“Усгал”-ыг дахина
2016-05-11

Монголын Урлагийн Зөвлөлөөс санаачлан “Усгал” бүжгэн жүжгийн төслийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эхлүүлсэн. Төслийн хүрээнд  эрэгтэй эмэгтэй хүний ус, гал мэт хоёр өөр оршихуйн мөн чанарыг илтгэх “Усгал” бүжгэн жүжгийг толилуулж байв. Эл жүжгийн энэ сард дахин тоглохоор болжээ.

 

Орчин үеийн бүжгийн урлагийн хэлээр хүн төрөлхтөний мөнхийн асуулт, эрэгтэй эмэгтэй хэмээх гал ус мэт хоёр өөр оршихуйн мөн чанар, тэдний харилцан шүтэлцэл ба баяр гунигийн түүхийг энэ бүтээл өгүүлнэ. Түүнчлэн орчин үеийн нийгмийн хөгжлөөс улбаатай эрэгтэй эмэгтэй хүний тухай бидний хэвшмэл ойлголт хэрхэн хувьсан өөрчлөгдөж, ус гал хэмээх амаргүй тэнцвэр бий болдог тухай өгүүлдэг.

 

Бүжгийн эхний хэсэг “Гал усыг мөрөөдөв” нэртэй. Үүнд  нүүдлийн соёлтой холбоотой,  итгэл үнэмшлийн тухай гарах бөгөөд эмэгтэй хүний үүргийг илүү тусгаж өгчээ. Хоёр дахь хэсэг “Ус галд дурлав”. Энэ хэсэгт 1960-70 оны үеийн эрэгтэй, эмэгтэй хүний бие биедээ дурлаж буй  үйл явц, зан байдал, итгэл үнэмшлийн тухай өгүүлнэ. Харин гурав дахь “Усгал” хэсэгт өнөө үеийн залуусын уламжлал ба шинэчлэл, мөрөөдөл ба бодит байдал дээр үүсч байгаа зөрчил, хувь хүн хоорондын маргааны талаар өгүүлэх юм.

 

Энэ тухай “Монголын урлагийн зөвлөл”-ийн урлагийн хөтөлбөрийн захирал Б.Номинтуяа “Жүжгийн гол санаа, агуулгын хувьд Монгол Улс нүүдлийн соёлоос эхлээд ерөнхийдөө гурван нийгмийг дамжиж өнөөг хүрсэн байдаг. Энэ гурван нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн итгэл үнэмшил, бие биенээ харах өнцөг өөр өөр байсан. Гурван нийгмийн онцлогоос хамааран эрэгтэй, эмэгтэй хоёрын итгэл үнэмшил өөр өөр болсон гэдгийг харуулахыг зорьсон” хэмээж байсан.

 

Гурван нийгмийн араншинг өгүүлэх “Усгал” бүжгэн жүжгийг энэ сарын 19-нд 19.00 цагт “Corporate Hotel and Convention Centre”-т тоглоно.

 

Г.Тэгшсүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин