Агаарын бохирдол хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ
2016-01-23

УИХ-ын даргын ивээл дор “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” олон улсын зөвлөгөөн энэ сарын 25, 26-ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудлын их танхимд болно. 

 

Тус зөвлөгөөнийг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Эрүүл мэнд, спортын яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран зохион байгуулна. Зөвлөгөөнд Монгол, Америк, Англи, Австрали, Хятад, Солонгос зэрэг улсын эрдэмтэд болон төр, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач, бодлого шийдвэр гаргагчдын нийтдээ 160 гаруй төлөөлөгчид оролцох аж. 

 

Тэд агаарын бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөлөл, хор уршиг, түүн дотроо ургийн бойжилтод үзүүлж буй нөлөө, Улаанбаатар хотын хүүхдийн уушгины хатгалгаа, амьсгалын замын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгааны үр дүнг хэлэлцэх юм байна.

 

Энэ үеэр нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарласан “Цэвэр агаар-Эрүүл ирээдүй” гар зураг, зохион бичлэгийн уралдааны шагналыг гардуулна. 

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлж буйгаар агаарын бохирдол нь архаг өвчлөл, хавдрын өвчлөлийн томоохон эрсдэлт хүчин зүйл болж өдгөө, гадаад болон дотоод орчны агаарын бохирдолтой орчинд 50 сая хүн амьдарч байгаа бөгөөд жил бүр тэдний 3.1 сая нь наснаасаа эрт хорвоог орхиж байна.

 

Эрүүл мэндийн статистик мэдээллээс үзэхэд 1999-2016 онуудад агаарын бохирдолтой шууд холбоотой өвчлөлүүд болох амьсгалын тогтолцооны өвчин дунджаар 26.8%, зүрх судасны тогтолцооны өвчин 18.1%-иар нэмэгджээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин