Эдийн засгийн зөвлөл хуралдлаа
2015-12-11

 

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн ээлжит хурал өчигдөр боллоо.

 

Хурлаар өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын дарга Т.Бат-Өлзий, Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөл болон Төрийн өмчит холдинг компанийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал хоорондын уялдааг хангах талаар Монгол Улсын сайд М.Энхсайхан танилцуулга хийж, зөвлөлийн гишүүдийн саналыг сонсож, сонирхсон асуултад хариулт өглөө.

 

Эдийн засгийн зөвлөл нь 2015 оны байдлаар нийт 7 удаа хуралдаж, 10 гаруй асуудлыг хэлэлцсэн байна. Үүнд Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр, татварын орчны эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд боловсруулсан Татварын багц хуулийн төслүүд, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, БНЭУ-аас үзүүлэх 1.0 тэрбум ам долларын хөнгөлөлттэй зээл-Үндэсний аж ахуйн нэгжүүдийн оролцоо зэрэг асуудлууд багтаж байна. Түүнчлэн Япон улсын Хитоцубаши Их сургуулийн профессор, эдийн засагч Шинжи Асанума “Монгол Улс - Хөгжлийн стратеги, тулгамдсан асуудал, бодлого” сэдвээр хэлэлцүүлэг хийсэн.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Эдийн засгийн зөвлөлийн үйл ажиллагааг дүгнэн хэлэхдээ “Өнгөрсөн оны 12 сард анхны хурлаа хийж байснаас хойш хэлэлцсэн асуудлуудад зөвлөлийн гишүүдийн санал санаачилга, үнэтэй зөвлөгөө бодитой хувь нэмрээ оруулсныг цохон тэмдэглээд 2016 оны эхний өдрөөс иргэдэд НӨАТ-ын 2.0 хувийг буцаан олгохоор болсон, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд 12 сарын 7-ны байдлаар 3.5 их наяд төгрөг бүртгэгдсэн бөгөөд энэ тоо оны эцэст өсөх хандлагатай байгаа талаар, мөнөнгөрсөн нэг жилийн турш хамтран ажиллаж, цаг зав, хичээл зүтгэлээ зориулж ирсэн зөвлөлийн нийт гишүүддээ талархал илэрхийллээ. Энэ үеэр Эдийн засгийн зөвлөлийн гишүүдээс Монгол Улсын эдийн засагт оруулсан бодитой хувь нэмрийг нь үнэлэн “Эдийн засгийн зөвлөлийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Лакшми, “Монполимет групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мөнхнасан, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нарт хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйлээр шагналаа.

 

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг салбар бүрийн өндөр мэргэжилтэй, туршлагатай хүмүүсийг орон тооны бус зөвлөхөөрөө томилж ажиллуулахаар болсон байна. Хөдөө аж ахуй, малчдын асуудлыг хариуцсан зөвлөхөөр томилогдсон Булган аймгийн харьяат, Хөдөлмөрийн баатар, мянгат малчин Д.Бадраа, худалдаа, чөлөөт бүсийн үйл ажиллагааг хариуцсан зөвлөхөөр томилогдсон Ч.Амарбаатар нарт үнэмлэхийг нь гардуулан өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тэр монго хаана байнаа
2015-12-11