Хэт даврагчдыг Обама бий болгосон гэв
2016-01-04

Тэрбумтан Дональд Трамп өчигдөр “CBS” телевизийн “Face the Nation” нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд “Ойрхи Дорнодыг заналхийлж, эрхээ тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийг өнөөгийн Ерөнхийлөгч Барак Обама болон түүний үнэнч туслах, Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон нар бий болгосон. Энэхүү бүлэглэлийг бий болгоход Хилари хамгийн их оролцоотой ажилласан. Тэрбээр Ерөнхийлөгч болбол хэт даврагчид Европын орнуудад ямар ч асуудалгүй нэвтрэх болно” гэж хэлжээ.

 

Трамп уг мэдээллийг батлах хангалттай баримт байгаа гэдгээ ярилцлагынхаа үеэр дурьдаж, “Удирдагчаа зөв сонгох нь Америкийн тусгаар тогтнолтой шууд холбоотой. Би иргэний хувиар өнөөгийн Засгийн газрын бодлогод сэтгэл дундуур байна. Надтай адилхан бодолтой хүн хэр олон байгаа бол” гэсэн байна.

 

Хөтлөгч тэрбумтанаас “Обама болон Хилари нар хэрхэн хэт даврагчдыг алсаас санхүүжүүлдэг вэ” хэмээн асуухад тэрбээр “Тэд нууцаа хадгалахын тулд тун болгоомжтой хөдөлдөг” гэж хариулжээ.

 

Трамп өмнө нь Обамаг хэт даврагчидтай холбоотой хэмээн нэг бус удаа мэдэгдэж, Хилариг Сирийн хямралыг даамжруулсан хэмээн буруутгасан билээ. Ярилцлагын дараа Обамагийн дэмжигчид олон нийтийн сүлжээгээр дургүйцлээ илэрхийлж “Ашгийн төлөө улс төрд орохоор тэмцэж буй санаархагч” хэмээн Трампийг буруутгажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин