Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
2016-01-05

 

Засгийн газар 2016 оны эхний хуралдаанаа хийж, 30 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Шийдвэрүүдийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил мэдээлэл хийлээ. 

 

2016 оныг “Хэрэглэгчийн жил”-ээр зарлалаа

 

НҮБ-ын “Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-ын үзэл санаа, 2015 онд НҮБ-ын Ерөнхий ассемблейн 70 дугаар хуралдаанаар хэлэлцэн баталсан Тогтвортой хөгжлийн баримт бичигт “Хариуцлагатай хэрэглээ ба тогтвортой үйлдвэрлэлийн чиглэлээр” хэрэглэгч рүү хандан 10 жилийн төлөвлөгөө гаргаж ажиллахыг гишүүн орнууддаа зөвлөсөн зөвлөмж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар дэвшүүлсэн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлэх шаардлагыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэглэгчийн жилийн ажлыг тогтвортой хугацаанд үр дүнтэй ажил болгон хэрэгжүүлэхийн тулд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хөтөлбөр”-ийг Засгийн газраар батлуулан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарт даалгалаа.

 

2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгосноор үйлдвэрлэл худалдаа, үйлчилгээний бүх байгууллагууд хэрэглэгчдэд хандсан менежментийн чиг хандлагыг тэргүүлэх чиглэлээ болгохын зэрэгцээ хэрэглэгчдэд хүргэж буй бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ нэг бүрийг стандарт чанарын шаардлагыг бүрэн хангасан байх, нийгмийн үйлчилгээний бүх салбарын байгууллагын хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээний эцсийн үр дүн нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийн хангалттай түвшнээр хэмжигддэг байх, хүн рүү чиглэсэн шинэчлэлийг менежментийн илүү дэвшилттэй түвшинд дэвшүүлэн тавьж тодорхой үр дүнд хүрэх боломжтой гэж үзэж байна.

 

Хэрэглэгчийн жилд:

 

·  Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон хэрэглэгчийн эрхтэй холбогдох багц хуулиудад шинэчилсэн найруулга хийх, нэмэлт өөрчлөлт оруулах замаар эрх зүйн орчныг боловсронгуй болгох

 

·  “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр 2”-ыг Засгийн газраас батлан гаргаснаар хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо, үйл ажиллагааны арга механизмыг төлөвшүүлэх

 

·  “Хэрэглэгчийн эрхийн хамгаалалтын төлөв байдал”-ын судалгаа дүгнэлтийг жил бүр гарган, Засгийн газраас үнэлгээ өгч, цаашид авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлдог ажлуудыг уламжлал болгох зэрэг зорилт тавьжээ.

 

Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, худалдан авах ажиллагааг төлбөрийн баримтад үндэслэн гүйцэтгэхийг үүрэг болголоо

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга шинэ оны эхнээс хэрэгжиж эхлээд байна. Уг хуульд иргэдэд худалдан авсан бараа үйлчилгээнд төлж буй НӨАТ-ынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах мөн сугалаанд оролцох боломжийг бүрдүүлээд байгаа юм. Энэ үйл ажиллагаатай Ерөнхий сайд Ч.Сайханбилэг газар дээр нь очиж танилцсан бөгөөд Засгийн газрын хуралдаанаар хуулийг хэрэгжүүлэхэд дараах арга хэмжээг авахаар тогтлоо. Үүнд:

 

  Төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд бараа, ажил үйлчилгээний борлуулалт, худалдан авалтдаа НӨАТ-ын тухай хуульд заасан төлбөрийн баримтыг олгох болон авч байх,

 

  Төсвийн байгууллагаас хууль, тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрөл, гэрчилгээ авдаг эсхүл эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаагаа тайлагнадаг, хянуулдаг, зөвшөөрөл авдаг аливаа хуулийн этгээдийн үйл ажиллагаанд төлбөрийн баримтыг хэрэглэж хэвшүүлэх

 

  Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлбөрийн баримтад үндэслэн гүйцэтгэх

 

Татвар төлөгч, татвар суутган төлөгчдийг татварын нэгдсэн системд холбогдох, баталгаажсан цахим төлбөрийн баримт заавал олгох үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж шаардлагатай арга хэмжээг авч, мэдээлэл, зөвлөгөө, арга зүйгээр хангаж, хяналт тавьж ажиллахыг  холбогдох хүмүүст үүрэг болгож, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Болорт даалгалаа.

 

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2016 оны хэмжээг тогтоолоо

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2, ажилтан 2 хувь байхаар тогтлоо.

 

Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч болон 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 1920 төгрөг, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн, хүүхдээ хоёр нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг), хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж буй ялтан, энэ хуульд заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 3840 төгрөгөөр тогтоолоо.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хууль, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2013 оны Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолд нийцүүлэн Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2016 оны хэмжээг тогтоолоо.

Нийгмийн даатгалын сангаас 2016 оны төсвийн тухай хуулиар эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг 308,3 тэрбум төгрөгөөр баталсан нь 2015 оны батлагдсан төсвөөс 57,6 тэрбум төгрөг  буюу 22,9 хувиар нэмэгдсэн байна. 

 

Хотжилт ба эрүүл мэнд хөтөлбөрийг баталлаа

 

Хотжилт ба эрүүл мэнд хөтөлбөрийг баталж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг улсын эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлд, шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн жил бүрийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд, Сангийн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, явцыг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт тайлагнаж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.

 

Хотжилтод хамгийн их өртөж байгаа Улаанбаатар хотын хувьд жил бүр 18-20 төрлийн халдварт өвчин бүртгэгдэж, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт өвчлөлийн 50-54 хувийг Улаанбаатар хотын өвчлөл эзэлж, зонхилон тохиолдох халдварт өвчнөөс халдварт шар, цусан суулга, хоолны хордлогот халдвар, сүрьеэ өвчний тархалт буурахгүй, нийт өвчлөлийн 40 гаруй хувийг эзэлж байна.

 

Үндэсний хөтөлбөр батлагдсанаар хот, суурин газрын оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүх талаар сайжруулахын тулд аюулгүй байдлын индексийг хэрэгжүүлэх нь үр дүнтэй, хариу арга хэмжээ болно  гэж үзэж байна.

 

“Хүүхэд залуучуудын чөлөөт цагийн төв” байгуулах төслийг концессоор хэрэгжүүлнэ

 

“Хүүхэд залуучуудын чөлөөт цагийн төв”-ийг дэлхийн жишигтэй нийцүүлэн хоккей, уран гулгалт, кёрлинг, тэшүүр, шорт трек, гүйлтийн тэшүүр гэсэн өвлийн олимпийн төрөлд багтдаг спортын секц дугуйлан хичээллэх, тэмцээн уралдаан явуулах, нийтийн чөлөөт гулгалт хийх боломжтой, жилийн дөрвөн улиралд ажилладаг, мөсөн гулгуурын талбай бүхий амралт, чөлөөт цагийн цогцолбор төв байгуулахаар төлөвлөж байна.

 

Энэхүү төслийг концессын зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх төрлөөр хийж гүйцэтгэхээр Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад нэмэхээр тогтлоо.

 

Төрийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа

 

Төрийн өмчийн хорооны эрхэлж байсан чиг үүрэг Сангийн яаманд шилжсэн боловч ажиллах орон тоо, төсөв нь батлагдаагүй, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын төрийн төлөөллийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдээгүй байгааг харгалзан Төрийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Төрийн өмчийн хороог татан буулгах, чиг үүргийг шилжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Сангийн яам, Хууль зүйн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн өмчийн хороо, Архивын ерөнхий газрын бүрэлдэхүүнтэйгээр байгуулах, Төрийн өмчийн хороог татан буулгах ажлын хэсгийн удирдамжийг баталж, ажлын явцад хяналт тавих болон Төрийн өмчийн хороог татан буулгах, төрийн өмчийн хувьчлал, дуудлагын худалдаа, төрийн өмчийн төлөөлөл, төрийн өмчийн бүртгэл, тооллого зэрэг асуудлыг хариуцсан зарим ажилтныг чиг үүргийн дагуу Сангийн яаманд шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж дүнг ирэх сарын 15-ны дотор танилцуулахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтод даалгалаа.

 

Мөн Төрийн өмчийн хорооны чиг үүрэг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжиж байгаатай холбогдуулан чиг үүргийг тасралтгүй, давхардалгүй, хийдэл гаргалгүй зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Б.Болорт үүрэг болголоо. 

 

Ялтан шилжүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олголоо

 

Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Хонг Конгийн Засаг захиргааны онцгой бүсийн Засгийн газрын хоорондын хэлэлцээр болон Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Хонг Конгийн Засаг захиргааны онцгой бүсийн Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрхийг Хууль зүйн сайд Д.Дорлигжавт олголоо.

 

Гадаад хэргийн яамнаас ирүүлсэн Хон Конгт одоогийн байдлаар Монгол Улсын 127 иргэн байнга оршин сууж байна. Гэмт хэрэгт холбогдон сэжигтнээр саатуулагдан шалгагдаж буй 2, шүүхээр ял шийтгүүлэн хорих ял эдэлж буй 21 иргэн байна.

 

Хэлэлцээр байгуулснаар хоёр талын хууль сахиулах байгууллагууд эрүүгийн хэргийн мөрдөн байцаах, шүүн таслах, яллах ажиллагаанд хурдан шуурхай хамтран ажиллах боломжтой болно. Мөн эх орондоо ял эдлэхийг хүссэн, Хон Конгт ял эдэлж буй Монгол Улсын иргэдийг шилжүүлэн ирүүлэх ажлыг тодорхой журмын дагуу цаг алдалгүй гүйцэтгэх боломжтой болох юм.

 

Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр батлагдлаа

 

Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг баталж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган, мэргэжил арга зүйн удирдлага, зохицуулалтаар ханган хяналт тавьж ажиллахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгалаа.

 

Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг өөрийн эрхлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж, шаардлагатай хөрөнгийг жил бүр улсын болон орон нутгийн төсөвт тусгахын зэрэгцээ гадаадын зээл, тусламж, төсөл хөтөлбөртэй уялдуулан санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

 

Үндэсний хөтөлбөрт өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн бага, дунд хэрэглээтэй, зорилтот бүлгийн өрхүүдийг хамруулна. 2016-2024 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн үндсэн арга хэрэгсэл нь өрхийн хөгжлийн төлөвлөгөө байна. Энэ төлөвлөгөөнд өрхийн нөхцөл байдал, хэрэгцээ, нөөц боломж, чадавхид тулгуурлан, өрхийг хөгжүүлэх, амьжиргааг сайжруулах зорилготой, тусгайлсан арга зүй бүхий үйл явцыг багтаана.  Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр өрхийн хөдөлмөрийн насны гишүүдийн хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдалтын түвшин нэмэгдэж, нийгмийн хамгааллын үйлчилгээ, дэмжлэг туслалцаа шаардлагатай хүндээ хүрэхийн зэрэгцээ хөтөлбөрт хамрагдсан өрхүүдийн амьжиргааны түвшин суурь үеийн түвшингээс өсч, өрхийн хөгжлийн түвшин ахих зэрэг үр дүнд хүрнэ гэж тооцоолж байна. 

 

Арьс, ширний талаар нэг удаагийн арга хэмжээ авах тогтоол хэрэгжиж эхэллээ 

 

Засгийн газар 2015 оны 12 дугаар 25-ны өдрийн хуралдаанаар боловсруулаагүй бүх төрлийн арьс, ширийг хорио цээрийн талаар гадаад улстай байгуулсан хоёр талын баримт бичгийг харгалзан 2016 оны нэгдүгээр сарын 5-ны өдрөөс 2 дугаар сарын 5-ны өдөр хүртлэх нэг сарын хугацаанд экспортод гаргахыг зөвшөөрсөн бөгөөд тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллан, 2016 оны I улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Сангийн сайд Б.Болор нарт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

ТОВЧ МЭДЭЭ:

-  С.Мэндсайханыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргаар, С.Пүрэвийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гааль, татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо.

 

-  - Ц.Пүрэвдоржийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын, Д.Бэхбатыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гаалийн ерөнхий газрын дэд даргын, Н.Энхцогтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гаалийн ерөнхий газрын дэд даргын, Ц.Нанзаддоржийг Засгийн газрын тохируулагч агентлаг-Төрийн өмчийн хорооны даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөллөө

 

- Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлага, зохицуулалтаар ханган хяналт тавих үүрэгтэй зөвлөлийн бүрэлдэхүүн, хэрэгжүүлэх төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.

 

- Гаалийн ерөнхий газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй конторын зориулалттай барилгыг захиргааны хэргийн шүүхүүдийн нэгдсэн байрны зориулалтаар Шүүхийн ерөнхий зөвлөлд балансаас балансад шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Үл хөдлөх хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Сангийн сайд Б.Болорт даалгав.

 

- Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.

 

- Хүрээлэн буй орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хоорондын санамж бичигт заасан үүргийг “Монгол Кувейтын судалгааны төв” төрийн бус байгууллагаар зохих гэрээний дагуу гүйцэтгүүлэхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгт зөвшөөрөв.

 

- Монгол Улсын нутаг дэвсгэрээс хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн олдворуудыг АНУ-аас Монгол Улсад буцаан олгохтой холбоотойгоор “Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Гааль, хилийн хамгаалалтын газар хооронд байгуулах өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх гэрээ”-нд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, гэрээний төслийн талаар хэлэлцээ хийх, түүнд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэлд олголоо.

 

- Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар 2015 оны 12 дугаар сард БНХАУ-ын Жэнжоу хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн 14 дүгээр хуралдаан ажиглагчаар оролцсон дүнгийн талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн танилцуулав. Хуралдааны мөрөөр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Гадаад хэргийн сайдад даалгалаа.

 

- Засгийн газрын 2005 оны 245 дугаар тогтоолоор батлагдсан Орчны эрүүл мэнд үндэсний хөтөлбөрийн төгсгөлийн үнэлгээний дүнг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг хариуцагч Ц.Оюунбаатар танилцууллаа. Үүнтэй холбогдуулан орчноос хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг үнэлэх, тандах, хянах тогтолцоог бэхжүүлэх, үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн салбарын хэмжээнд шийдвэрлэх асуудлаар төлөвлөгөө батлан хэрэгжүүлэхийг Шадар сайд бөгөөд Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг хариуцагч Ц.Оюунбаатарт даалгав.

 

- Засгийн газрын хуралдааны 2015 оны нэгдсэн мэдээллийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Засгийн газрын хуралдаанаар 2016 онд хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх асуудлын төлөвлөгөөг 1 дүгээр сарын 20-ны дотор ирүүлэхийг гишүүдэд даалгалаа.

 

- 2015 оны 12 дугаар сарын 9-нд Улаанбаатарт, БНТУ-ын Анкара хотод 2015 оны 16-нд гарын үсэг зурсан “Цэргийн сургалтын хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНТУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг тус тус баталлаа

 

- 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Брюссель хотод зохион байгуулагдсан Монгол Улс, Европын холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны тухай XVI хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүлэх ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд Хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга С.Баярцогтод даалгалаа. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Монгол Кувейтын судалгааны төв” төрийн бус байгууллага ene odoo yu bolj baina aa Kuvetees orj irsen sudalgaa shinjilgee hiih tuviin ehnii eeljiin sanhuujilt boloh 1.2 saya dollor OYUNHOROL saidiin ued budaa odoo bur tsagaandaa garaad TURIIN BUS BAIGUULLAGA bolood duusaa yu heleh ch ug alga
2016-01-05
Зочин:
saihan ium bolj dee
2016-01-05