“Нарны домог” бүжгэн жүжгийг тоглоно
2016-03-17

Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын уран бүтээлчид Монголын анхны ардын бүжгэн жүжиг болох “Нарны домог”-ыг тоглох гэж байна. Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт АЖ, Д.Лувсаншаравын 90 жил, Төрийн соёрхолт УГЗ С.Сүхбаатарын урлагт зүтгэсэн 45 жилийн ойд зориулан энэхүү хүндэтгэлийн тоглолтыг толилуулахаар болжээ.

 

Бүжгэн жүжгийн цомнолыг Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, хөгжмийг Д.Лувсаншарав, дэглэлтийг С.Сүхбаатар найруулсан байдаг. Эв нэгдэл, эрх чөлөөний билэгдэл болсон энэхүү бүжгэн жүжигт Алангуа эхийн ариун сургаалаар, багцалсан таван сум лугаа адил эвсэн нэгдэж дайснаа даран, дархан цолоо мандуулсан баатарлаг хөвгүүдийн түүхийг өгүүлдэг. Баатруудын гавьяагаар ард олон, амар жимэр аз жаргалтай амьдарч буйг бүжгийн яруу тансаг хөдөлгөөнөөр дүрслэн харуулжээ.

 

28 дахь жилдээ тоглох гэж буй эл бүжгэн жүжигт ҮДБЭЧ-ын Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид, Үндэсний хөгжмийн их найрал, найрал дуучид, Монголын хүүхдийн ордны бүжгийн дугуйлангийн сурагчид оролцоно.

 

Бүжгэн жүжгийг энэ сарын 22-нд 19.00 цагт Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын тайзнаа тоглоно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин