Б.Найдалаа: Шударга зарчмаа бодвол хотын мандатыг нэмэх л ёстой
2016-01-29

ХҮН-ын дэд дарга Б.Найдалаатай ярилцлаа.

 

-Юуны өмнө ХҮН-ын дэд даргаар сонгогдсонд тань баяр хүргэе.

-Баярлалаа.


-Хөдөлмөрийн үндэсний нам байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн жилээс улам идэвхитэй ажиллаж эхэлсэн. Түүнийг дагаад энэ нам хэний захиалгаар бий болов, хэн гэдэг хүн ард нь байгаа вэ гэхчилэн олон албан бус яриа гарч байсан. Энэ бүхэнд хариулт өгч болох уу?


-ХҮН анх 2011 онд албан ёсоор байгуулагдсан гэдгийг хэлье. Түүний дараа 2013 оноос клубийн хэмжээнд салбарын мэргэжилтнүүд цуглаад улс орны эдийн засаг, нийгэмд тулгамдаж буй асуудлын талаар ярилцдаг байсан. Ингэж явсаар улс төр хийхийн төлөө бус бид бүгдэд тулгараад буй асуудлыг нам байгуулж, цогцоор нь шийдэх ёстой юм байна гэсэн дүгнэлтэд хүрч улс төрийн хөдөлгөөн болсон юм. Хэн нэгэн хүний захиалгаар байгуулсан зүйл байхгүй, тийм боломж ч байхгүй. Зүгээр төсөөлөөд  бодоход ч, энэ олон зарчим, үзэл санаа, хүсэл тэмүүллээрээ нэгдсэн хүмүүсийн ард хэн нэгэн мөнгөтэй хүн дохиод, чиглүүлээд сууж байх боломжтой юу. Үгүй шүү дээ. Ийм олон хүн хэн нэг шуналтны төлөө, хэн нэгний тоглоом болоод цаг, насаа үрээд явна гэж үү. Хэрвээ тийм байсан бол хэзээ ч ингэж өргөжиж, нэр төрөө эрхэмлэдэг олон гишүүн нэгдэж, олны дэмжлэгийг авч чадахгүй байсан.


-Санхүүжилтийн асуудлаа хэрхэн шийддэг вэ. Улс төрийн нам тогтвортой үйл ажиллагаа явуулах гол хүчин зүйлүүдийн нэг шүү дээ?


-Санхүүжилтийн асуудал ХҮН-ын цахим хуудсанд ил тод байгаа. Үүсгэн байгуулсан гишүүдийн өөрсдийн хандив, зардлаар өдий болтол явж ирсэн. Цаашдаа ч гэсэн хэн нэг хүнээс бус аль болох олон хүнээс, нийт иргэд, гишүүд дэмжигчдээс санхүүжээд явах ёстой гэж бид үздэг. 


-ХҮН-ын гишүүд татвар төлж байгаа юу. Бусад намын адил...

-Гишүүд татвараа төлж байж гишүүний эрхээ эдлэх ёстой. 


-Аливаа улс төрийн хүчин зарчим, үнэт зүйл, үзэл баримтлалаараа бусдаас ялгардаг. Танай намын хувьд?


-ХҮН бол Монгол Улсад тулгараад буй асуудлуудыг шийдэхийн тулд нэг үзэл санаанд нэгдсэн олонлог юм. Аливаа намыг илэрхийлэх хамгийн чухал зүйл бол үзэл санаа, үзэл баримтлал байдаг. Үзэл санаа байхгүй, үзэл санаан дээр нэгдээгүй бол нам биш. Жишээлбэл, одоо байгаа Монголын намууд яагаад шинэчлэгдэж чадахгүй байна вэ. Үзэл санаагаа шинэчилж, цэгцэлж чадахгүй байгаа учраас шүү дээ. Түүнээс нэг даргыг нөгөө даргаар, хөгшнийг залуугаар нь сольсноор шинэчлэл явагддаггүй. ХҮН-ын хувьд маш тодорхой хүн дээд үзэл, Зүүн төвийн социал-демократ үзэл баримтлалтай. Аливаа том бага бүх бодлого хүнээ дээдлэх, хүндээ үр дүнг бодитой хүртээх зарчимтай, хэмжүүртэй. Үүгээрээ уялдаж, хүн дээрээ нэгдэж нэг цул болох ёстой гэсэн зарчим. Мөн ХҮН Монгол Улсад бий болсон өнөөгийн асуудлыг яаж шийдэх, ирээдүйн хөгжлийг хэрхэн бүтээх талаар тодорхой зарчим, үзэл баримтлалтай, урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөг Бодлого судалгааны хүрээлэн дээрээ боловсруулсан байгаа.     


-Улс төрийн намуудын хамгийн чухал үе болох сонгуулийн жил эхэллээ. Танай намын хувьд сонгуулийн бэлтгэл ажилдаа ороод завгүй байгаа байх?


-Мэдээж улс төрийн бусад намуудын адил ХҮН-ынхан ч сонгуульд маш чухал ач холбогдол өгч байгаа. Бидэнд улс орныг хөгжүүлэх алсын зорилго, төлөвлөгөө бий. ХҮН бол нэг хүний, эсвэл хэдхэн хүний нам биш, нийгмийн захиалгаар бүрэлдсэн олон нийтийн нам, хөдөлгөөн. Иймд бид бүх шатны сонгуульд өргөн бүрэлдэхүүнээр оролцох үүрэгтэй гэж болно. Иргэд ч олноороо нэгдэж, дэмжихээ илэрхийлж, чадварлаг шинэ үеийн боловсон хүчин цуглан хуралдаж байгаад бид урам хүч орж байгаа.


-Таны хувьд мэдээж сонгуульд нэр дэвших байх. Тойрогт өрсөлдөх үү, эсвэл жагсаалтад бичигдэх үү. Ихэнх намын удирдлагууд жагсаалтад ордог шүү дээ?


-ХҮН-ын дэд даргаар ажиллаж байгаа лидерийн хувьд би тойрогт өрсөлдөнө. Аль тойрог гэдэг талаар нам, багаараа ярилцаж шийдэх болно. Одоохондоо энэ талаар шийдвэр гараагүй байна. Гэхдээ нийтийн том зорилгын төлөө үүрэг өгвөл аль ч хэлбэрээр, аль ч тойрогт нэр дэвшихэд, эсвэл дэвшихгүй ар талд ажиллахад ч бэлэн. 


-ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Ганбаатар сонгуульд хэрхэн оролцох бол. Намынхандаа энэ тухай мэдээлэл өгсөн үү?


-Одоогоор ярилцаж байна. Сэтгэлийн хөөрөл, хөдлөлөөр хариулдаг шийддэг асуудал биш тул бид байнга уулзаж зөвлөлдөж байгаа. 


-Танай намын даргатай холбоотой асуудлууд бас сүүлийн үед нэлээд шуугиан дэгдээж байна. Юуны талаар ярьж байгааг минь ойлгож байгаа байх?


-Юун түрүүнд хэлэхэд ХҮН бол хэдхэн хүний биш, нийгмийн захиалгаар бүрэлдсэн гурван сая хүний нам. Тийм болохоор гишүүнээр элсэх хүнийг өндөр нам, хар цагаан, баян ядуу гэж ялгадаггүй. Зөвхөн эх оронч, нэг үзэл санаа, зарчимтай л байх ёстой. УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг ХҮН-ын даргад өрсөлдөж байх үед нь өөрийн тань яриад байгаа дипломтой холбоотой асуудлаар болон бусад нэр холбогддог асуудлаар манай Төв хорооны гишүүд нээлттэй асууж шалгаасан. Тэгэхэд С.Ганбаатар дарга энэ асуудлаар ний нуугүй бүгдийг нь гишүүдэд үнэнээрээ хариулсан. Гишүүд ч мэдээлэл авч, ойлгож, хүлээн зөвшөөрч даргаар сонгосон. Телевизээр ярьсан зүйлийг бидэнд хэлсэн байгаа. Тийм болохоор намын хувьд ёс зүй, зарчмын зөрчил, үл ойлголцол байхгүй. 


-Хэвлэл мэдээллээр цацагдахаас өмнө бүгдийг нь мэдэж байсан гэсэн үг үү?


-Тийм. Хамгийн гол нь эх оронч сэтгэл зүтгэл, Монгол Улсын хөгжлийн төлөө тэмүүлж, тэмцэж байгаа чадвар, аливаа бохир зүйл, авлигад автаагүй байх л хамгийн чухал зүйл шүү дээ. 


-Сонгуулийн хуулийн талаар асуумаар байна. Он гарахаас өмнө Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар баталсан. Жижиг намуудад хэр халгаатай хууль болсон бэ?


-Парламентад олон суудалтай том намууд тус хуулийг гардан боловсруулсан. Ингэхдээ жижиг намуудад, бие даагчдад гээд ямарваа нэгэн шинэ хүн, шинэ санаа гарч ирэхэд бүх талаар саад болсон хуулийг баталсан. Гэхдээ бид тэр заалт буруу, энэ нь биднийг хавчиж байна гэх зэргээр гомдоллохгүй ээ. Учир нь түүхэн хөгжлийн дугуйг хэн нэгэн ойр зуурын хуулиар зогсоох, элдэв арга чарга хийлгэж, торгоож зогсоох боломжгүй. Нийгэм өөрчлөгдөхийг, шинэ эрч хүч авахыг, шинэ шатанд гарахыг, олон нийт шинэ амьдралыг хүсч байна. Олны энэ хүсэл тэмүүллийг Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, бусад хуулийг өөрсдөдөө тааруулж засах гэх мэтээр торгоож зогсоох боломжгүй. Их түүхтэй Монгол Улс нийгмийн ийм мухардал, хямралд ороод гацна гэж байхгүй. Монголчууд хэнд хэзээ санал өгөхөө, хэнийг хэзээ дэмжихээ мэддэг тулхтай ухаантай ард түмэн. 


-Эсрэгээрээ жижиг намууд зөвхөн сонгуулийн үеэр идэвхжээд, сурталчилгаагаа хийчихээд бусад үед нь чимээгүй болчихдог учраас ард иргэд төдийлөн итгэл үзүүлдэггүй мэт санагддаг. Танай намын хувьд яах бол?


-Ахиад хэлэхэд ХҮН бол нэг хүний нам биш. Бид бас жижиг нам биш. Үзэл баримтлалд нэгдсэн, нийгмийн бүхий л давхаргын төлөөллийг багтаасан байгууллага. Өнөөдөр ч намын ажлын гол нурууг зөвхөн итгэл үнэмшлээрээ, ямар нэг цалин мөнгө ашиг хонжоо хардаггүй мэргэжилтнүүд нугалж байгаа. Энэ хүмүүсийн хүсэл, итгэл үнэмшил тийм амар унтрахгүй. Тийм болохоор гишүүд, дэмжигчид, тэдний үйл ажиллагаа тасрахгүй гэдгийг итгэлтэй хэлье. 20 жил, 50 жилийн дараа ч гэсэн ХҮН байсаар байх болно. 


-Хотын мандатыг нэмье гэсэн санал гараад байгаа. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?


-Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Улаанбаатар хот эрс томорсон. Хүн амын тоо өссөн. Тийм болохоор хуульд заасны дагуу шударга зарчмаар хотын иргэдэд арай олон мандат ногдох ёстой гэж үзэж байгаа. ХҮН албан ёсоор байр сууриа илэрхийлсэн. 


-Намын удирдлагуудын хувьд хотод илүүтэй дэвших үү?


-Яг энэ асуудлаар эцсийн шийдвэрээ гаргаагүй байна даа.


-Хөдөө орон нутагт ХҮН-ын салбар нэгж хэр их байгаа вэ?


-Монгол Улсын бүх аймагт салбар нэгжээ байгуулсан байгаа, гишүүн болоогүй ч дэмжигчид маш олон байгаа. Тиймдээ ч өргөн бүрэлдэхүүнээр сонгуульд оролцоно.  


-Санхүүгийн салбар, тэр дундаа банкны салбарт ажиллаж байсан хүнтэй уулзсаных цаг үеийн зарим асуудлаар байр суурийг тань сонирхмоор байна. Зарим эдийн засагч, судлаачид Монголын банкууд санхүүгийн хувьд тун хүнд байдалд орсон гэж ярьж байна?


-Банкуудын эрсдэлийн удирдлага, хяналтын тогтолцоо 10 жилийн өмнөхтэй харьцуулахад эрс сайжирсан. Баргийн хямарлыг даваад гарах чадвартай болсон гэсэн үг. Гэхдээ хамгийн аюултай нь банкны салбарын зах зээл, эдийн засгийн хямрал гэхээсээ илүүтэй төрийн буруу бодлого, бизнес, зах зээлийн асуудал руу хутгалдаж байгаа нь муугаар нөлөөлөөд байна. Жишээлбэл, зээлийн хүүг бууруулах тухай Ерөнхий сайд нь гэнэт ухаан орсон мэт ярьж байна. Мөн найман хувийн зээлийг таван хувь болгох тухай гишүүд ам булаалдан ярьж байна. Энэ бүгд чинь эргээд банк гэлтгүй бусад бизнесийн салбарт том садаа болж байна ш дээ. Түүнээс банк, бизнесийнхэн муу ажиллаад байгаа зүйл байхгүй.  Төрийн институцууд нь өөрөө илт улстөржсөн шийдвэр гаргаж байгаа нь гол асуудал. Ийм учраас л хөрөнгө оруулалтын орчин сайжрахгүй, хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа юм.


-Ипотекийн зээл хэрхэн нөлөөлж байгаа юм бэ?


-Ипотекийн найман хувийн хөтөлбөр бол зөв хөтөлбөр. Хамгийн гол нь энэ хөтөлбөрийг зөв хэвшүүлээд, дахин санхүүжилтийн схемийг аажим аажмаар зах зээлийн харилцаа руу шилжүүлэх ажил хийх ёстой. Гэтэл шууд улс төрийн тоглоом болгон ямар ч мэргэжлийн гаргалгаагүй таван хувь болгон бууруулах, урьдчилгааг үгүй хийх гэх мэтийг нийтэд зарлаж хүлээлт үүсгэх нь хор хөнөөлтэй. Энэ хөтөлбөрийн цаашдын хувь заяанд, цаашид зээл авах иргэдийн эрх ашигт хортой.


-Зээлийн хүүг бууруулах нь иргэдэд сайн мэт харагдавч, урт хугацаандаа эдийн засаг, инцляцид сөргөөр нөлөөлөх үү. Ямар зээлийн хүүг бууруулж, ямар зээлийнхийг нь хадгалах ёстой юм бол оо? 


-Зээлийн хүү гэдэг хэн нэг гишүүн, дарга, улс төрийн нам мэдээд буулгачихдаг зүйл биш. Нийт эдийн засаг, бизнесийн тогтвортой байдал, инфляц, хууль эрх зүйн орчин зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг зах зээлийн ханш. УИХ зээлийн хүүг буулгая гэвэл хууль эрх зүйн орчинг сайжруулах, хадгаламжийн хүүгийн хөөргөдөлтийг багасгах гэх мэт хийвэл зохих эрх зүй, бодлогын суурь олон ажил бий. Харамсалтай нь энэ үүргээ гүйцэтгэхгүй байж олонд таалагдахын тулд хүүг хүчээр буулгах уралдаанд орж байгаа нь банкны болон бизнесийн салбарт дарамт болж байгаа. Зах зээлийн бус зарчмаар шийдсэн зүйл болгон хаа нэгтээ очиж төсвийн мөнгөнөөс, цаашлан нийт иргэдийн халааснаас гардаг. Зардлыг, хохирлыг бид өөрсдөө л эргүүлж төлнө гэсэн үг.

 

Эх сурвалж: Ардын эрх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ах нар маань шантралгүй зорисон зорилогдоо хүрнэ шүү
2016-02-02
Зочин:
hvn hvnee deedlene gedeg ni zuw zuil ym
2016-02-02
Зочин:
дэмжиж байна
2016-02-01
Иргэн:
Энэ залуучуудыг дэмжиж бна. Харин Ганбаатар бол хувиа бодсон худалч. Та бугдийг ашиглаж еронхиилогч болно гэж балайраад бсан. Та хэд болгоомжтой л бх хэрэгтэй .
2016-01-29