Увс аймаг руу 1200 боодол өвс, таван тонн тэжээл явуулсан
2016-03-31

 

МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нар “Илгээлтийн эзэн” аяныг зохион байгуулж 12000 боодол буюу 240 тонн өвс, 40 тонн малын тэжээл, 135 ширхэг 20 литрийн усны сав, 90 ширхэг ном, 5200 нэмээ, 140 хурганы уут, 180 бээлий, 780 боодол лаа, 4600 шүдэнз цуглуулснаа Онцгой байдлын ерөнхий газраар дамжуулан хаваржилт хүндрэлтэй байгаа аймаг, сумдад хүргүүлэхээр энэ сарын 24-ны “Чингисийн талбай”-д хүлээлгэн өгсөн билээ. Уг тусламжийг ОБЕГ-ын Хүмүүнлэгийн тусламж, улсын нөөцийн газар хүлээн авч, аймгуудтай холбогдон орон нутгуудаас санал авсны үндсэн дээр хуваарилалт хийн таарсан. Гэвч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тусламжийн өвс, тэжээлийг зарж борлууллаа гэсэн мэдээлэл цацагдаж, олон нийтийн анхаарлыг татаад байгаа юм. Тиймээс бид энэхүү тусламжийн барааг ямар зарчмаар орон нутгуудад хүргүүлсэн талаар ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Сүхбаатараас тодрууллаа.

 

Тэрбээр, “Хоёр гавьяат маань энэ сарын 24-нд дээрх нэр төрөл бүхий хүмүүнлэгийн тусламжийг бидэнд хүлээлгэн өгсөн. Улмаар 6000 ширхэг өвсийг Төв аймгийн сумдад хүргүүлэх саналтай байгаагаа хэлж, тус аймгийн дарга нь ирчихсэн байсан учир энэ өвсийг Төв аймгийн удирлагад шууд газар дээр нь хүлээлгэн өгсөн. Ингээд үлдсэн 1342 боодол өвс, 40 тонн малын тэжээл, 135 ширхэг 20 литрийн усны сав, 90 ширхэг ном, 5200 нэмээ, 140 хурганы уут, 180 бээлий, 780 боодол лаа, 4600 шүдэнзийг бид нөөцийн газраа буулгаж, нэгд нэгэнгүй тоолж, гарын үсэг зурж авсан. Түүнчлэн хоёр гавьяат маань хүмүүнлэгийн тусламжаа хурдан хугацаанд эздэд нь хүргэх хүсэлт тавьсан. Тэгээд ч цаг агаар дулаарч байсан учир өвс тэжээлийг орон нутагт хурдан хүргэхгүй бол эзэддээ очиж амжаагүй байхад нь хэрэглэх шаардлага нь өнгөрчих гээд байсан учраас бид тэр дороо бүх аймгуудтай холбогдож өвс, тэжээлийн тусламж авах эсэхийг нь асууж, орон нутгийн хөрөнгөөр яаралтай татаж авах учиртайг нь хэлж, нутгийн удирдлагуудын саналыг үндэслэн хуваарилалт хийсэн.

 

Увс аймгийн хувьд Засаг дарга нь тусламжийг авахаа хэлж, Улаанбаатарт яваа Улаангом сумын дарга О.Ганхуягтай холбоо бариад хуваарилагдсан тусламжийг хүлээлгэн өгөхийг хүссэн. Бид О.Ганхуяг даргатай холбоо барьж, зохих бичиг баримтыг үйлдэн тусламжийн өвс, тэжээл дагалдах зүйлсийг хүлээлгэн өгсөн. Тодруулбал, 1200 боодол өвс, таван тонн тэжээлийг Увс аймагт явуулсан” гэлээ.

 

Хоёр гавьяатын хүмүүнлэгийн тусламжийг Дундговь, Баянхонгор, Архангай, Булган, Увс аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Налайх дүүргүүдэд хуваарилсан бөгөөд хүмүүнлэгийн тусламжийг авч байгаа аймаг, сумд орон нутгийн сангаас тээвэрлэлтийн зардлыг гаргаж байгаа аж.

Shuud.mn
Сонин хачин