Xурандаа Б.Дашаахүү осолдсон онгоцны нислэгт тэнцэх чадварын гэрчилгээг хууль бусаар сунгуулжээ
2016-01-14

Өнгөрсөн сарын 24-ний өдөр Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн сургалтын “МИ-8” нисдэг тэрэг сургуулилт хийх үеэр осолдсон хэрэг гарсан. Уг ослын улмаас нэг алба хаагч амиа алдаж, 10 алба хаагч бэртэж гэмтсэн ч одоогоор биеийн байдал эрс сайжраад байгаа билээ. Өмнө нь энэхүү ослын талаар хэвлэлүүд янз бүрээр тайлбарлаж байгаа ч нэг л үнэн байх ёстой хэмээн учир мэдэх хүмүүс ярьж буй билээ. Хамгийн гол нь БХЯ-ны удирдлагууд осол юунаас болж гарсан талаарх бодит мэдээллийг олон нийтэд өгөлгүй зөвхөн өөрсдийгөө хаацайлж, бусдыг буруутгаж буйд нь тус газар ажилладаг, ажиллаж байсан нөлөө бүхий эрхмүүд ихэд эгдцүүцэж буй юм. Тухайлбал, Жанжин штабын мэдээллээр бол төлөвлөгөөт сургалтыг сар бүр өдөр, шөнө хийдэг гэнэ. Энэ удаагийн сургалт ч гэсэн төлөвлөгөөний дагуу байсан бөгөөд цэргийн алба хаагчид байсан гэх мэдээллийг олон нийтэд өгсөн билээ.

 

Тэгвэл энэхүү мэдээлэл нь үнэнээс асар их хол зөрж байгаа гэдгийг тус газрын алба хаагчид ч батлан хэлж байгаа юм. Тухайлбал, осол гарсан өдөр буюу 24-ний өдөр тус анги шинэ жилийн баяраа хийхээр төлөвлөсөн байж. Өөрөөр хэлбэл, осол гарахын өмнө тус ангийн даргыг орлож байсан дэд хурандаа Н.Баясгалан онгоцуудад ондоо батлагдсан төсөв, шатахуун байна уу, үлдэгдлээр нь нисье гээд амралтаа аваад байсан ангийн захирагч Н.Очирбатыг дуудаж нислэг хийхээр болжээ. Ингээд нислэг болох үед экипаж солигдож ангийн дарга Н.Очирбат хойно сууж байх үедээ осолд өртсөн ажээ. Харин осолдсон онгоцыг жолоодож байсан хүн нь тус ангийн нисэх багийн дарга Ш.Батжаргал гэгч байсан тухай өмнө нь мэдээлж байсан. Хэрвээ уншигчид санаж байгаа бол 2004 онд УИХ-ын гишүүн байсан "Симба" Батаатай үнэг хөөж яваад “Ми-8” онгоцыг унагасан Ш.Батжаргал билээ. Түүх сөхөхөд 2004 онд болсон уг хэргийн шүүгдэгчээр онгоцны дарга Д.Гансүх, II нисгэгч Ш.Батжаргал, портмеханикч Ц.Чимиддорж нарыг Эрүүгийн хуулийн 217.2 дугаар зүйл ангиар ял төлөвлөж байсан ч Өршөөлийн хуулийн ачаар хэрэгсэхгүй болж байсан юм. Ямартай ч цагтаа онгоц унагааж явсан Ш.Батжаргал нь өдгөө нисэх багийн дарга гэсэн боломжийн албан тушаал хашиж байгаа нь ч тус яамны удирдлагуудын өвөр түрийндээ орсныг ч гэрчлээд өгч буй юм. Уг нь цагтаа онгоц унагааж улсад олон сая төгрөгийн хохирол учруулсан хүн гэдгийг дурьдах хэрэгтэй байх.



ҮНЭН ГЭДЭГ ЗҮЙЛ ГАНЦ Л БАЙХ ЁСТОЙ



Түүнчлэн тус газрын удирдлагуудын хэлсэнчлэн “Төлөвлөгөөт сургалтыг сар бүр өдөр, шөнө хийдэг. Энэ удаагийн сургалт ч гэсэн төлөвлөгөөний дагуу байсан” гэдэг нь худал байсан гэнэ. Үнэн гэвэл сүүлийн дөрвөн жилд шөнийн нислэгийг огт хийхгүй байж байгаад зургаан сарын дараа хийх болсон төдийгүй экипаж дадлага байхгүйгээр үл барам кабины битүү нислэг хийсэн, мөн хугацаа нь дууссан онгоцоор нислэг үйлдсэн зэрэг нь осол гарахад нөлөөлжээ. Тодруулбал, эл онгоц нь 1984 онд үйлдвэрлэгдэж 2003 онд их засварт орж байжээ.

 

Гэтэл Зэвсэгт хүчний Жанжин штабын Агаарын довтол­гооноос хамгаалах цэргийн Улсын нисэхийн хэлтсийн дарга Б.Дашаахүү хугацаа нь дууссан онгоцыг дахин нисгэхийн тулд дээрх олсолдсон онгоцны сунгалтыг хууль бусаар сунгуулжээ. Тодруулбал, онгоц нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ авахдаа хуучин дарга асан Ц.Бямбажаваар сунгалтыг хийлгүүлж ийнхүү хууль бус, хуурамч сунгалтаар хүний амийг хөнөөхөд хүргэсэн байна. Б.Дашаахүү нь онгоцны ослын шалтгааныг тогтоох комиссын бүрэлдэхүүнд багтаж өөрийн гэмт үйлдлээ дарахын тулд “Экипаж л буруутай. Онгоц зүгээр байсан” гэх үгийг хэлэхийн тулд энэхүү комисст гишүүнээр орж чаджээ. 


Мөн тэрбээр энд тэндээс комисс гээд нисэхийн инженерийн боловсрол байхгүй, зүгээр л инженер гэх мэтийн албан тушаал хашиж буй залуусаар гарын үсгийг нь зуруулж өөрийн хууль бус сунгалтаа нуун дарагдуулахын тулд башир арга хэрэглэж байгаа гэнэ. Тухайлбал, Б.Дашаахүү болон дээр нэр нь дурьдагдсан 337 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Очирбат, тус ангийн орлогч, дэд хурандаа Н.Баясгалан нарын хууль бус үйлдлийн талаар өмнө нь хэвлэлүүд мэдээлж байсан. 


Тодруулбал, “2012 оны аравдугаар сарын 26-29-ний өдөр Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт хулгайгаар байлдааны тээврийн зориулалт бүхий онгоцоор зэрлэг гахай, баавгай агнахад улсын өмчийг дур мэдэн авч ашигласан хурандаа Б.Дашаахүү ангийн олзоо үүрсэн Монгол Улсын заан Б.Соронзонболдыг хараад нисдэг тэрэгний цонхоор бахархалтай ажиж буй нь дүрс бичлэг цахим ертөнцөд мөнхөрч байсан түүхтэй. Мөн 2013 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 10:00 цагт байлдааны дуунаас хурдан онгоцны 337 дугаар ангийн төв хаалгаар 7086 НАА дугаартай “Портер” машинаар 1200 литр, зургаан торх ТС-1 шатахуун авч гарсан бөгөөд түүний цаана хурандаа Б.Дашаахүү нууц ноёнтноор үлдэж, дэд хурандаа Н.Баясгалан гардан гүйцэтгэж байсан. 


Түүнчлэн тэднийг 2014 онд байлдааны онгоцны 160-170 тн шатахуун зарж, бүлэглэн завшсан тухай хууль бус үйлдлүүд нь өдгөө хэвлэлийн хуудаснаа шарлаж баримт болон үлдсэн байна. 
Ямартай ч нэр бүхий гурван өндөр албан тушаалтны дээрх үйлдлээс харахад энэ удаагийн ослын шалгааныг сургуулилтын нислэг үйлдсэн хэмээн худал хэлж хуурамч баримт бүрдүүлж шатахуунаас бас л завших гэж байсан юм болов уу гэсэн хар төрж байгааг нуух юун. Хачирхалтай нь “Агаарын мөнгөлөг хурандаа” гэх нэрийг зүүх болсон тэдний талаарх олон мэдээлэл хэвлэлээр гарч байхад хуучин сайд нар болон шинээр томилогдсон сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар, удирдлагууд нь энэ бүх үйл явдлыг яагаад нэг ч удаа шалгаагүй юм бол гэдэг нь сонирхолтой. 


Тиймээс Ц.Цолмон сайд аа, Хугацаанаа нь дууссан онгоцыг ямар үндэслэлтэй, ямар хүмүүс гарын үсэг зурж зөвшөөрөөд сунгасан юм бэ” энэ хэрэгт буруутай хүмүүсийг олон нийтэд зарлаач. Ямартай ч энэ удаагийн ослын буруутнаар экипажийн бие бүрэлдэхүүн бус, хууль бусаар онгоцонд сунгалт хийлгэсэн Зэвсэгт хүчний АДХЦ-ийн Улсын нисэхийн хэлтсийн дарга, Монгол Улсын гавьяат нисгэгч, хурандаа Б.Дашаахүү байлтай.


Ямартай ч дараагийн дугаартаа хууль бусаар сунгалт хийлгэсэн “Ми-8” нисдэг тэрэгний нислэгт тэнцэх чадварын гэрчилгээг баримтаар ил болгох болно.

 

Эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Энэ чинь арай дэндүү биш үү? ЭНЭ ЗАСАГ бүрэн ДАМПУУРЧ гүйцжээ.
2016-01-14
Зочин:
маа д одоо дэслэгч ахмад гэх мэт цолнууд байгаа юу
2016-01-14
ард:
Энэ монгол улсад чинь хариуцлага гэдэг юмыг уландаа гишгээд байна ш дээ намыг л тахин шүтсэн хүмүүс байна Төрийн бодлого хэрэгтэй, хариуцлага хэрэгтэй
2016-01-14
Зочин:
БОЛЬЁ ОО
2016-01-14