“Гүн гэрийн гүнж”-ийг дахин тоглоно
2016-03-31

 

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын уран бүтээлчид энэ сарын 9-нд “Гүн гэрийн гүнж” шинэ дуурийг найруулан  тавьж олон нийтийн хүртээл болгосон. Энэ удаад дуурийн хөгжмийг бичсэн Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн “Хөгжмийн өдрүүд”-ийн хүрээнд дахин тоглох гэж байна.

 

Дуурийн гол дүр болох Ца Вэн жи хатны дүрд УДБЭТ-ын жүжигчин Ш.Наранчимэг, хатны аав өвгөн гүн Цай юнд О.Хүрэлбаатар, Хан гүрны жанжин Цао Цаод Д.Эрдэнэочир, Жи Жи Шаньюйд Э.Бумхүү нар тоглоно. Тус бүтээлийг 2200 жилийн өмнөх Хүннү гүрний бодит түүхээс сэдэвлэн бүтээжээ. Тухайн үеийн Хүннү улс Хан улсын хооронд эвийн найрамдлыг тогтоож чадсан Ца Вэн Жи хэмээх хатан хүний түүхийг өгүүлэх юм.

 

Дуурийн хөгжмийг Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж бичиж, Төрийн шагналт СГЗ Д.Төрбат цомнолыг нь бичжээ. Ерөнхий найруулагчаар Б.Сүхээ /Ph.D/, ерөнхий удирдаачаар Ж.Бүрэнбэх /УГЗ/ нар ажилласан юм. Тэрбээр  бүсгүй хүний ариун нинжин сэтгэл, эх хүний хайр халамж, хатан хүний бат бэх ухааныг шигтгэн харуулахыг зорьсон талаар хэлж байсан.

 

Гурав бүлэг, таван үзэгдэлт эл дуурийг энэ сарын 7-ний 19.00 цагт Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа тоглоно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин