Их сургуульд халдлага үйлджээ
2016-01-21

Пакистаны баруун хэсгийн Хайбер Пахтунхва мужийн Чарсадда хотноо байрлах “Бача Хан” их сургуульд өчигдөр орон нутгийн цагаар 10.00 цагт зэвсэглэсэн этгээдүүд халдлага үйлдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Зэвсэглэсэн этгээдүүд тус сургуулийн оюутны хотхонд халдлага үйлдсэн байна. “Халдлагын улмаас 19 хүн амиа алдаж, 17 хүн шархтаж, эмнэлэгт хүргэгдсэн” хэмээн Чарсадда хотын цагдаагийн газраас уламжлав.

 

“Бача Хан” нь 3000 гаруй оюутантай Пакистаны хамгийн том их сургуулийн нэг аж. Халдлагын үеэр их сургуулийн хичээлийн нэгдүгээр танхимд шүлгийн уралдаан болж байсан аж. Террористууд бөмбөг дэлбэлсний дараа эмх замбараагүй байдал үүсчээ.

 

Гэрчүүдийн мэдээлснээр “Гэмт этгээдүүд дөрвөн удаа тэсрэх бөмбөг тэсэлсэн” гэв. Цагдаагийнхан тусгай ажиллагаа явуулсны үр дүнд дөрвөн этгээдийг устгажээ. Одоогоор их сургуулийн халдлагыг ямар бүлэглэл захиалсан болох нь тодорхойгүй байна.

 

Энэхүү халдлагаас долоо хоногийн өмнө талибанчууд Пешавар мужийн нэгэн сургуульд халдлага үйлдэж буй видео бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулсан билээ.

Өнгөрсөн 2014 оны арванхоёрдугаар сард талибанчууд Малала охиныг Нобелийн энхтайвны шагнал хүртсэн явдлыг буруутгаж, Пешавар мужид байрлах цэргийн албан хаагчдын хүүхдүүдийн суралцдаг дунд сургуулийг барьцаалж, 140 хүүхдийн аминд хүрсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин