Нийслэлийн шилдэг малчин, тариаланч тодорлоо
2016-02-08

 

Сар шинийн баярыг тохиолдуулан Нийслэлийн хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан малчид, фермер эрхлэгч, тариаланчыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгдчийн тогтоолоор шагнаж, урамшууллаа.

 

“Нийслэлийн тэргүүний фермер”-ээр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер Б.Төгс-Эрдэнэ, Б.Төмөрбаатар, Д.Амгаланбаатар, Г.Өлзий нар тодров.

 

“Нийслэлийн сайн малчин”-ны шагналыг  Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны малчин Ч.Баатар, Налайх дүүргийн 6 дугаар хорооны малчин Л.Баянжаргал, Багануур дүүргийн 4 дүгээр хорооны малчин Ц.Тодбаяр, Багануур дүүргийн 4 дүгээр хорооны малчин Ц.Тунгалаг, 3 дугаар хорооны малчин Б.Баатаржав, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны малчин Ц.Жамъянгарав, Багахангай дүүргийн 2 дугаар хорооны малчин Ц.Батмөнх нар хүртлээ.

 

“Нийслэлийн тэргүүний тариаланч хамт олон”-оор Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Органик монгол ургац” ХХК шалгарсан бол “Нийслэлийн тэргүүний тариаланч”-аар Баянзүрх дүүргийн 20-р хорооны тариаланч Д.Мөнх-Очир, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны тариаланч П.Бат-Эрдэнэ, тус дүүргийн 21 дүгээр хорооны тариаланч П.Бямбажав нар шалгарав. Шилдэг малчин, тариаланчын шагналыг Нийслэлийн удирдлагууд гардууллаа.

 

Мал маллана гэдэг жаргалтай ажил


Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны малчин С.Жамъянгарав

 

-1990 оноос хойш 26 жилийн турш мал маллаж  байна. Олон жилийн хөдөлмөрийг минь төр засаг үнэлж, шилдэг малчны шагнал олгож байгаад баяртай байна. Үндсэндээ 5 хошуу малын минь л буян энэ шүү дээ. Анх нэг унагатай гүү, хоёр тугалтай үнээ, 6 хонь, 5 ямаатай л мал маллаж эхэлж байсан. Тэгсэн энэ жил 1500 гаруй мал тоолууллаа. Манайх адуучин, үхэрчин, хоньчин гэсэн гурван айлтай. Тэднийгээ сарын 300-400 мянгаар цалинжуулдаг юм. Ерөнхийдөө  2007 оноос малчид цалинжуулж эхэлсэн. Үүнээс хойш 20 гаруй айлыг малжуулж, 20 гаруй хүнд цалин олгосон байдаг юм. Ер нь мал маллана гэдэг жаргалтай ажил.

 

560 гаруй мал тоолуулсан


Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны малчин Ч.Баатар

 

-Би Жаргалант тосгонд 25 жил мал малласан. Энэ онд 180 бод, 400 гаруй бог нийт 560 гаруй мал тоолуулж “Нийслэлийн шилдэг малчин” шагналыг хүртлээ. Их баяртай байна. Малчны ажил дуусахгүй шүү.  Өглөө гараад орой л гэртээ орж ирнэ. Өдөр шөнөгүй л зүтгэдэг юм. Энэ жилийн хувьд өвөлжилт хүндхэн л байна. Гэхдээ одоохондоо бас ч гайгүй. Гуравдугаар сарын эхээр төл хүлээж авах үед л жаахан хэцүү байдаг юм даа. Залуу малчдад хандаж хэлэхэд малаа сайн маллаарай. Ашиг шимийг нь хүртдэг юм байна шүү гэж захих байна.

 

Нийслэлийн хүн амыг органик хүнсээр хангахыг зорьж байна


“Органик монгол ургац” ХХК-ийн захирал А.Пүрэвээ

 

-Манай компани Нийслэлийн хүн амыг цэвэр органик хүнсээр хангах, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготойгоор одоогоос 16 жилийн өмнө байгуулагдсан. Үүнээс хойш 2.6 га талбайд  20 гаруй төрлийн навчит болон бусад төрлийн ногоо тариалж байна. 1 метр кв талбайгаас дунжаар 18-20 кг ургац авдаг. Бидний тариалсан ногоонд ямар нэгэн химийн найрлагатай бодис ордоггүй бөгөөд цэвэр органикаараа өглөө бүр Нийслэлийн худалдаа, үйлчилгээний газрын лангуун дээр очдог гэдгээрээ онцлогтой. Тэр ч утгаараа өнөөдөр “Нийслэлийн тэргүүний тариаланч хамт олон” шагналыг хүртсэн болов уу гэж бодож байна.

 

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин