Пхеньяны асуудлаар уулзав
2016-02-24

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаар уулзсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хоёр улс НҮБ-ын тогтоолын дагуу Пхеньяны эсрэг хоригоо чангатгахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ.

 

Вашингтон, Пхеньяны эсрэг хоригоо үргэлжүүлэн батлахаа мэдэгдсэн бол Бээжин, Хойд Солонгосын хөрш орнуудын аюулгүй байдлын төлөө хориг тавихаа хойшлуулах хүсэлтэй байна.

 

Ван И “Пхеньяны цөмийн хөтөлбөрийн уршгаар олон улс аюулд өртөж болзошгүй. Тиймээс энэ асуудал дээр нухацтай хандаж байна” гэж мэдэгджээ.  

 

Пхеньян өнгөрсөн сард цөмийн туршилт хийсэн бол энэ сард сансарт хиймэл дагуулаа хөөргөсөн билээ. Эдгээр туршилт нь НҮБ-ын тогтоолыг зөрчсөн хэмээн үзэж, Аюулгүй зөвлөл тус улсын эсрэг хэрэгжүүлж буй хоригоо чангаруулахаар төлөвлөж буй юм. НҮБ-ын байранд Аюулгүй зөвлөлийн гишүүн орнууд хориг тавих асуудлаар хуралдаж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин