Зика вирус эболагаас аюултай
2016-02-02

Зика вирус олон улсыг заналхийлж эхэллээ. Энэ талаар “www.telegraph.co.uk” сайт мэдээллээ.

 

Урагт заналхийлж буй зика вирус хяналтаас гарч буй талаар ДЭМБ-ын ерөнхий захирал Маргерат Чан өчигдөр мэдэгдлээ. Уг вирусын халдвар авсан байх магадлалтай 4-5 сая иргэн Латин Америкийн орнуудад тархан амьдарч буйг тус байгууллагаас мэдээлэв.

 

 

Халдвар авсан хүнийг хараад мэдэгдэхгүй бөгөөд 14-21 хоногийн дараа эхний шинж тэмдэг нь илэрдэг байна. Шумуулаас хүнд халддаг тус вирусын халдвар өнгөрсөн 2013 оны долоодугаар сард Баруун Африкийн орнуудад дэгдсэн эбола вирусээс илүү аюултай хэмээн АНУ-ын Эрүүл мэндийн төвөөс уламжлав. Эболагийн улмаас 11 мянган иргэн амиа алдаж, 23 мянган хүн халдвар авч, өнөөдрийг хүртэл эмнэлгийн хяналтад байгаа юм. Эбола нь хөлс, цус, өвчтний хэрэглэж байсан ор, хөнжлийн давуу зэргээс халдварладаг бөгөөд 1-3 хоногийн дараа бие дээр улаан зүйл туурч, шинж тэмдэг нь илэрдэг билээ.

 

Одоогоор зика вирусын улмаас амиа алдсан тохиолдол бүртгэгдээгүй ч хамгийн ноцтой нь дөнгөж төрсөн ургийн тархины хөгжил зогсч, сэтгэцийн өвчтөй мэндэлж эхэлжээ. Бразил улсад жижигхэн толгойтой 3800 орчим хүүхэд мэндэлсэн хэмээн тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдэв. Эдгээр хүүхдийн 70-аас дээш хувь нь сэтгэцийн өвчтөй гэнэ.

 

Урагт заналхийлж буйтай холбогдуулан Бразил, Венеусэлийн удирдлагууд эмэгтэйчүүдийг жирэмслэхгүй байхыг уриалж, хориг үргэлжлэх хугацаанд жирэмслэхгүй бол урамшуулал олгохоо мэдэгдсэн байна. Харин Эль Сальвадор улсын удирдлагууд 2018 оны хоёрдугаар сар хүртэл эмэгтэйчүүдийг жирэмслэхийг хатуу хориглосон аж.

 

ДЭМБ, АНУ болон Канадын эмч нар зика вирусын зогсоох вакцин гарган авахаар ажиллаж буй юм. Энэ оны есдүгээр сард анхны клиникийн туршилтад оруулахаа мэдэгдсэн. Хэрвээ “Уг туршилт амжилттай болбол энэ оны арванхоёрдугаар сард өвчтөн дээр турших болно” гэжээ. Латин Америкийн орнуудын удирдлагууд вакцин гарах хүртэл эмэгтэйчүүдийг жирэмслэхгүй байхыг уриалж, жирэмслэлтээс хамгаалах аян хүртэл зохион байгуулж эхэлсэн байна.

 

Зика зөвхөн шумуулаар иргэнд халдварладаг хэмээн эрдэмтэд мэдэгдээд байгаа ч халдвар авсан хүмүүсийн тоо эрчимтэй нэмэгдэж буй нь “өөр хүчин зүйл нөлөөлж байна” гэв. Эрдэмтэд тус вирусын халдвар ундны усаар дамждаг байх магадлалтай хэмээн таамаглаад буй ч хараахан уг мэдээллээ баталгаажуулаагүй юм. 

 

 

Бразилийн удирдлагууд шумуулыг устгах ажилд армийн 200 мянган дайчныг дайчилж байна. Цэргүүд хотын төв, гудамж талбай зэрэгт ариутгал хийхээс гадна шумуулын үүрийг олж устгаж эхэлжээ. Шумуул чийглэг уур амьсгалтай голын сав орчмын ойролцоо үүрээ барьдаг аж. Армийнхан гол, далай зэрэг ус ихтэй газруудад тусгай ариутгал хийж эхэлжээ.

 

Мөн Реогийн олимп зохион байгуулагдах бүс нутагт хөл хорио тогтоожээ. Олон сая долларын өртөгөөр баригдаж буй олимпийн цэнгэлдэхүүдийн засварын ажил зикагаас болж түр зогссон байна. Жуулчдыг татаж, олон саяыг олох боломжтой олимпийн наадам уг вирусын халдвараас болж хэцүүхэн байдалд оржээ. Учир нь вирусын халдвараас болж АНУ тэргүүтэй орнууд иргэдээ тус улс руу зорчихгүй байхыг уриалаад байна.

 

Жижигхэн толгойтой хүүхэд мэндэлж буйтай холбогдуулан Бразилийн хуульчид, эрдэмтэд нэгдэж халдвар авсан эхчүүдийг үр хөндүүлэх мэс засал хийлгэх хүсэлтийг Дээд шүүхэд хүргүүлжээ. Бразилд үр хөндөлт хийлгэх нь хуулиар хориотой байдаг аж. Хэрвээ хууль бусаар үр хөндүүлсэн бол таван жил хорих ял ногдуулдаг байна.

 

Өнгөрсөн оны аравдугаар сард зика вирусын анхны тохиолдол Бразил улсад бүртгэгдсэн бөгөөд өнөөдөр тус вирусын халдвартай байх 1.5-3 сая иргэн амьдарч буйг ДЭМБ-аас сануулсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
jew nar delhiin hun am tsuuluh ajilaa eheljee
2016-02-02
Зочин:
Hun ooroo ooriigoo horoono esvel hun nuhon urjih chadvaraa aldana gedeg prorochestvaa ingej biellee olloo doo. hun turlohtun muhoh zamdaa orloo
2016-02-02
зочин:
АНУ л ийм нарийн программчлагдсан вирус гаргаж авч чадна. Нэг бол олон хүнтэй хятадад сарс,нэг бол олон хүнтэй африкт эбола,нэг бол олон хүнтэй латин америкт зика.Одоо бол туршилт хийгээд байх шиг байна.Хожим яг хэрэгтэй үед хэрэглээд баллах юм байна даа.
2016-02-02
del:
Ymar zawaan yum be
2016-02-02