Татварынхныг амралтын өдрүүдэд ч ажиллахыг үүрэгдэв
2015-12-15

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Өршөөлийн хуулийн хэрэгжилт болон Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн маяг, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журамд өөрчлөлт оруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэв.  

 

УИХ-аас баталсан Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Авлигын эсрэг хуулийн 13.8-д байгаа заалтыг Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй уях шаардлагатай болоод буй. Төрийн албан хаагч гэр бүл, хамаатан садныхаа нэрээр нууж байсан орлого, үл хөдлөх хөрөнгө зэргээ ил болгон тайлагнасан нөхцөлд тэр нь Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн хүрээнд мэдээлэл нь нууцлагдах ёстой гэж үзжээ. Гэвч Авлигын эсрэг хуулиар төрийн өндөр дээд албан тушаалтан болон төрийн албаны 38 мянган хүн Авлигатай тэмцэх газарт Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг. Түүгээр дамжиж нууцын зэрэглэлд байх ёстой мэдээлэл нь ил болох нөхцөл үүссэн байна.  Сахилгын хариуцлага хүлээлгэх заалт дээр нэр дурдсан хуульд туссан байгаа нь төрийн албаныханы дунд хүлээлт үүсгэжээ.

 

Нөгөө талаас хуулийн хэрэгжиж дуусах хугацаа 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нээр хязгаарлагдаж байгаа тул татвар, нийгмийн даатгалын байгууллагад ачаалал үүсч, ажлаа дийлэхгүйд хүрсэн аж. Улсын бүртгэлийн ерөнхий газарт ч ажлын ачаалал үүссэн байна.

 

Холбогдох байгууллагын мэдээлснээр энэ сарын 14-ний байдлаар 5 их наяд төгрөгтэй дүйх хэмжээний хөрөнгө, орлого ил болжээ. Одоогийн байдлаар  5789 хуулийн этгээд тайлангаа ирүүлсэн байна.  Нийгмийн даатгалын байгууллагын хувьд гол ажлууд нь гараар хийгддэг, мөн гурван хүний асуудлыг шийдүүлэхийн тулд нэг компани таван өдөр зарцуулж байгаа нь Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн хугацааг сунгах шаардлагатай нь харагдаж байгаа гэдгийг энэ үеэр Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын захирал онцолсон юм.

 

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн хэрэгжих хугацааг сунгах шаардлага байна байгааг  гишүүн Ц.Оюунгэрэл хэлж байлаа.  

 

УИХ-аас Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийг өнгөрсөн наймдугаар сард баталсан түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой журмуудыг Засгийн газар аравдугаар сарын 10-нд баталсан байна. Өөрөөр хэлбэл, журам гарахыг хүлээгдэж цаг нэлээд алджээ. Үүний дараагаас иргэн, аж ахуйн нэгжүүдийн татварын өршөөлийн хуульд хамрагдах боломж нь нээгдсэн аж. Тиймээс хуулийн хэрэгжих хугацааг сунгаад өгөхөд болохгүй гэх зүйлгүй, Засгийн газарт чиглэл өгч хуульд өөрчлөлт оруулах замаар энэ асуудлыг шийдэх ёстой гэж зарим нэр бүхий гишүүд хөндсөн бол УИХ-ын дарга З.Энхболд баталсан хуульд заасан цаг хугацаагаа барьж шахаж ажиллахыг онцолсон. Тэрбээр “Татварын ерөнхий газар бүрэн бүрэлдэхүүнээрээ арванхоёрдугаар сарын 31-н хүртэл шахаад ажилла. Амралтын өдрүүдэд ч ажиллах ёстой. Нэг жил шинэ жил тэмдэглэхгүй л байна биз. Тэр болтол тайлангаа аваад ажилла. Түүний дараа сунгах эсэхээ шийдэх нь зөв. Ингэхгүй бол хугацааг нь сунгах нь гэж тайвшраад тайлангаа өгөхгүй алгуурлаж болзошгүй” хэмээсэн юм.

 

Тиймээс төрийн байгууллагуудыг он дуустал уртасгасан цагаар шахуу  ажиллахыг байнгын хорооноос үүрэг болгосон юм.

 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
uneheer yaaj tailangaa cj oghoo mehgui yvj btal duuslaa ter utsaar ni zovolgoo avsan chine yu ch meddgui hun bna lee.yaaj oghiin haanas medeh vee
2015-12-15