Л.Эрдэнэчимэгийг байнгын хорооны даргаар томилохыг дэмжив
2015-12-23

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар  өнөөдөр хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байлаа. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг шийдэх байсан ч ХХАА-н сайд Р.Бурмаа хойшлуулах горимын санал гаргасан юм.

 

Учир нь өнөөдөр органик хүнсийг баталгаажуулах хууль эрх зүйн орчин бүрдээгүй байна. Органик хүнсний тухай хуулийн төслийг 7 дугаар сард УИХ-д өргөн барьж улмаар чуулганаар хэлэлцүүлэхээр дэмжигдэн С.Оюун гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Иймд энэ хуулийг хэлэлцэн баталтал “Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хойшлуулах саналыг гаргаж байгаа гэв. Ингэснээр уг асуудлыг хойшлуулах нь зүйтэй гэсэн горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүд 81.8 хувийн саналаар дэмжсэнээр уг асуудлыг түр хойшлуулахаар тогтлоо.

 

Мөн хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Лувсангийн Эрдэнэчимэгийг дэвшүүлсэн талаар танилцуулав.

 

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжих нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 91.7 хувийн саналаар дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр боллоо.

 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Одоо УИХ-ын байнгын хороон дарга хэн нь хэн байх нь ямар хамаа байнаа? Тэртэй тэргуй асуудлаа шийдэж чадахгуй, хуч турж асуудлаа шийддэг, 76 гишуунтэй ч зевхен хуралд ирсэн гишууд хэд байгаагаа 100 гэж тооцоод ирц багатай ч хууль батлаад явчихдаг юм хойно хэн юуны дарга болох нь падгуй л хэрэг
2015-12-23