Г.Ариунбаатар: Дуурийн урлагт Монгол гэж тамгалмаар байна
2016-05-05

 

Олон улсын П.И.Чайковскийн уралдааны Гран-при шагналтан, МУГЖ, Буриад улсын гавъяат жүжигчин Г.Ариунбаатар дөрөвдүгээр сарын 30-нд Москвагийн П.И.Чайковскийн нэрэмжит  хөгжмийн дээд сургуулийн бага танхимд тоглолт хийжээ.

 

Концертын хөтөлбөрт Г.Ф.Гендель, П.И.Чайковский, С.Рахманинов, Ж.Бизе, Ж.Верди, Ж.Россини,  Э.Григ, А.Пахмутова, М.Магомаев,  Н.Жанцанноров болон А.Андреевын уран бүтээлээс нийт 20 орчим бүтээл дуулсан аж. Тоглолтын төгөлдөр хуурыг түүний багш Орос улсын Ардын жүжигчин, Буриадын ардын жүжигчин Дариймаа Линховоин тогложээ.

 

Тоглолтын төгсгөлд Г.Ариунбаатарын концертыг гэр бүлийн хамт үзсэн Монгол улсаас ОХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, дуучинд болон түүний багш Дариймаа Линховоинд цэцэг барьж, хүндэтгэл үзүүлсэн байна.

 

Г.Ариунбаатар үргэлжлүүлэн тавдугаар сарын 1-нд Санкт-Петербургын “Марийнский” театрт тоглосон “Кармен” дуурьт дуулжээ.

 

Дашрамд сонирхуулахад тэрбээр Москвагийн тоглолтын өмнөх өдөр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Би баяртай байна. Өнөөдөр миний амьдралд тохиох ховорхон өдрүүдийн маань нэг болж байна. Маш чухал ‪гэрээнд гарын үсэг зурлаа. Тэсвэр , Тэвчээр , Хөдөлмөргүйгээр Амжилт үгүй. Би ‪тамгалмаар байна. Дэлхийн ‪дуурийн урлагт ‪МОНГОЛ гэж...”хэмээн бичжээ.

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин