Жакарта: Халдагчийн гэрт шалгалт хийжээ
2016-01-18

 

Индонезийн нийслэл Жакарта хотноо өнгөрсөн долоо хоногт террорист этгээдүүд дараалласан халдлага үйлдсэн билээ. Халдлагын улмаас долоон хүн амиа алдаж, 14 хүн гэмтэж, эмнэлэгт хүргэдсэн юм.  Цагдаагийнхан халдлага үйлдсэн таван этгээдийг устгаж, долоон этгээдийг баривчилсан.

 

“AFP” агентлаг “Цагдаагийнхан энэ амралтын өдөр халдлага үйлдсэн террористуудын нуугдаж байсан хоргодох байрыг олж, шалгалт явуулсан”  гэж мэдээлжээ. Шалгалтын явцад уг байрнаас Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн далбааг олсон байна. Тус бүлэглэл Жакартагийн халдлагыг захиалсан хэмээн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.

 

Уг байрны эзэн нь Бахрун На Им болохыг тогтоосон байна. Түүнийг Жакартагийн халдлагыг зохион байгуулсан болохыг илрүүлсэн бөгөөд хамгийн эхэнд амиа алдсан террористуудын нэг билээ. Бахрун На Им 2011 оны дөрөвдүгээр сард хууль бус зэвсэг эзэмшсэн хэмээн баригдаж, ял эдэлж байжээ. Тэрээр 2013 оны долоодугаар сард шоронгоос суллагдсаныхаа дараа сураггүй алга болсон бөгөөд тагнуулынхан түүнийг Сири улсад очсон болохыг тогтоосон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

Shuud.mn
Сонин хачин