Хойдууд дахин цөмийн туршилт хийх үү
2016-04-19

Хойд Солонгос улсыг дахин цөмийн туршилт хийхээр төлөвлөж байна хэмээн www.telegraph.co.uk мэдээллээ.

 

 

“Хойд Солонгос улсыг цөмийн тав дахь туршилтаа хийхээр төлөвлөж байна” хэмээн АНУ болон Өмнөд Солонгосын тагнуулчид мэдэгдлээ. Уг мэдээллийг нягтлан үзсэн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ “Хойд Солонгосын цөмийн туршилтын талбайд идэвхитэй үйл ажиллагаа ажиглагдах болсон. Тиймээс тус улсыг ойрын хугацаанд цөмийн туршилт хийж магадгүй хэмээн таамаглаж байна. Батлан хамгаалах яам уг мэдээллийг баттай эсэхийг тодруулахаар ажиллаж байгаа” гэж мэдэгджээ.

 

Ерөнхийлөгч өчигдөр Хойд Солонгосын бодлого хариуцсан төлөөлөгч болон Батлан хамгаалах яамны удирдлагуудыг Хөх ордондоо хүлээн авч, Пхеньянаас ирэх аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, армийг бэлэн байдалд оруулах тушаал буулгасан байна.  Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун энэ амралтын өдөр цөмийн цэнэгт хошуу болон баллистик пуужин хөөргөх тушаал гаргасан нь тогтоогдсон билээ. “Энэхүү тушаалын дараа цөмийн туршилтын талбай хөдөлгөөнд орж эхэлсэн” хэмээн Өмнөдийн тагнуулын байгууллагаас мэдээлэв.

 

Хойд Солонгосын эрх баригч “Хөдөлмөрийн нам”-ын их хурал ирэх тавдугаар сарын 9-нд зохион байгуулагдах юм. Өмнөдүүд уг хурлаас өмнө хойдууд дахин цөмийн туршилт хийж магадгүй хэмээн сэрэмжилж байна. “Хэдий туршилтын талбайд идэвхтэй хөдөлгөөн ажиглагдсан ч Ким Чен Уны бодлыг унших аргагүй байна” хэмээн Пентагон мэдээлсэн аж.

 

Пентагоноос хойдуудын хөөргөсөн бүх зэвсэг Америкийг чиглэсэн тохиолдолд тус улс ямар ч сануулга өгөхгүйгээр Пхеньян руу дайрахаа өмнө нь мэдэгдсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хамгаалах нь миний үүрэг. Тиймээс хойдын ямар ч үйлдлийг дайныг өдөөн турхирсан үйлдэл хэмээн үзэж, хариу арга хэмжээ авахаа мэдэгдье” хэмээн мэдэгдсэн удаатай.

 

 

Ким Чен Ун хэлсэн ёсоороо цөмийн туршилт хийсний дараагаас Зүүн хойд Азид ямар өөрчлөлт гарах бол гэдэг нь гадаадын судлаачдын анхаарлыг татаж байгаа. Хойдын санхүү, эдийн засгийн гадаад харилцаанд сөргөөр нөлөөлж, ард иргэдээ хоол хүнсээр хангаж чадахгүй байгаа энэ орон өлсгөлөнд нэрвэгдэж магадгүй боллоо. Үнэндээ сүүлийн жилүүдэд Хойдууд алсын тусгалтай пуужингийн хөтөлбөртөө тоймгүй их хөрөнгө зарж эдийн засгаа гаргуунд нь хаясан.

 

Өнгөрөгч баасан гаригт хойдууд тус улсыг үндэслэн байгуулагч Ким Ир Сений мэндэлсэний 104 жилийн ойгоор дунд тусгалын пуужин харвасан хэдий ч амжилтгүй болжээ. Ким Чен Ун пуужин хөөргөх үйл явцыг өөрөө удирдан явуулсан гэнэ. Уг туршилтад 250-300 мянган ам.доллар зарцуулжээ. Тэрбээр уг туршилтын дараа ард түмэндээ хандан “Бидний зориг мохохгүй. Бид урагш тэмүүлсээр байх болно. Бидний дараагийн нүүдэл тун гайхалтай” гэсэн байна.

 

Хойдууд өнгөрсөн сарын эхээр жижгэрүүлсэн цөмийн зэвсэгтэй болсон тухайгаа олон улсад мэдэгдсэн. Тэд тав дахь туршилтаараа уг жижгэрүүлсэн зэвсгийг ашиглаж магадгүй хэмээн БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэн байна. Энэ оны эхээр хойдууд дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийснээс гадна алсын, дундын болон ойрын тусгалтай хэд хэдэн пуужинг туршсан юм. Эдгээр туршилтуудын дараа НҮБ хойдын эсрэг хориг тавьж, цөмийн зэвсэг болон баллистик пуужин үйлдвэрлэх гарцыг хаасан билээ.

 

Ким Чен Ун уг хоригийг эсэргүүцэн пуужин харвасан нь америкчуудын дургүйцлийг хүргэж, Обама АНУ-д үйл ажиллагаагаа явуулж буй хойдын бүх үйлчилгээний байгууллагыг хааж, хөрөнгийн нь царцаах тушаалд гарын үсэг зурсан. Обамагийн хоригийн дараа Ким Чен Ун жижгэрүүлсэн цөмийн зэвсэгтэй болсноо зарлаж,  уг бөмбөгийг алсын тусгалтай пуужинд байршуулан Цагаан ордон, Эрх чөлөөний хөшөө, Нью Йорк хотыг газрын хөрстэй тэгшилнэ хэмээн сүрдүүлж, заналхийлсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
halh:
hulduu batsaanii hamarnaas tsus gargaad uguh aaviin huu bna uu baihgui bol bi uuruu l gargahaasdaa
2016-04-19