Их сургуулиуд шинжлэх ухааны парктай боллоо
2016-03-04

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Монгол Улсын Засгийн газар ихсургууль, эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг сайжруулах, улмаар мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих үүднээс Шинжлэх ухаан, технологийн парк байгуулжээ. Паркийн нээлт өнөөдөр боллоо.

 

Энэ үеэр Монгол улсад мэдлэгийн эдийн засгийн суурийг тавьж, инновацид чиглэсэн технологи хөгжүүлэлтийн эко системийг дэмжих зорилгоор Мэдээлэл технологийн үндэсний паркийг “Шинжлэх ухааны парк-Мэдээллийн технологи” болгон өөрчилж, МУИС, ШУТИС-ийн харьяанд, Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн Армоно нэгдлийг “Шинжлэх ухааны парк-Биотехнологи” болгон өөрчилж ХААИС, ШУТИС-ийн харьяанд оруулахаар Засгийн газар шийдвэрлэснийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дуулгаж  их сургуулийн захирлуудад батламж гардуулав.

 

Ийнхүү их сургуулиуд шинжлэх ухааны парктай болсноор оюутан судлаачид өндөр хурдтай интертнет бүхий оффисын байранд  өөрийн бүтээлч шинэ санаагаа туршиж үзэх, өөрийн багийг бүрдүүлэх, туршлагатай зөвлөгч багш нараас зөвлөгөө, мэдээлэл авах, улмаар өөрсдийн гарааны компанийг байгуулан Шинжлэх ухааны паркийн инкубаторт элсэн орох боломжтой болж байгаа юм.

 

Энэ нь их сургуулиуд дээр төвлөрөөд байгаа оюуны чадамжийг нээж илрүүлэх, дэмжин хөгжүүлэх замаар импортыг орлох улмаар эксортыг нэмэгдүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээ нэмэгдэж улсын хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь болох юм.

 

Шинжлэх ухааны паркийн нээлтийн үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Маргаашийн эдийн засаг бол мэдлэгийн эдийн засаг юм. Энэ мэдлэгийн эдийн засгийн суурийг тавихын тулд өнөөдрийн бодлогын шийдвэрүүд гарлаа. Тухайлбал, 3.5 тэрбум төгрөгөөр их сургуулиудын судалгааны ажлыг дэмжсэн. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд их сургуулиудад лаборатори байгуулж  маш тодорхой  зорилготой судалгааны ажил эхлүүлсэн. Өнөөдөр  бүтээлээ эргэлтэд оруулах паркаа  нээж байна. Манай их сургуулиуд маш зорилготойгоор бэлтгэгдсэн байгаа. Зүгээр байшин хүлээж авч байна гэж бодохгүй байна. Бүх сургууль дэргэдээ гарааны компани байгуулахаар ажиллаж байна. Бүх магистр, доктор бүтээл рүү шилжиж байгаа. Бид хөтөлбөрөө бүтцээ, зорилго чиглэлээ өөрчлөхдөө дандаа шинжлэх ухааны бүтээл гаргах зорилго руу тэмүүлж байна” гэлээ.

 

Мөн  БСШУЯ-аас “Бүтээлч оюутан” төсөл хэрэгжүүлж бүтээл гаргах сонирхолтой, бүтээл гаргах төслөө бэлдсэн оюутны багт гурван сая төгрөгийн, тус паркад технологио бойжуулж буй магиструудад таван сая, докторуудад 10 сая төгрөгийн буцалтгүй тэтгэлэг олгохоор болсныг салбарын сайд дуулгав.

 

              Шинжлэх ухааны паркийн орчинд:

 

-Старт-ап компанийн хөгжилд шаардлагатай бүх төрлийн сургалт, зөвлөгөө авах,

 

-Монгол Улсын эрдэмтэн, судлаачдын мэдээлэл, эрдэм шинжилгээний ажлын тайлан, диссертацийг агуулсан оюуны сангаас авч ашиглах,

 

- Хөрөнгө оруулагч, бизнесийн хамтрагчаа олоход нь зуучлах,

 

- Паркийн сүлжээнд байгаа нээлттэй лабораториудыг ашиглах,

 

-Өөрийн бий болгосон оюуны өмч, технологи, бүтээгдэхүүнээ хамгаалах, ашиглахтай холбоотой хууль эрхзүйн зөвлөгөө болон үйлчилгээг иж бүрнээр авах боломж нээгдэнэ.

 

Мөн Шинжлэх ухааны парк нь тухайн сургуулийн багш, судлаач, оюутнууд хамтран ажиллахаас гадна бизнес эрхлэгч, үйлдэрлэгчидтэй нягт холбоотой ажиллах, туршилтын бүтээгдэхүүн, технологио үйлдвэрлэлд шууд туршиж үзэх, нэвтрүүлэх боломжийг олгож, цаашид үйлдвэрлэгчдээс бодит захиалга авах, тэдэнтэй хамтран бүтээгдэхүүн, технологийн хөгжүүлэлт хийх орчныг бүрдүүлж өгөх зорилготой юм.

 

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин