Улаанбаатар
Анхны эмхэтгэл 90 жилийн өмнө гарч байжээ
2016-3-15

Монгол Улсад хууль тогтоомжийн албан ёсны анхны эмхэтгэл хэвлэж эхэлсний 90 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Монгол Улсад хууль тогтоомжийг албан ёсоор хэвлэн нийтэлж ирсэн түүхийг сөхвөл, хууль тогтоомжийн албан ёсны эмхэтгэл /“Албан сэтгүүл”/-ийг 1926 оноос өдгөө хүртэл бараг тасралтгүй 90 жил хэвлүүлж ирсэн байна.

 

Тухайлбал, “БНМАУ-ын Засгийн газрын албаны сэтгүүл”-ийг Засгийн газрын 1925 оны 14-р хурлын тогтоолын дагуу 1926 оны 3-р сараас 1930 он дуустал, 1931-1939 онд “БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчид ба СнЗ-ийн хуулиуд хийгээд тушаалуудыг эмхтгэн хавсруулсан сэтгүүл”, 1941-1970 онд “БНМАУ-ын хууль, дүрэм, тогтоолын эмхтгэл”, 1971 оноос 1990 оны эцэс хүртэл “БНМАУ-ын хууль, зарлиг, тогтоолын эмхтгэл”, 1991 оноос эхлэн өнөөг хүртэл “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг  хэвлэн гаргаж байна.

 

1991 оноос өмнө  “БНМАУ-ын хууль, зарлиг, тогтоолын эмхтгэл”-ийг зөвхөн албан хэрэгцээнд зориулан гаргаж байжээ. Энэ нь иргэдэд  хуулийг  уншиж судлах, мөрдөж хэрэгжүүлэх өргөн бололцоо олгохгүй байна гэж тэр үеийн Улсын Бага Хурал үзээд  “Төрийн мэдээлэл” сэтгүүлийг тогтмол гаргахаар шийдвэрлэж байв. Улмаар БНМАУ-ын хууль, Улсын Бага Хурлын бусад шийдвэрийн эхийг Улсын Бага Хурлын Тамгын газар эрхлэн “Төрийн мэдээлэл” сэтгүүл болон “Ардын эрх” сонинд нийтлэхээс гадна товхимол болгон хэвлүүлж болохыг хуульчилсан байна.

 

1991 оны 3 дугаар сарын 19-ны өдөр Улсын Бага Хурлын дарга төрийн хууль, тогтоолыг бүрэн эхээр нь хэвлэн нийтлэх зорилготой “Төрийн мэдээлэл” сэтгүүлийг Улсын Бага Хурлын Тамгын газраас эрхлэн гаргаж байх тухай захирамж гаргав. Тэр үед БНМАУ-ын хуулийг батламжлагдсанаас нь, Улсын Бага Хурлын бусад шийдвэрийг батлагдсанаас нь хойш Улсын Бага Хурлын нарийн бичгийн дарга зөвшөөрснөөр 3 хоногийн дотор төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинд нийтэлдэг байсан байна. Ийнхүү хууль бусад шийдвэрийг сонин хэвлэлд нийтлэх, радио, телевизээр дамжуулахдаа “Төрийн мэдээлэл” сэтгүүл, “Ардын эрх” сонинд нийтлэгдсэн албан ёсны эхийг баримталдаг тогтолцоотой байв.

Shuud.mn
Сонин хачин