Б.Шинэбаяр: Гал шиг дурлал мэдрүүлэхийг хүссэн
2016-04-08

Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Б.Шинэбаяртай ярилцлаа.

 

-Тань руу өглөө залгахаар унтаж байна гэдэг. Уран бүтээлчид орой нь бэлтгэлээ хийдэг болохоор тэр болов уу гэж бодлоо.

-Шөнө, оройжин бэлдэх үе бий. Гэхдээ байнга биш. Орой нь ажилтай байж таараад өглөө унтаж байх үед чи залгаж таарсан юм болов уу. 

 

-Ер нь жүжигчний нэг өдрийн ажил хэрхэн өрнөдөг вэ?

-Тоглолттой үед оройтож харьдаг учраас 12.00 гээд л сэрдэг. Байнга их унтдаггүй шүү/инээв.сур/. Театр дээр тоглолтын өмнө ажил багатай байдаг болохоор гэртээ цаг заваа зарцуулж байгаад 17.00 цагт театр дээрээ ирдэг. Тэгээд л тоглолтын бэлтгэл хувцас, хэрэгслээ шалгана, будна гээд 19.00 цагаас тоглолтдоо орж 22.00 цаг өнгөрөөж тараад өрөөндөө орж ирнэ. Тоглолтын будгаа арилган хувцсаа солин гэр рүүгээ харьдаг. Нэг иймэрхүү амьдралын хэв маягтай.

 

 

Дөлгөөнөөг хүндэлж, хайрлаж явдаг

 

-“Гэгээн муза” наадмын “Шилдэг эрэгтэй дүр”-д нэр дэвшжээ. Баяр хүргэе.

-Баярлалаа. Анх удаагаа нэр дэвшиж байгаа учраас сэтгэл маш өндөр байна. Хэдий баяртай байгаа ч гэсэн  “Гэгээн муза” наадмын шүүгчдийн өмнө, үе үеийн уран бүтээлчдийн өмнө тоглоно гэхээр маш өндөр хариуцлага ирсэн шиг санагдаж байна. Тэр тоглолтоо амжилттай болоосой гэж хүсч, асар сайн бэлтгэх үүрэг хүлээлээ л гэж ойлгож байгаа.

 

 

-“Ромео Жульетта” жүжиг хэдэн номинацид нэр дэвшиж байна вэ?

-7 номинацид нэр дэвшиж байгаа. “Драмын төрлийн жүжиг”-т дэвшиж байна. Мөн жүжгийн уран бүтээлч Жульеттагийн өрлөг эхэд тоглосон МУГЖ Ж.Оюундарь, Лоренцо ламтанд тоглосон СТА С.Болд-Эрдэнэ, Жульеттад тоглосон Дөлгөөн, миний бие нэр дэвшиж байгаа.

 

-Таны хувьд шинэ цагийн Ромеог хэрхэн илэрхийлэхийг зорьсон бэ?

-“Ромео Жульетта” бол хүн төрөлхтний мөнхийн сэдэв болох хайрын жүжиг. Тэгэхээр Ромеогийн дүрээр үзэгчдэд гал шиг ассан дурлал, тэр дурлалын дулаан илчийг мэдрүүлэхийг  хүсч, зорьж ажилласан.

 

-Гал шиг дурлалыг мэдрүүлэхийн тулд хамтрагчтайгаа дотносох нь чухал байх?

-Мэдээллийн хэрэгслээр намайг хамтрагчдаа өөрийн эрхгүй татагдсан гээд биччихсэн байна билээ. Тэр бол үнэхээр дэвэргэсэн асуудал шүү. Энэ бол цэвэр уран бүтээл. Гэхдээ мэдээж бид хоёр гудамжаар алхаж яваад л, гэнэт л театрын тайзан дээр гараад хайраа гээд дуудалцаад унавал тэндээс хүн хайрыг хүн олж харахгүй. Бид өөрсдөө тэр гал шиг ассан дурлалыг мэдрээгүй байж үзэгчдэд тэр хайрын түүхийг мэдрүүлнэ гэдэг бас худлаа. Тийм болохоор би хамтрагчийнхаа хамгийн сайхан зүйл, зан чанарыг нь олж харна. Тэр болгонд нь татагдана. Гэхдээ энэ бол хайр дурлал биш. Ерөөсөө хүн хүнээ л гэх хайр.

 

-Дөлгөөн ямар хүн бэ?

-Хүүхэд шиг сахилгагүй, хүнд их тусч. Уран бүтээлчийн хувьд чадварлаг учраас би дотроо хүндэлж, хайрлаж явдаг.

 

-Ромеод тоглох явцдаа дүрдээ ороод гарч чадахгүй шаналах үе байв уу?

-Дүр авсан бол найруулагч юу хүсч байна гэдгийг өөрөө дотроо бодож боловсруулах ёстой. Тэрнээс дүрдээ ороод шаналах ч юм уу, бүтээсэн дүрээ ургуулан бодож олон хоног гарч чадахгүй явах тохиолдолтой одоохондоо учраагүй байна. Цаашид хэрхэхийг мэдэхгүй юм.

 

-Энэ жүжигт тоглохоосоо өмнө УДЭТ-т байсан юм билээ. Хэзээ данстай болов?

-Анх 2014 оны хоёрдугаар сарын 1-нд театрт ажилд орсон. Тайзнаа тоглож байгаа жүжгийн олны хэсэг ч юм уу туслах дүрд тоглодог байлаа. Тухайлбал, “Тэнгэрийн хүү” жүжгийн арван баатрын нэг болж байсан. Мөн “Парисын дарь эхийн сүм” жүжгийн бар ламтан, “Саран хөхөө” жүжгийн хөтлөгч зэрэг дүрд тоглож байсан.

 

-Гэнэт л Ромеод тогло гэхэд нь гайхав уу?

-Анх өнгөрсөн наймдугаар сарын 17-нд найруулагч маань театрт данстай бүх уран бүтээлчид дүрээ хуваарилсан юм. Энэ үеэр надад Ромеогийн дүрийг өгсөн. Ямар нэгэн шалгаруулалт болоогүй, найруулагчийн сонголт байсан.

 

 

Морь, мотоцикль унаж сурлаа

 

-“Атганд үлдсэн эрдэнэ”  кинонд хөдөөгийн эгэл залуугийн дүр бүтээжээ. Сайхан тоглолт болсон байна лээ.

-Баярлалаа. Би дүр бүтээнэ гэхээс илүүтэй дүр дээр ажилласан гэж ярих юм бол илүү зохистой гэж боддог. Би унаган хотын хүүхэд. Жүжигчин хүн аливаа уран бүтээлд дүр бүтээхдээ өөрийгөө ахиулж, аль нэг зүйлийг сурч авч байх ёстой. Энэ кинон дээрээс би хэдий хотын хүн ч гэлээ монгол ёс заншил, хөдөөгийн аж ахуй байдал тэр бүх зүйлээс тодорхой хэмжээгээр суралцсан. Түүний нэг илрэл бол морь унаж, мотоцикль жолоодох байлаа.

 

 

-Ганчимэг, Дөлгөөн хоёрын алинтай нь хамтарч ажиллахад илүү дөхөм байв?

-“Ромео Жульетта” бол 400 жилийн турш хайрын бэлэг тэмдэг болж ирсэн тайзны сонгодог бүтээл. Харин “Атганд үлдсэн эрдэнэ” бол өргөн дэлгэцийн уран бүтээл. Тэгэхээр энэ хоёр дүр хоорондоо асар их ялгаатай юм. Тэр ч утгаараа хамтарч тоглосон хоёр жүжигчин ч адилгүй санагдсан. Гэхдээ хоёулантай нь ажиллахад хэцүү зүйл байгаагүй. Чадварлаг уран бүтээлчид.

 

-Таны хувийн амьдралын талаар цөөн зүйл асууя. Айлын хэд дэх хүүхэд вэ?

-Би төмөр замд төрж, өссөн. Айлын ганц хүүхэд.

 

-Ганц хүүдээ аав ээж нь харам биз?

-Харам шүү. Манай аав төмөр замын “Ган зам” хэвлэх үйлдвэрт хэвлэгч, ээж мөн төмөр замд ажилладаг. Намайг гэрийнхнээсээ тэс өөр мэргэжил сонгоно гэхэд тэд энэ мэргэжлийн хүнд хэцүүг гадарладаг байсан учир надаас их асуудаг байлаа. “Чи үнэхээр жүжигчин болохыг хүсч байна уу, хүнд хэцүүг нь даах уу” гээд л. Харин намайг СУИС-т шалгалт өгч, суралцаж төгсөөд, эхний уран бүтээлээ театрын тайзнаа амилуулахад аав, ээж хоёр маань нааштайгаар харж эхэлсэн.

 

-Театрын тайзнаа анх ямар дүр бүтээсэн бэ?

-Хамгийн анх “Тэнгэрийн хүү” жүжгийн арван баатрын нэг болж байсан.

 

-Тэгвэл дэлгэцийн бүтээл?

-Анх “19” киноны пробыг найруулагч Ж.Сэнгэдорж, жүжигчин Тогосоо эгч нар авч байхад ангиараа очиж шалгуулаад тэнцэж байлаа. Ямарваа уран бүтээлд ороход хамгийн түрүүнд багшийнхаа нэрийг их боддог юм билээ. Оюутан байсан болоод ч тэр үү багшийнхаа нэрийг л муугаар дуудуулж болохгүй юм шүү гэж бодоод их хичээсэн.

 

-Драм болон дэлгэцийн бүтээл хоорондоо ямар ялгаатай гэж боддог вэ?

-Дэлгэцийн урлагийг би нөхөх, урлах урлаг буюу монтажны урлаг гэж ойлгодог. Драм бол цэвэр амьд урлаг. Драмын театр дээр бэлтгэл сургуулилт хийх явцдаа өөрчилж болохоос биш тайзан дээр өөрчлөх боломжгүй. Нөгөө талаас харах юм бол дэлгэцийн урлагт ч гэсэн адилхан тал бий. Жишээлбэл, дүр дээрээ хамтрагчтайгаа харилцаад тоглож байхад найруулагч авлаа гээд дуусгахад сэтгэлд хүрэхгүй үе байдаг. Дараа нь киногоо үзэж суухдаа энэ дээр нь ингэдэг байж, жаахан өөрчилчихсөн бол гэсэн бодол төрдөг юм.

 

-Бүтээж буй дүрүүд тань амьдралаас тэс өөр ертөнц шиг санагдах үе бий биз. Ромео гэхэд  400 жилийн өмнөх цаг үе гэхээр?

-Би хүлээж авсан дүрдээ аль болох өөрийн зан араншингаа шигтгэхийг зорьдог. Хүн гэдэг янз бүрийн араншинтай. Ямар дүр ирж байна, тэр дүрийг авахдаа яг л өөрийнхөө тэр занг илүүтэй гаргаж ирж, ажиллана уу гэхээс биш түүнээс тэс хөндлөн дүрийг бүтээгээд байдаггүй шүү дээ. Магадгүй ууртай залуугийн дүр авлаа гэхэд би уурлахаараа яадаг билээ гээд түүнийгээ л илүүтэй гаргахыг хичээдэг. Тухайн дүр дотор юу агуулагдаж байна. Надад түүнээс нь юу байна гээд түүнийгээ илүү давамгайлж гаргана.

 

 

Ухаантай эмэгтэй  таалагддаг

 

-“Хүн төрдөггүй. Харин буй болдог” гэж үг байдаг. Таны хувьд урлагт хэзээ буй болов?

-Тайзны бүтээлийн хувьд “Ромео Жульетта” намайг урлагт бий болгосон гэж хэлж болно. Харин дэлгэцийн уран бүтээл дээр бол “Аав” уран сайхны кино.

 

-Энэ хоёр дүрдээ хайртай биз?

-Хоёуланд нь хайртай. Ромеодоо, “Аав”-даа хайртай/инээв.сур/. Ер нь би бүх төрлийн уран бүтээлд оролцож, оролдож үзэхсэн гэж хүсдэг. Тиймээс зохиол нь таалагдаад чанартай уран бүтээл болно гэх юм бол аль ч дүрд тоглоно. Гэхдээ одоохондоо театрын ажил их байгаа учраас киноны санал авахгүй байгаа.

 

-Сүүлд нь саваагүй асуулт асууя. Найз бүсгүйтэй юу?

-Байхгүй. Надад нүдэнд дулаахан төрхтэй, ухаантай, халамжтай эмэгтэй хүн таалагддаг. Ер нь ирээдүйн эхнэрээ ажил мэргэжлийг минь ойлгодог эмэгтэй байгаасай гэж хүсдэг юм. Ажил мэргэжлийг маань ойлгохгүй бол хэцүү. Амжилт гаргаж байгаа эр хүний ард сайн гэргий байдаг гэж үг байдаг даа. Тиймээс гэр бүл нь түүнийг ойлгож, дэмжиж байж л ахиц гаргадаг. Тийм болохоор мэргэжил, эхнэр, амьдрал гурвыг зөв сонгосон эр хүний амьдрал дардан байдаг болов уу гэж боддог.

 

-Хэзээ гэр бүлтэй болохоор төлөвлөж байна?

-Хэлж мэдэхгүй юмаа. Сэтгэл таарсан бүсгүй таарвал болно л байх гэж боддог/инээв.сур/.

 

Ярилцсанд баярлалаа. Таньд амжилт хүсье.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
neleen nerd garaad ireheeree biye toochihgui bol gaigui uhaantai zaluu sanagdlaa.
2016-04-08
Зочин:
dajgui zaluu bn sh de,anh udaagaa l harj bn
2016-04-08