Мадонна гудамжинд үнэгүй тоглолт хийв
2015-12-10

Попын хатан хаан Мадонна Парис хотын “Accor Hotels Arena” цэнгэлдэхийн гадна үнэ төлбөргүй тоглолт хийж, халдлагаар амиа алдсан 130 хүнд хүндэтгэл үзүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дуучин тоглолтоо “Арваннэгдүгээр сарын 13. Аймшигт халдлага” хэмээн нэрлэжээ.

 

Мадонна “Би халдлагын дараа маш их гашуудсан. Яг одоо би халдлага болж, гэмгүй иргэд амиа алдсан газар зогсож байна. Эргэн тойронд минь цэцэг, амиа алдагсдын зураг байна. Бурхан минь зүгээр л яагаад гэж асуумаар байна” гэж хэлжээ.

 

Тоглолт үзэхээр 700 гаруй хүн цугларчээ. Үзэгчид “Бид террористуудаас айхгүй байна” гэх лоозон барьцгаасан аж. Парисын цагдаагийнхан тоглолтын үеэр халдлага, үймээн гарахаас сэргийлж бэлэн байдалд ажилласан байна.

 

Парис хотын дарга хохирогчдод хүндэтгэл үзүүлсэн уран бүтээлчдэд талархлаа илэрхийлж, аюулгүй байдлын үүднээс эрсдэлтэй алхам хийхгүй байхыг уриалжээ. Энэхүү тоглолтоос нэг хоногийн өмнө Парис хотноо “U2” болон “Eagles of Death Metal” хамтлаг хамтран хүндэтгэлийн тоглолт хийсэн билээ.


Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин