“С.Дали ба П.Пикассо” үзэсгэлэн нээнэ
2016-04-22

 

Дүрслэх Урлагийн Музейн ажилчид “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “С.Дали ба П.Пикассо” үзэсгэлэнг нээх гэж байна. Дээрхи алдарт зураачдын бүтээл Монголд анх удаагаа дэлгэгдэж буйгаар үзэсгэлэнгийн онцлог аж.

 

Эл үзэсгэлэнд дэлгэх С.Дали, П.Пикассо нарын бүтээлийг ОХУ-ын Екатеринбург хотын цуглуулагч Я.Шадрины хувийн цуглуулгаас авчээ. Үзэсгэлэнд С.Далигийн уран зургаас гадна түүний уран баримлын бүтээлийг дэлгэх аж. Түүнчлэн хоёр зураачын оргил үедээ бүтээсэн уран зураг, уран баримал, зураасан зураг, керамик урлалыг дэлгэх юм байна.

 

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музейн захиргаанаас бүтээлийг байршуулах шилэн хорго түрээслэх, каталоги хэвлүүлэх ажилд шаардлагатай 5.7 сая төгрөгийг шийдвэрлэж өгөх хүсэлтийг НЗДТГ-т хүргүүлжээ. Уг асуудлыг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр болсон байна. Эл үзэсгэлэн дэлгэснээр иргэдийн урлагийн мэдрэмжийг дээшлүүлэхээс гадна Нийслэлийг зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж удирдлагууд үзсэн аж.

 

Үзэсгэлэн энэ сарын 29-нөөс тавдугаар сарын 29-ны өдрийг хүртэл сарын хугацаанд Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэнэ. 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин