Алисиа Викандер: Мөрөөдлөө төмөр торонд хорих хэрэггүй
2016-02-02

Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Данийн охин” киноны Лили Елбегийг дүрийг бүтээсэн залуу жүжигчин Алисиа Викандерийн “ELLE сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Хэдхэн хоногийн өмнө зохион байгуулагдсан “SAG” шагнал гардуулах ёслолоос та Лили Елбегийн дүрээр “Шилдэг эмэгтэй дүр” шагналын эзэн болсон. Танд баяр хүргье.

 

-Үнэхээр зүүд шиг үйл явдал болсон. Шагналын эзэн болно хэмээн бодоогүй байсан. Нэр дэвшиж, алдартнуудын дэргэд суух миний хувьд том мөрөөдөл байлаа. Гайхалтай өдрийг бэлэглэсэн “SAG”-ын зохион байгуулагчдад баярлалаа.

 

-“Данийн охин” кино хэдий албан ёсоор нээлтээ хийгээгүй ч олон мянган үзэгчийн дунд хүлээлт үүсгэж, 88 дахь удаагийн “Оскар”-ын шагналд хүртэл нэр дэвшээд байна. “Шилдэг кино” номинацийн эзэн болох магадлалтай уран бүтээлийн тоонд багтаж байгаа?

 

-Тиймээ, төсөөлөхөөс илүү алдар нэрийг энэхүү уран бүтээл надад болон олон хүнд авчирлаа. Мэдээж хэрэг энэхүү уран бүтээлийг бүтээхийн тулд бүгд л өдөр шөнөгүй хичээнгүй ажилласан. Киноны зохиол болон жүжигчид гайхалтай байсан. Би энэхүү кино багт багтахын тулд их хичээсэн.

 

-Таныг Лили Елбегийн дүрийн сонгон шалгаруулалтад хэдэнтээ орсон гэж сонссон. Та өмнө нь чамгүй олон дүр бүтээгээд байсан?

 

-Лили Елбе бол миний мөрөөдлийн дүр. Энэ дүрийг авахын тулд өөртөө байгаа бүхий л бололцоогоо ашиглаж, хэн нэгэнд боломжоо алдахыг хүсээгүй. Бараг 4-5 удаа шалгаруулалтад орж байж тэнцсэн. Менежер минь “Одоо болно” гэх болгонд Лилигийн дүрийг бүтээхийг хүссэн. Намайг яг л хар тамхи шиг мансууруулж байлаа. Би сонгон шалгаруулалтад тэнцээд зохиолоо уншихдаа “Гайхалтай” хэмээн дуу алдсан. Кино зохиол үнэхээр гайхалтай. Яг л солонго шиг, тэнгис шиг үзэсгэлэнтэй.

 

 

-Энэхүү киноны гол дүрийг жүжигчин Эдди Редмэйн бүтээсэн. Энэ залуутай хамтран ажиллах мөн үнэнч эхнэрийнх нь дүрийг бүтээх ямар байв?

 

-Эдди яг л оньсого шиг. Түүний эхнэр болох гэж их хичээсэн. Хэдий кино ч бид нэг нэгнээ мэддэг болохын тулд өөрсдийн хобби зэргийг мэдэх шаардлагатай болсон. Судалгааны явцад түүний тухай хангалттай мэдээлэл олж чадаагүй. Тиймээс л хамгийн зөв алхам болох ойртох аргыг сонгосон. Бид зураг авалтын явцад үнэхээр дотно найзууд болсон. Энэ залуугийн таньдаг уран бүтээлчдийн нэр дунд миний нэр байна гэдэг нэр төрийн хэрэг.

 

-Лили бол зураач. Та энэхүү дүрийг бүтээхийн тулд өөрийнхөө ямар нууц авьяасыг гарган ирэв?

 

-Лили бол 1882 оны үед амьдарч байсан зураач бүсгүй. Их чадварлаг, үзэсгэлэнтэй бас сэтгэлийн тэнхээтэй бүсгүй. Аминаасаа илүү хайрладаг нөхрөө сонголт болон хүсэл мөрөөдлийнх нь төлөө орхисон. Ямар олон бүсгүй нөхрөө хүйсээ солиулах хагалгаанд оруулахыг зөвшөөрөх байсан бол. Сайн хэлж мэдэхгүй байна. Лили шиг зоригтой бүсгүй хэр олон байгааг сайн хэлж мэдэхгүй. Энэхүү дүрээс би хүний хүсэл зорилго болон мөрөөдлийг унтрааж, уландаа гишгэж болохгүйг сайтар ойлгосон. Ганц олдох амьдралдаа хүссэн зүйлээ хийх хэрэгтэй. Мөрөөдлөө төмөр торонд хорих хэрэггүй.

 

-Тун зоригтой бүсгүйн дүрийг бүтээжээ. Хэрвээ нөхөр тань хүйсээ солиулах хагалгаанд орно гэвэл ихэнх бүсгүй нөхрөө ойлгох бус салах өргөдөлд эхэлж гарын үсгээ зурах байв. Тэгвэл та бодит амьдрал дээр хэр зоригтой нэгэн вэ?

 

-Тийм ч зоригтой биш.

 

-Хайртай хүн тань хүйсээ солиулахыг хүсвэл?

 

-Зураг авалтын үеэр тэнд байсан ихэнх бүсгүйн бодолд энэ асуулт эргэлдэж байлаа. Мэдэхгүй юм. Гэхдээ би ганцаардахыг үзэн яддаг. Түүнийг алдахгүй бас ганцаардахгүйн тулд би тэр залуугийн сонголтыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй байсан байх. Хэрвээ тэр залуу намайг дахин хайрлахгүй гэдгийг мэдсэн цагт би салах өргөдөл дээр гарын үсгээ зурж, түүнийг чөлөөлөх байх.

 

-Гэхдээ Лилигийн төлөө та зориг гаргасан бус уу?

 

-Хэрвээ энэ кинонд тоглож чадаагүй байсан бол насан туршдаа харамсах байсан байх. Харамсахгүйн тулд их хичээсэн.

 

 

-Та найз залуутай юу?

 

-Тиймээ.

 

-Та биеэ үнэлэгч, алуурчин, хар тамхичин, дахин төрсөн робот, жолооч, оюутан гэх мэт олон дүр бүтээсэн. Та хэлсэн. Лили бол миний мөрөөдлийн дүр гэж. Эдгээр дүр таны сэтгэлийг Лили шиг догдлуулаагүй гэж үү?

 

-Миний эсрэг тал бол тэд. Харин Лили бол өөр. Эрхэмсэг охин хар тамхи татаж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэвэл муу нэгэн болно.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин