Арбитрын хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2016-01-07

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг байлаа.

 

 

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл танилцууллаа. Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллыг холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусгасан хэмээн тэрбээр танилцуулгадаа дурдсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганхуяг асууж тодруулсаны дараа хуулийн төслийг батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.7 хувь нь дэмжин хуулийг баталлаа.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

 

Үүний дараа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулав.

 

 

Хуулийн төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Даваасүрэн, О.Баасанхүү, Ц.Нямдорж, Д.Ганхуяг, Ж.Батзандан нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Үүний дараа Хууль зүйн байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, хуулиудын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

 

Арбитрын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

 

Дараа нь Арбитрын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

 

Хуулийн төслийн талаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцууллаа.Арбитр нь үүссэн маргааныг талуудын тохиролцсоны дагуу, маргаан таслах хараат бус бүрэлдэхүүний өмнө шийдвэрлэх арга юм. 2003 оны Арбитрын тухай хуулийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Олон улсын худалдааны арбитрын тухай Загвар хууль (цаашид “Загвар хууль” гэх)–д нийцүүлэх чиглэлийг баримтлан боловсруулсан боловч Монгол Улс одоог хүртэл Загвар хуулийг нутагшуулсан орны жагсаалтад бүртгэгдээгүй байдаг. Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа 2006 онд нэмэлт, өөрчлөлт орсон Загвар хуульд үндэслэн, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Арбитрын тухай хуулийн дэвшилтэт зохицуулалтыг хадгалан, Гадаадын арбитрын байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ба биелүүлэх тухай 1958 оны Нью-Йоркийн конвенцийн дагуу Монгол Улсын хүлээсэн үүргийг үргэлжлүүлэн бүрэн хэрэгжүүлэх нөхцөлийг хангаж, улмаар Монгол Улс НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Олон улсын худалдааны арбитрын тухай Загвар хуулийг нутагшуулсан улс орон болох нөхцөлийг бүрдүүлэх гол зорилтыг удирдлага болгосон гэлээ.

 

 

Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар арбитрт итгэх олон нийтийн итгэл нэмэгдэж, арбитрыг маргаан шийдвэрлэх арга болгон хэрэглэх явдал ихсэх эерэг үр дагавар бий болно гэж тооцоолжээ.

 

Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар гадаадын хөрөнгө оруулагчдад илүү ээлтэй эрх зүйн орчин бий болж, Монгол Улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх нөхцөл бүрдэх эдийн засгийн ач холбогдолтой юм. Түүнчлэн, арбитраар маргааныг шийдвэрлэхэд зарцуулагдах цаг болон зардлыг бууруулж, Монгол Улсад бизнес эрхлэхэд гарах боломжит зардлыг бууруулах аж.

 

Мөн уг төсөл батлагдсанаар Монгол Улсыг НҮБ-ын ОУХЭК-ийн Загвар хуулийг нутагшуулсан улсын бүртгэлд бүртгэх, олон улсын болон дотоодын арбитрын ажиллагаагааны зохицуулалтыг олон улсын шилдэг туршлагад нийцүүлэх, Монгол Улсын шүүхийн ачааллыг бууруулах боломжийг бий болгох ач холбогдолтой гэлээ.

 

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү танилцуулав.

 

Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл нар Арбитрын тухай хуулийг Олон улсын худалдааны арбитрын загвар хуульд нийцүүлэн шинэчлэн баталснаар Монгол Улс дахь арбитрын үйл ажиллагаа олон улсын стандартад нийцэх алхам бүрдэж байгаа тул өндөр түвшний арбитрчдийг бэлтгэх, Монгол дахь гэрээний маргааныг гадаадын арбитрын байгууллагад бус дотоодын арбитраар шийдэгддэг байх боломжийг бүрдүүлэхэд анхаарах гэсэн саналыг тус тус гаргаж байсан хэмээн УИХ-ын гишүүн О.Баасанхүү танилцуулгадаа дурдсан юм.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Лүндээжанцан, О.Баасанхүү, Н.Энхболд, С.Дэмбэрэл асуулт асууж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Х.Тэмүүжин, С.Дэмбэрэл нар үг хэлж байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин