Туркчууд дүрвэгсэд рүү халджээ
2016-03-14

Туркийн эргийн хамгаалагчид Грек руу цагаачлахаар завиар Эгейн тэнгист явж байсан дүрвэгсэд рүү халдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Эргийн хамгаалагчид дүрвэгсэдийн завийг хүчээр зогсоож, урт саваа модоор тэднийг зодож, хэл амаар доромжилжээ.

 

Зэргэлдээ завинд суусан дүрвэгсэд эргийн хамгаалагчдыг хэрхэн бүдүүлэг зан гаргаж буйг гар утсандаа бичиж, олон нийтийн сүлжээнд байршуулсан байна. Туркийн эрх баригчид “Эргийнхэн хууль бус завийг зогсоохын тулд саваа мод ашигласан. Дүрвэгсэд эсэргүүцэл үзүүлсэн” гэж мэдэгджээ.

 

Брюссель хотноо өнгөрөгч долоо хоногт Европын холбооны удирдлагууд Туркийн эрх баригчдыг хүлээн авч уулзаж, дүрвэгсдийн асуудлаар хэлэлцсэн юм. Уулзалтын төгсгөлд Европын холбоо дүрвэгсдийн урсгалыг сааруулах хэлэлцээрийг Турктэй байгуулсан билээ. Мөн Европын холбоо Грек улсад хууль бусаар амьдарч буй дүрвэгсдийг Турк хүлээн авбал, олон тэрбум доллар өгөх санал гаргасан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин