Эквадорт хүчтэй газар хөдлөлт боллоо
2016-04-18

Эквадор улсад хүчтэй газар хөдлөлт боллоо. Энэ талаар “CNN агентлаг мэдээллээ.

 

 

Өмнөд Америкийн Эквадор улсад бямба гаригийн 23.58 цагт 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлт болсон байна. Тус улсын Онцгой байдлын газраас “2005 оноос хойш болоогүй хүчтэй газар хөдлөлт болсон” гэж мэдээлжээ. Гэнэтийн байгалийн гамшгийн үеэр 235 хүн амиа алдаж, 2500 гаруй хүн гэмтэж, эмнэлгийн тусламж авчээ. Газар хөдлөлтийн голомт Муйсне хотын ойролцоо байжээ. Уг чичирхийлэл нийслэл Кито хотноо мэдрэгдсэн хэмээн АНУ-ын Геологи судалгааны төвөөс мэдээлсэн байна.

 

Муйсне хотын 1000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. Портовьехо, Манта хот болон Гуаяс мужийн 250 гаруй байшин, барилга нурж, дахин ашиглах боломжгүй болжээ. Хотын удирдлагууд аюулгүйн байдлын үүднээс орон даяар цахилгаан хязгаарласан байна. Засгийн газар долоон мужид онц байдал зарлажээ. Онц байдал зарласан бүс нутаг дахь бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон байна. Гамшгийн бүсэд 3500 орчим цагдаа болон 10 мянган цэрэг ажиллаж, нурангийг цэвэрлэж эхэлжээ.

 

“Амиа алдагсдын тоо өсөх магадлалтай байна. Одоогоор сураггүй алга бологсдын тоог нарийн гаргаагүй байна. Иргэдийн мэдээллийг цуглуулж байна” хэмээн аврах албаны командлагч мэдэгдсэн байна. Газар хөдлөлттэй холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Рафаэль Корреа Итали улсад хийж буй айлчлалаа цуцалж, өчигдөр 12.00 цагт эх орондоо иржээ. Тэрбээр ард түмэндээ хандан “Бид байгалийн хүчний өмнө сөгдөхгүй. Тиймээс бид эв найрамдалтай байх ёстой. Эвийн хүчээр эх орноо эргэн сэргээх болно. Нурсан байшинг засч, шинээр барьж болно. Харин үхсэн хүнийг сэргээж болохгүй. Аврах алба сурагүй алга бологсдыг хайх хэрэгтэй. Тэднийг заавал эсэн мэнд олох хэрэгтэй” гэсэн байна.

 

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч “Шаардлагатай гэж үзвэл орон даяар онц байдал зарлаж магадгүй” гэж хэлжээ. Дэд ерөнхийлөгч Хорхе Глас өчигдөр гамшгийн бүсэд очиж, иргэдтэй уулзалт хийсэн байна. Тэрбээр “Шархдагсдыг эмнэлэгт хүргэж, бүхий л эмчилгээг хийх ёстой. Бид хүнд техник төхөөрөмж, машин механизмын тусламтай сураггүй алга бологсдыг олох хэрэгтэй” гэж мэдэгджээ.

 

 

Газар хөдлөлтийн дараа баруун мужуудад хөрсний гулгалт үүссэн аж. Хөрсний гулгалт болон цаг агаарын таагүй байдлын улмаас аврагчид зорьсон газраа очиж чадахгүй байгаа гэнэ. Кито хотын иргэн Кристиан Ибарра Сантиллан “ВВС” агентлагт “Муйсне хотноо болсон газар хөдлөлт Кито хотноо хүчтэй мэдрэгдсэн. Бараг 20, 30 секунд газар хүчтэй чичирхийлсэн. Иргэд их айсан. Кито хотноо сардаа хэд хэдэн удаа бага хэмжээний чичирхийлэл мэдрэгддэг” гэсэн байна.

 

“Газар хөдлөлтийн төвөөс 300 км-ийн зайтай эрэгт цунами үүсч болзошгүй” хэмээн Цунамигийн сэрэмжлүүлэх Номхон далайн төвөөс мэдээлсэн байна. Төвөөс цунамигийн сэрэмжлүүлэг Коломб, Коста-Рика, Панам, Перу улсад өгчээ. Эдгээр улсад 3 метр хүртэлх цунами үүсч болзошгүй гэсэн бол Эквадор улсад нэг метрийн өндөртэй цунами үүсч болзошгүй хэмээн сэрэмжлүүлсэн байна. Тус улсын түүхэнд 1906 оны наймдугаар сард 8.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 1500 хүн амиа алдаж байжээ.

 

Ватиканы тэргүүн Францис өчигдөр Эквадор болон Японы ард түмэнд зориулан залбирал үйлджээ. Эквадорын газар хөдлөлтөөс нэг өдрийн өмнө Японы Кумамото хотноо 6.5 магнитудын газар хөдөлж, есөн хүн амиа алдсан билээ. Уг газар хөдлөлтөөс 19 цагийн дараа дахин 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтөөс 11 хүн амиа алдсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин