Ц.Цэцэгдэлгэрэх: Сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө, орлогоо мэдүүлнэ
2016-04-29

Сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ АТГ-т мэдүүлдэг хуультай. Энэ асуудлаар АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхтэй ярилцав. 

 

-Сонгуульд нэр дэвшигч хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах үүргийг хуульд хэрхэн заасан бэ? 

 

-Авлигын эсрэг хууль, ашиг сонирхлын зөрчлийн хууль тогтоомжид хуулийн үйлчлэлд хамрагдах субъектийг тодорхой зааж өгсөн. Бүх шатны сонгуульд нэр дэвшигч хуулийн үйлчлэлд хамрагдаж байгаа. Тэгэхээр УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын, мөн сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах үүрэгтэй. 

 

-Нэр дэвшигчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ АТГ-т гаргаж өгөх үү? 

 

-Тухайн сонгуульд нэр дэвшигч нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нэр дэвшигчээр бүртгүүлэхдээ өөрийн намтар, өр төлбөргүй буюу ял шийтгэлгүй талаарх тодорхойлолт, хөрөнгө, орлогын мэдүүлэг болон бусад шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлж харьяалах сонгуулийн тойргийн болон хэсгийн хороодод бүртгүүлдэг. Жишээ нь УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн тойргийн хороонд, бүх шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд хүсэлтээ гаргаж бүртгүүлнэ. 

 

Мөн Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт зааснаар Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн нэгдсэн дүн гарсны дараа буюу тухайн сонгуульд сонгогдогчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг санал хураалт дууссанаас хойш 14 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт ирүүлж, хадгалуулна. 

 

-Сонгуулийн хугацаа ойртсоор байна. АТГ нэр дэвшигчдэд зориулж ямар ажил зохион байгуулж байгаа вэ? 

 

-Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагаатай холбогдуулан Авлигатай тэмцэх газраас Сонгуулийн ерөнхий хороотой хамтран нэр дэвшигчдэд зориулсан хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргахад анхаарах асуудлын талаар гарын авлага, зөвлөмж гаргахаар ажиллаж байна. 

 

-Нэр дэвшигчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж өгөх зохицуулалттай юм байж. Харин бусад төрийн албан хаагчид шиг хувийн ашиг сонирхлоо мэдүүлэх үү? 

 

-Үгүй. Сонгуульд нэр дэвшигчдийн хувьд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос баталсан маягтын хүрээнд зөвхөн “хөрөнгө, орлогын мэдүүлэг”-ээ мэдүүлэх үүрэг хүлээсэн. 

 

-Сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн тохиолдолд АТГ-аас хянан шалгах уу? 

 

-Дээр дурдсанаар сонгуульд нэр дэвшигч нь Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамрагдаж байгаа. Хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах хэд хэдэн үндэслэл байдаг. Тэгэхээр сонгуульд нэр дэвшигчтэй холбоотой асуудлаар, эсвэл түүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгуулахаар тус газарт гомдол, мэдээлэл ирсэн тохиолдолд хуульд заасан чиг үүргийн дагуу тухайн нэр дэвшигчийн мэдүүлгийг шалгах үндэслэлтэй. Тиймээс нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргахдаа өөрийн болон гэр бүлийн гишүүдийн нэр дээрх орлого, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө зэрэг маягтад дурдсан орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх шаардлагатай юм. 

 

-АТГ-аас мэдүүлгийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын чиглэлээр цаашид юунд анхаарч ажиллах вэ? 

 

-Мэдүүлгийг цахим хэлбэрээр авч эхэлсэнтэй холбоотойгоор цаашид мэдүүлгийг хууль тогтоомжийн хүрээнд бүрэн цахим хэлбэрээр авч, цаасан мэдүүлгээс бүрэн татгалзахаар ажиллаж байна. Авлигын эрсдлийн судалгаа болон бусад нөхцөл байдлыг үндэслэн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор мэдүүлэг гаргах албан тушаалтны тоо буурсан байгаа. Энэ нь авлигад өртөх эрсдэл багатай төрийн албан хаагчдыг мэдүүлэг гаргагчийн жагсаалтаас хассан гэсэн үг. Өмнөхөөс 12 мянга орчим албан тушаалтан мэдүүлэг гаргах шаардлагагүй болсон. Ингэснээр авлига, ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн үр дүнтэй ажил болсон гэж үзэж байгаа. Харин цаашид мэдүүлгийн бүрдүүлэлтийн ажлын хүрээнд хууль тогтоомжийг улам боловсронгуй болгох, цахим мэдээллийн сангаа сайжруулахаар ажиллаж байна. 

 

Албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахимаар гаргуулж авдаг болсон нь Авлигатай тэмцэх газрын ажлыг хөнгөвчлөх гэхээсээ илүүтэй төрийн албан хаагчид мэдүүлгээ интернэт орчин бүхий газарт хаанаас ч мэдүүлж болох бөгөөд улсын хэмжээнд нэгдсэн сан бүрдүүлэх, мэдүүлгийн хяналт шалгалтын ажлыг хуулийн хугацаанд шуурхай зохион байгуулах, хөрөнгө, орлогын мэдүүлэгт олон талын судалгаа, дүн шинжилгээ хийх зэрэг ач холбогдолтой болж байгаа. Мөн орон нутгийн түвшинд удирдах албан тушаалтнуудын болон мэдүүлэг гаргагчдын хүрээнд холбогдох сургалт сурталчилгаа, хяналт шалгалтын үйл ажиллагааны чиглэлээр холбогдох ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Shuud.mn
Сонин хачин