Шилдэг Юндэн шалгаруулна
2016-03-25

 

Төв аймгийн Засаг Даргын Тамгын газар, Монголын Урлагийн Ажилтны Холбоо хамтран “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах улсын уралдааныг долоо дахь удаагаа уламжлал болгон зохион байгуулах гэж байна.

 

Энэ удаагийн уралдаан гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын нэгний өдрүүдэд Улаанбаатар хот болон Төв аймагт гурван үе шаттайгаар явагдах юм. Гурван шатнаас шалгарсан оролцогчид УДБЭТ-т гуравдугаар сарын 30-наас 31-ний өдрийн 18.00 цагаас “Учиртай гурван толгой” дуурьт тоглож эцсийн шалгаруулалт, шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцох юм. Гала тоглолт дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Төв аймгийн Монгол туургатан театрт болно.

 

Уралдаанд Ховд, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Сэлэнгэ, Завхан, Өвөрхангай, Архангай, Говь-Алтай, Төв аймаг зэрэг төв, орон нутгийн мэргэжлийн театр чуулга болон ОХУ-ын Буриад улсын Дуурь бүжгийн  дуучид зэрэг 60 гаруй уран бүтээлч оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Үүнээс Юндэнд 25, Балганд 12, Нансалмаад 13, Хоролмаад 13 уран бүтээлч өрсөлдөх аж.

 

Дашрамд сонирхуулахад “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах энэхүү улсын уралдаан 1990 оноос эхэлж байсан түүхтэй. Энэ жилийн уралдаанд  1983 оны нэгдүгээр сарын 1-ээс өмнө төрсөн уран бүтээлчид, эсвэл мэргэжлийн сургууль төгсөөд хувиараа ажиллаж байгаа хүмүүс хамрагдах юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин