Хамгийн үнэтэй, ганган гацуур хаана байна гээч...
2015-12-23


Ингээд бидний дараагийн сэдэв айл бүрийн хойморт сүндэрлэх гацуур модны үнэ ханш байв. Шинэ жилийн баярыг ногоон гацуур, элдэв янзын чимэглэлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс ч айл бүр хоймортоо гэрэлт гацуурыг чимж, бяцхан үрсээ баярлуулдаг. Түүнчлэн сүүлийн жилүүдэд арванхоёрдугаар сар гармагц л нийслэл даяараа шинэ жилийн уур амьсгал ордог болоод удаж байна. Өөрөөр хэлбэл, албан байгууллага, худалдаа үйлчилгээний байгууллагууд гаднаа ч, дотроо ч  янз бүрийн гацуураар гангардаг болсон. Тиймээс бид албан байгууллагадаа болон алдрай бяцхан үрсдээ гацуур авч амжаагүй хүмүүст сонголт хийхэд нь туслахаар гацуур модны үнийн талаар сурвалжилсан юм.
 

 

“Нарантуул” худалдааны төвийн хамгийн үнэтэй гацуур 350 мянга

 


“Сандэй” худалдааны төв болон “Нарантуул” олон улсын худалдааны төвд гацуур мод 5000-аас эхлээд 200 мянган төгрөг хүртэл үнэтэй байна. Мэдээж дуугардаг, гэрэлтэй, сагсгар мөчиртэй, саатай, өндөр, нам, эргэлддэг гэдгээсээ шалтгаалаад үнийн хувьд янз бүрийн үнэтэй байх нь ойлгомжтой. Харин “Сандэй” худалдааны төвд гацуур мод 58 мянгаас 150 мянгын хооронд зарагдаж байна. Тодруулбал, хэмжээний хувьд 1.5 метрийн өндөртэй гацуур 58 мянга, харин 2.1 метртэй бол 150 мянга гэж байна. Биднийг гацуурын үнэ ханш сонирхож явах үеэр таарсан О гэгч эмэгтэй “Гацуур мод янз бүрийн үнэтэй байна.


Манай хүү “Та хамгийн том гацуур мод авч ирж өгөөрэй” гээд л үлдсэн. Энд хамгийн том гацуур нь /2 метр 10 см/ 150 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөнгө арай л хүрэхгүй шинжтэй. Тиймээс энэ жижиг гацуурыг авчихдаг юм бил үү гэж бодоод л явж байна. Сонголтын хувьд олон төрөл байгаа хэдий ч чанарын хувьд дээр үеийн Оросын гацуур шиг үе уламжлаад засаад байхаар чанартай нь алга. Нэг жил болоод л мөчрүүд нь ширхэг ширхгээрээ унаад байдаг юм билээ. Тиймээс л жил болгон гацуур авах шаардлага гарч ирээд байна. Энэ жил дахиад л “хамгийн том” гацуур авч өгөх үүрэг даалгавар хүүгээсээ аваад явж байгаа нь энэ” хэмээсэн.



Наймаачдын хэлж буйгаар өнгөрсөн жилийнхийг бодвол гацуур модны үнэ харьцангуй хямдарсан гэдгийг дуулгасан. Учир нь өнөөх л худалдан авалт муу, эдийн засаг хямарсантай холбон тайлбарлаж байлаа. Гэхдээ “Нарантуул” олон улсын худалдааны төвд бусдаас хамгийн хямд үнийн сонголтууд байсан гэж хэлэхэд болно. Ширээний, 50 см-ийн хэмжээтэй гацуур 5-10 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол 2.4 метрийн хэмжээтэй өндөр гацуур 350 мянган төгрөгийн өртөгтэй байна. Хэрвээ сайн “ярьж” чадвал байшин болон орон сууцанд засч болохуйц өндөр гацуурыг /2.4 метр/ 270 мянган төгрөгөөр худалдан авч болох юм билээ. Харин монгол гэрт засч болохуйц хэмжээтэй /1.5-1.8 метр/ нь 30-80 мянган төгрөгийн ханштай байна. Сонголтын хувьд цас тогтсон мэт чимэглэлтэй, боргоцойтой, өөрөөсөө гэрэлтдэг гэрэлтэй, хөгжим дуугарч эргэлддэг, мөчир нь нарийн, бүдүүн гэсэн сонголтуудтай.


Өнгөрсөн жил “Нарантуул” төвд цав цагаан өнгийн гацуур харагдсангүй. Гацуурын ченж залуу “Хүмүүс энэ жил бараг гацуур худалдаж авахгүй байна. Өнгөрсөн жилийн өдийд аль хэдийнэ  авч ирсэн бүх гацуураа борлуулчихсан байдаг байсан. Гэтэл энэ жил 330 гарцуур авч ирсэн боловч одоо 150 гаруйг нь л борлуулсан байна. Уг нь үнийн хувьд нэмэгдээгүй харин ч хямдхан зарж байгаа. Гэтэл иргэдийн худалдан авалт эрс муудсан байна” гэлээ. Ийнхүү иргэдийн худалдан авалт муу байгааг наймаачдаар хэлүүлэх ч шаардлага байсангүй. Учир нь өдийд буюу арванхоёрдугаар сарын 22 болчихсон, шинэ жил юу юугүй болох гэж байгаа энэ цаг мөчид тус зах ёстой л хөл гишгэх зайгүй олон үйлчлүүлэгчтэй байдаг байсан. Гэтэл манай сурвалжлах хэсгийг “Нарантуул” захад 13:00 цагийн үед очиход хүн цөөтэй байсан нь хямралыг нотлох шиг. Тиймээс аливаа бараа бүтээгдэхүүний борлуулалт муу байх нь аргагүй юм. Гацуур модыг өнгө өнгийн чимэглэлгүйгээр төсөөлөхөд ч бэрх. Тиймээс бид чимэглэл тус худалдааны төвд ямар үнэтэй байгааг  сонирхов. Багцаараа буюу 10-24 ширхэгтэй чимэглэл 10-12 мянга бол 5-10 ширхэгтэй нь 5-8 мянга, чимэглэх тууз метр нь 800 төгрөгөөс эхлээд 3000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна билээ.  
 

 

Өдөртөө 2-3 гацуур л зарж байна гэв

 


“Бөмбөгөр” худалдааны төвийн үүдээр ормогц л өнгө өнгийн гэрэл цацарсан гацуур модны худалдаа явагдаж байлаа. Яагаад ч юм лангуу болгонд мөчиртөө гэрэлтэй гацуур зонхилсон харагдаж байв. Шинэ жилийн баяр дөхсөн болоод ч тэр үү, энд тэндгүй гацуур мод сонирхсон хүмүүс харагдах аж. Энд гацуур мод өнгө, гэрэл, чимэглэл, өндрөөсөө хамааран 8-300 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан юм. Тухайлбал, 2.1 метрийн өндөртэй гацуур 130 мянган төгрөгийн үнэтэй байхад арай илүү шигүү саглагар мөчиртэй гацуурыг 300 мянган төгрөгөөр худалдаалж байлаа. Харин 1.5 -1.8 метрийн өндөртэй гацуур 100-150 мянган төгрөгийн үнэ ханштай байна. Хамгийн жижиг буюу 20 см-ийн гацуур 8000 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байсан юм. Энэ үеэр тус захын худалдагч Б “Энэ жил эдийн засаг хямралтай байгаа болоод ч тэр үү, гацуур сайн зарагдахгүй байгаа. Иргэдийн худалдан авалт их муудсан. Зарим өдөр 2-3 гацуур зардаг” гэлээ.
 

 

Хамгийн үнэтэй гацуур мод 1.1 сая төгрөгийн үнэтэй

 


Бум бужигнаж, түм түжигнэсэн “Бөмбөгөр” худалдааны төвөөс гарч хотын төвд байрлах “Улаанбаатар” их дэлгүүрийг зорилоо. Элит зэрэглэлийн хүмүүс үйлчлүүлдэг болоод ч тэр үү, энд гацуур мод “Бөмбөгөр” болон “Нарантуул” худалдааны төвөөс хоёр дахин өндөр үнэтэй байв. Тус дэлгүүрийн нэгдүгээр давхарт гацуур модны худалдаа явагдаж байсан юм. Өнгө үзэмж, хэлбэр хэмжээнээсээ шалтгаалан мөн л өөр үнэтэй байх аж. Хамгийн үнэтэй гацуур мод 1.1 сая төгрөгийн үнэтэй бөгөөд 2.7 метрийн өндөртэй цасан чимэглэлтэй мод байсан. Мөн 2.4 метртэй гацуур 550 мянган төгрөгийн үнэтэй байв. Хэдийгээр ажил тарах цаг дөхөж байсан ч “Улаанбаатар” их дэлгүүрийн гацуурын тасагт худалдан авагч цөөхөн байлаа. Харин УИД-ийн хувьд хоёрдугаар давхарт нь “Санта маркет” хэмээх худалдааны тусгай тасаг ажиллаж байсан юм. Тийм болоод ч тэр үү тус дэлгүүрийн гацуур модны тасаг хөл хөдөлгөөн ихтэй байсан. Тэнд ёстой л шинэ жилийн уур амьсгал утгаараа орчихсон байлаа. Цасан цагаан гацуур модноос эхлээд мөнх ногоон гацуур модыг өвлийн өвгөн, цасан хүн, боргоцой, өнгө өнгийн бөмбөлөгөөр чимсэн нь хэн бүхний нүдийг булаах ажээ. Түүнчлэн том улаан туузан чимэглэл гацуур модонд өнгө нэмж, улам сүрлэг харагдуулж байлаа. Тус дэлгүүрт гэрлэн чимэглэлтэй Голландаас оруулж ирсэн 1.2 метрийн өндөртэй гацуур 159 мянган төгрөгийн үнэтэй байв. Харин 1.8 метрийн өндөртэй мод 289 мянган төгрөг байсан бол 1.8 метр боргоцойн чимэглэлтэй гацуур 369 мянгаар зарагдаж байсан юм. Мөн цасан чимэглэлтэй 1.5 метртэй гацуур 189, 1.8 метрийн өндөртэй мод 199, 2.1 метртэй гацуур 399 мянган төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Гацуурын үнэ ханш нэг иймэрхүү байна. Ямартай ч даашинз болоод гацуур өмнө жилүүдийнхийг бодвол үнэ нь “навс” унажээ. Гэсэн хэдий ч эдийн засгийн хямралд өртөж, бүсээ чангалаад буй ард түмэн хямд үнэд ч дарлуулж буй нь харагдав. Хямралтай жилийн хямдралтай даашинзыг ч худалдан авч дийлэхгүй байна шүү дээ, үнэндээ. Гэхдээ л шинэ жил болдгоороо л болох нь үнэн юм хойно ямар нэгэн байдлаар баяраа тэмдэглэх л байх даа, монголчууд.

 

Эх сурвалж: www.mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин