“Морин хуур” наадамд 100 гаруй уран бүтээлч оролцов
2016-01-19

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур” наадмын 29 дахь удаагийн шалгаруулалт энэ сарын 16, 17-нд “Улаанбаатар” чуулгын концертын танхимд боллоо. Тус наадамд АЖ, төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Жанцанноров, 1989 оны “Морин хуур” наамдын тэргүүн байрын шагналт Б.Магсаржав, Т.Сэр-Од, Б.Бямбабаяр нар оролцов. Мөн Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Хэнтий, Хөвсгөл зэрэг холын аймгаас хөгжмийн зохиолчид ирж оролцож буйгаар онцлогтой наадам болж буй талаар наадмын зохион байгуулагчид хэлж байлаа. Нийт 100 гаруй хөгжмийн зохиолч, уран бүтээлч өөрсдийн шилдэг  уран бүтээлээ тус наадамд сойлоо. Эдгээрээс шилдэг 25-ыг шалгаруулж “Гала” тоглолтыг энэ сарын 28-нд СТӨ-нд зохион байгуулах юм.

 

Шалгаруулалтыг шударга байлгах үүднээс  хөгжмийн судлаач, хөгжмийн зохиолч, удирдаач, яруу найрагч, хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч гэсэн 5 хүний бүрэлдэхүүн шүүгчээр ажиллаж буй гэнэ. Мөн нэгдүгээр үе шатны шүүгч хоёрдугаар шатыг шүүхгүй бөгөөд “Гала” тоглолтод дахин өөр шүүгч ажиллах юм байна.

 

Шилдгээр шалгарсан уран бүтээлийг 2016 оны турш FM радиогоор цацаж алдаршуулах аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин