Рамади хотыг чөлөөллөө
2015-12-28

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өнгөрсөн оны зургаадугаар сард Иракийн Рамади хотыг эзэлж, хяналтаа тогтоосон билээ. Тус улсын армийнхан хэд хэдэн удаа Рамади хотыг чөлөөлөхөөр тэмцсэн ч бүтэлгүйтсэн юм. Иракийн армийнханд хэт даврагчдад цохилт өгч буй олон улсын эвслийг тэргүүлж буй АНУ дэмжлэг үзүүлж эхэлснээр тус улсын цэргүүд өнгөрсөн долоо хоногоос эхлэн Рамади хот руу давшиж эхэлсэн билээ.

 

Тэгвэл армийнхан Рамади хотын ихэнх хэсгийг хэт даврагчдаас чөлөөлж, өнөөдөр 8.00 цагийн орчимд тус хотын Засаг захиргааны байрыг чөлөөлсөн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Мөн хэт даврагчид ухарч эхэлсэн хэмээн тагнуулын байгууллагаас мэдээлсэн байна.

 

Рамади хотноо байршиж армийнхантай тулалдаж буй хэт даврагчдын тоо 600 гаруй бол тус хотыг чөлөөлөхөөр тэмцэж буй армийнхны тоо 3000-д хүрчээ. Мөн АНУ-ын 70 гаруй цэргийн зөвлөх армийнханд зөвлөгөө өгч байгаа аж. “Хэт даврагчдын тоо хэдий цөөн байгаа ч зэр зэвсгийн хувьд армийнхнаас илүү байна” хэмээн Пентагон дурьджээ.

 

Энэ сардаа багтаан Рамади хотыг бүрэн чөлөөлөхөөр болсон байна. Рамади хот нь нийслэл Багдад хотоос 90 км-ийн цаана байрладаг бөгөөд ихэвчлэн исламын шашны сунит урсгалыг дагагчид амьдардаг юм.

 

Харин армийнхан Рамади хотыг чөлөөлснийхөө дараа хамгийн их оршин суугчид болон газар нутагтай Мосул хотыг чөлөөлөхөөр болжээ. Мосул хотноо хэт даврагчдын төв удирдлагын байрууд байршихаас гадна олон мянган хэт даврагч бэлтгэл сургуулилт хийдэг гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин