XX зууны шилдэг балетыг тоглоно
2016-04-12

 

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид энэ амралтын өдрөөр А.Хачатурян "Спартак" балетыг тоглох гэж байна. Эл балет нь ХХ зууны шилдэг балетуудын жагсаалтад багтсан байдаг.

 

Тус балетын цомнолыг Рафаэлло Джовавелийн “Спартак” зохиолоос сэдэвлэн Н.Волков, А.Хачатурян нар 1954 онд хөгжмийг бичиж, балетмейстер Л.Якобсон, “Киров”-ийн театрт 1956 оны арванхоёрдугаар сарын 27-нд анх найруулан тавьж байжээ.  Харин манай улсад 1984 оны тавдугаар сарын 5-ны өдөр балетмейстер УГЗ, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагва, Ардын зураач Ч.Гунгаасүх, удирдаач Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулуун нар  балетыг найруулан тайзны бүтээл болгосон түүхтэй.

 

Балетад Ромын эсрэг боолын бослогын удирдагч Спартакийн тухай өгүүлдэг. Эмгэнэлтэй төгсгөлтэй ч үйл явдлаар түүхэн эрх чөлөөний баатарлаг тэмцлийг харуулдаг аж. Жүжигчдээс мэргэжлийн өндөр ур чадвар, “драматизм”-ыг нарийнаар шаарддаг, драм, бүжиг, хөгжмийн цогц бүтээл гэдгээрээ бусдаас ялгардаг балет юм. Хөгжмөөр амьдралын баяр баясгалан, хайр дурлал, дайн тэмцэл, хагацлыг хүчтэй, хурц, өнгөлөг, яруу тодоор илэрхийлдэг хөгжмийн гайхамшигт бүтээл гэж үнэлэгддэг.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
баярлалаа их сайхан балетыг монголчууд маань соц нийгмийн үед дэглэж тоглуулж үзэгчиддээ үзүүлж харуулдаг байсан шүү
2016-04-15