гаруй жилийн хугацаанд өвчилсөн, нас барсан, эмчлүүлсэн гээд нүд эрээлжлэм олон тоог харахаар хүмүүс үхлээс хачин их айдаг мөртлөө түүнээс эмээдэггүй юм байхдаа гэж бодогдох.   

 

Халдвар авсан хүнд хамгийн тодорхой зүйл бол үхэл. Гэхдээ бүрэн эдгэрэхгүй ч эмчилгээ хийлгээд амьдрах боломжтой. 2014 оны эцсийн байдлаар дэлхий дээр 36.9 сая хүн Хүний дархлал хомсдлын вирус /ХДХВ/-ын халдвартай амьдарч байна. Энэ оны эхний зургаан сарын байдлаар тэдний 15.8 сая нь ретровирусын эсрэг эмчилгээнд орсныг Монгол дахь НҮБ-ын ДОХ-ын Нэгдсэн хөтөлбөрийн зохицуулагч Д.Алтанчимэг хэллээ.

 

Аюулт өвчнийг үүсгэдэг вирусын үржлийг бууруулдаг буюу өвчний вирус хүний цусанд олшрохоос сэргийлдэг эмийн эмчилгээг ретровирусын эсрэг эмчилгээ гэдэг. Шинжлэх ухааны дэвшил, ололтын дүнд олж авсан энэ эмчилгээ аюулт өвчнийг бүрэн эдгээж чадахгүй ч үхлийг хойшлуулж, амьдруулах “шидтэй”. Халдвар тээсэн ч гэр бүл, хайртай дотны хүмүүсээсээ амархан холдохыг хүсээгүй, нартад удаан амьдрах хүсэлтэй ретровирусын эсрэг эмчилгээнд хамрагдаж буй сая сая хүний дунд 144 монгол хүн бий. Энэ тоо цөөхөн мэт, гэвч бид хэдүүлээ билээ.

 

ДОХ-той тэмцэхэд 500 сая төгрөг төсөвлөжээ


Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас зөвлөсөн, олон улсын стандартад нийцсэн ретровирусын эсрэг эмчилгээг тэдэнд үнэ төлбөргүй хийдэг. ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Буянжаргал “Монгол Улсад ХДХВ, ДОХ-той хүмүүст үзүүлдэг эмчилгээ, үйлчилгээг төр хариуцдаг учраас 100 хувь үнэ төлбөргүй байдаг. 2013 онд Засгийн газраас 250 сая төгрөг төсөвлөж байсан бол баталгаатай, найдвартай эм авах, эрт илрүүлэх оношлуур авах, түргэн оношлуур захиалах, халдвартай эхээс төрсөн нярайд хүүхдийн сүү захиалах зэрэгт зарцуулахаар төсвийг 500 орчим сая төгрөг болгон нэмсэн” гэж ярьсан юм.

 

Халдвартай хүний ялгаварлан гадуурхахгүй байх чигийг барьж, түүнийг ажлын байраар хангаж, эрүүл мэндийн шалтгаанаар хөдөлмөрийн чадвараа алдвал нийгмийн халамжид хамрагдах гээд бүгд бусдын адил замаар явдаг. Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх зорилгоор нийт иргэдийн дунд дөрвөн жилд нэг удаа, эрсдэлт бүлгийнхэн буюу биеэ үнэлэгч, бэлгийн чиг хандлага өөр хүмүүс зэрэгт хоёр жилд нэг удаа тандалт судалгаа хийдэг аж.

 

Хүний дархлал хомсдолын вирус, Дархлалын олдмол хомсдол /ХДХВ, ДОХ/ анх илэрснээс хойших 34 жилийн турш хүн төрөлхтөн уг өвчнийг эдгээх арга хайсаар ирсэн. Гэвч энэ өвчнийг бүрэн эмчлэх аргыг одоо хүртэл олоогүй л байна. ХДХВ, ДОХ-той холбоотой судалгааг АНУ, Япон, Европын орнууд голлон хийдэг. Клиникийн туршилт 3-5 жил, цаашилбал 10 жил ч үргэлжилдэг. Энэ хугацаанд ганц хоёр судалгааны үр дүн амжилттай гарсан ч туршилтаар батлагдаж, практикт нэвтэрсэн эмчилгээний арга хараахан байхгүй байгааг мэргэжилтэн онцолсон. Тэгэхээр эмийн эмчилгээ бол одоогоор аюулын өмнөөс далайж буй хүн төрөлхтний ганц зэвсэг.

 

 

Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд 2030 он гэхэд аюулт өвчний тархалтыг таслан зогсоохын тулд өдгөө авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ шинэ түвшинд гаргах шаардлага тавигджээ. Үүний тулд НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс Дөт замын стратегийг боловсруулж, 2020 он гэхэд хүрэх зорилтуудыг дэвшүүлсэн байна. Түүний нэг нь “90-90-90” буюу “гурван 90-ийн” зарчим. Одоогоос таван жилийн дараа 2020 он гэхэд ХДХВ-ын халдвартай хүмүүсийн 90 хувь нь халдвартай гэдгээ мэдэх, тэдний 90 хувь нь ХДХВ-ын эсрэг эмчилгээнд хамрагдах, тэдгээр хүний 90 хувьд нь вирусын ачаалал дарангуйлагдсан байхыг зорьжээ. Мөн ХДХВ-ын шинэ халдварын түвшинг 75 хувиар бууруулж, ялгаварлан гадуурхалтыг байхгүй болгох зорилтыг ч багтаасан байна.

 

Эрүүл мэндийн хичээлийн цагийг нэмж, сурагчдад зөв мэдлэг олгоё


Манай улсад бүртгэгдсэн тохиолдлын 98.4 хувь нь бэлгийн замаар дамжсан нь тогтоогджээ. Харин бусад тохиолдлыг судалж байгаа аж. Өнөөгийн байдлаар цус цусан бүтээгдэхүүнээр, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой болон эхээс урагт халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Зөвхөн дээрх гурван замаар л хүнд халдварлана. Харин агаар дуслын замаар, шүлс, нулимс, хоол хүнс, аяга халбагаар дамжин халдварлахгүй.

 

 

ДОХ болон бэлгийн замаар дамжих халдвар /БЗДХ/-ын тархалтыг бууруулах асуудал Монгол Улсын Засгийн газрын анхаарлын төвд байдаг тул манай улсыг дээрх зорилтуудыг хангах бүрэн боломжтой. Хамгийн гол нь зөв арга хэмжээг, зөв газар, хэрэгцээтэй хүмүүст нь хүргэх гэдгийг мэргэжилтнүүд онцлов. Манай улсад бэлгийн замын халдвар, ялангуяа тэмбүү өвчний гаралт буурахгүй байгаа нь ХДХВ-ын халдварын тархалт газар авах эрсдэл. Тиймээс БЗДХ-ын нөхцөл байдлыг хяналтдаа оруулж чадвал ДОХ-ын дархалтыг зогсоох бүрэн боломжтой гэлээ.

 

Бүртгэгдэж буй БЗДХ-ын тохиолдлын тал хувийг 25-аас доош насны залуус эзэлж байна гэсэн судалгаа гарчээ. Гутармаар. Энэ нь монголын өсвөр үе, залуучууд бэлгийн болон нөхөн үржихүйн мэдлэг хангалтгүй байгааг нотолж байна гэж ДЭМБ-ын суурин төлөөлөгч, НҮБ-ын ДОХ-ын багийн ахлагч дүгнэсэн байна. Үүнийг боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэлийн хүрээнд танагдсан дунд сургуулийн эрүүл мэндийн хичээлийн цагтай холбон тайлбарлаж болох. Хичээлийн таван өдрийн нэг хоногт 40 минутыг эрүүл мэндийн хичээл орж байгаа нэртэй оромдоод өнгөрдөг сургууль, багш нар олон. Хойч үеэ хамгаалах, аюул эрсдлээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгохын тулд Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд, Засгийн газар шинэчлэлийн явцад гаргасан алдаагаа эргээд нэг харах хэрэгтэй болжээ.

 

Үүнээс гадна биеэ үнэлэгчид, бэлгийн цөөнх, трансжендер зэрэг хүмүүс ялгаварлан гадуурхалтаас болж БЗДХ-ын шинжилгээ, эмчилгээнд орохоос зайлсхийдэг. Тиймээс ялгаварлан гадуурхалтын эсрэг байж, тэгш эрхийг дээдлэх. Одоо буй олон дамжлагатай үйлчилгээ, оношлогоо, эмчилгээг нэг цэгийн үйлчилгээний хэлбэрт оруулах нь БЗДХ-ыг хянах чухал ач холбогдолтойг эмч мэргэжилтэн хэлэв.

 

Гурван саяас 194, түүний цаана 862 байх магадлалтай


Манай улс тархалт багатай гэгддэг ч 194 тохиолдол бүртгэгдэж, түүний цаана 862 хүн байх магадлалтай гэдэг бол гуравхан сая хүн амтай монголчуудын хувьд том тоо. Дээрээс нь ДОХ-ын халдвар ихтэй хоёр орны дунд оршдог нь их эрсдлийг дагуулдаг гэж зарим судлаач үздэг. Сүүлийн үед сайн дурын шинжилгээ өгөх иргэдийн тоо нэмэгдэж жилдээ 379 мянгад хүрсэн гэдэг албаны хүний өгсөн мэдээлэл байна. Уг нь хамгийн өндөр эрсдэлтэй гэсэн 400 мянга орчим хүн шинжлүүлж байвал тархалтын байдлыг нэлээд бодитоор дүгнэх боломжтой гэнэ. Манайхан гадаадад явахдаа шинжилгээ өгдөг атлаа ирсэн хойноо шинжилгээ өгөхөө мэддэггүй. Энэ нь хамгийн дотны хүндээ халдвар тараах эрсдэл болж байгаа юм гэж ХӨСҮТ-ийн Сургалт, мэдээллийн албаны дарга Ч.Уртнасантай ярилцахад хэлж байсан.

 

Цаашид ХДХВ-ыг гэрийн нөхцөлд шүлс, хурууны өндөгний цусанд халдвар илрүүлэх болон нэр хаяггүй шинжилгээ авдаг болох зэрэг шинэлэг, үр дүнтэй оношлогооны аргуудыг нэвтрүүлэх шаардлага тулгарчээ. Хэрэв үүнийг хийдэг болчихвол сайн дураараа шинжилгээ өгөгсөд нэмэгдэх нь ойлгомжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

 

ДОХ-ын шинжилгээг иргэн зөвхөн сайн дураараа өгдөг учир хэн ч түүнийг албадах ёсгүй. Ийм болохоор гадаадад ажиллаж, амьдарч байгаад эх орондоо ирсэн иргэн, манай улсыг зорьж хилийн дээс алхсан харийн хүн хэн нь ч хүсээгүй бол шинжилгээ өгөхгүй байж болдог. Аль улсаас хэн гэгч ДОХ-ын вирус тээгээд ирэхийг мэдэх арга байхгүй. 1992 онд ОХУ-д сурч байсан манай улсын иргэн залуу /бэлгийн цөөнх/ найз залуугаасаа ДОХ-ын халдвар авсан нь энэ өвчнөөр монгол хүн өвчилсөн анхны тохиолдол болсон. Түүнээс хойш гадны иргэдэд биеэ үнэлсэн гурван эмэгтэй уг өвчний халдварыг авснаар ДОХ манай улсад илрэх болсон гэж мэдээлэгддэг. Мөн ОХУ-д ажиллаж байгаад ирсэн монгол залуу эх орондоо энэ аюулт өвчний вирусыг тээж ирсэн тохиолдол ч байдаг.

 

Энэ оны эхний 10 сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр буюу 90 хоногоос дээш хугацаагаар гадаадын 120 гаруй орны 31 мянган иргэн оршин сууж байна. Тэдний 14 мянга нь хөдөлмөр эрхлэхээр орж ирсэн бол 1500 орчим нь суралцаж байгаа гэсэн судалгааг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас гаргажээ. Гэхдээ тэд бүгд манай улсад ирэхийн тулд ДОХ-ын шинжилгээ өгсөн. Харин 90 хоногоос бага хугацаагаар ирсэн буюу Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт бүртгүүлээгүй хэдэн мянган гадны иргэн Монгол Улсад оршин байгаа нь тодорхой бус. Энэ байдал цуурга, түгжээгээ мартаад хаалгаа нээлттэй орхисон манай улсын аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй нь мэдээж. Энэ мэт эмзэг асуулт, асуудал эндээс ургана.  

 

Анагаах ухаан аварч чадахгүй


Төв, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран 2016-2020 онд хэрэгжүүлэх БЗДХ, ХДХВ/ДОХ-той тэмцэх дэд хөтөлбөрийг боловсруулан Засгийн газарт хэлэлцүүлэхээр ажиллаж буй. Тус хөтөлбөрт салбар дундын буюу эдгээр өвчинтэй тэмцэхэд зөвхөн эрүүл мэндийн салбар бус боловсролын болон батлан хамгаалах салбар, Хууль зүйн яам зэрэг бусад салбар хэрхэн оролцохыг тусгаж байгааг албаны хүн дуулгасан. Түүнийгээ боловсруулахдаа дээр өгүүлсэн асуудлыг орхигдуулаагүй гэж найдъя.

 

Олонх тохиолдолд өөрийн буруугаас аюулыг өөртөө авчирдаг. Хэрэв өөрөө хэзээ нэгэн цагт эрсдэлтэй алхам хийсэн бол заавал Сайн дурын зөвлөгөө шинжилгээний төвд очоорой. Хэдийгээр эдгэрдэггүй өвчин ч халдварыг эрт илрүүлэх нь бага ч атугай тустай. Шинжилгээний хариу сөрөг гарвал эрүүл, эерэг гэвэл ДОХ-ын халдвар тээгч болсон гэсэн үг. Халдвар илэрсэн ч өвчний шинж тэмдэг мэдэгдээгүй байгаа үеийг халдвар тээгч шинж тэмдэггүй үе, дараа нь халдварын шинж тэмдэг илэрсэн үе, ДОХ-ын үе гэж хуваадаг байна. Тухайн хүн ямар шатандаа байгаагаас нь шалтгаалж эмчийн хяналтад оруулж, тохирох эмчилгээг хийдэг.

 

Зурган дээр дарж томруулж харна уу

 

БЗДХ, ХДХВ-ын халдвараас урьдчилан сэргийлэх аргыг ABCD буюу ТҮБМ-ийн зарчим гэж тодорхойлсон байдаг. Энэ нь Тэвчих /тохиолдлын бэлгийн хавьтлаас татгалзах/, Үнэнч байх /хосууд бие биедээ/, Бэлгэвч хэрэглэх /зөв, тогтмол/, Мансууруулах бодис, хар тамхи хэрэглэхээс татгалзах гэсэн үг аж. Ердөө л энийг баримталчихад ДОХ-оос, вирус тээгчийн амьдралаас, харууслаас, үхлээс ангид явах боломжтой.

 

Эмтэй, эмчилгээтэй боловч эдгэрдэггүй, анагаах ухаантай ч аврагдаж чадахгүй өвчнөөр шаналж, насан туршдаа харамссаар, эцэст нь үхлийн үүд татахгүй байх боломж өдгөө эрүүл саруул яваа хүн бүрт бий.

 

Б.Будхүү

Shuud.mn
Сонин хачин