Хүүхдийг менингококкт халдвараас сэргийлье
2016-03-12

Менингококкт халдвараар сургууль, цэцэрлэгийн бага насны хүүхдүүд, ялангуяа 5 хүртэлх насны хүүхдүүд өвчлөн, үгдэрч хүндрэх хандлагатай байна. Тиймээс Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. 

 

Өглөө босоод, орой унтахын өмнө бүлээн ус, сармис, нимбэг, тамедин, царвангийн уусмалын аль нэгээр хоолойг 5-7 хоног зайлж, 10 хоног завсарлан үргэлжлүүлэн зайлна. Нэг удаа зайлахдаа үйлдлийг 5-10 удаа давтан хийнэ.

 

Сармисны уусмал: 500 мл халуун усанд нунтагласан 4-5 хумс сармисыг хийж, хандлаад 5 минутын дараа хоолойг зайлна.

 

Нимбэгний уусмал: 250 мл халуун усанд 1 зүсэм нимбэг хийж хандлаад 5-10 минутын дараа хоолойг зайлна.


2%-ийн содын уусмал: 100 мл бүлээн усанд 2гр сод хийж найруулаад 1 минутын дараа хоолойг зайлна.


5%-ийн давсны уусмал: 95 мл усанд 5 гр хоолны эсвэл жамц давс хийн найруулаад тэр дариуд нь хоолойг зайлна.


Царвангийн уусмал:  1 л усанд 50 гр царван хийгээд 15-20 минут буцалгаж, шүүгээд 5 л усанд шингэлж хэрэглэнэ.

 

Хамар хоолойн цочмог болон архаг үрэвслийг мэргэжлийн эмчийн заавраар эмчлүүлэх.


Хамрын салстыг сонгино, сармисын тосон хандаар арчих.


Витаминаар баялаг аньс, нэрс, чацарган, нохойн хошуу, нимбэгийг хоол хүнсэндээ долоо хоногт 3-4 удаа хэрэглэх.


Өрөө тасалгааг чийгшүүлэх, агааржуулах, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж байх.


Улиралд тохируулан дулаан хувцаслах, хүйтэн сэрүүн үед хүүхдэд малгай ороолт бээлийг заавал өмсүүлэх.


Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байх, ялангуяа бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх


Хэрэв та болон танай гэр бүлийн хэн нэгэн гэнэт 38 хэмээс дээш өндөр халуурах, толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх, хоолонд дургүй болох, ядарч сульдах, бөөлжих, цочромтхой болох, татах, биед нь хүрэх, чанга дуу чимээ, хурц гэрэл зэрэгт цочрох, цусархаг тууралт гарах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй харьяа дүүрэг, хорооны өрхийн эрүүл мэндийн төвд хандах хэрэгтэй.  

 

Цаг алдаж болохгүй! Бага насны хүүхэд ялангуяа 5 хүртэлх насны хүүхдүүд богино хугацаанд маш амархан хүндэрдэг гэдгийг санаж, халамж, анхаарлаа бууруулахгүй байхыг зөвлөж байна.

 

Shuud.mn
Сонин хачин