“Олборлолт”-оос өөрийгөө олоорой
2016-05-11

 “Олборлолт” гэхээр уул уурхайн эрэл хайгуул хийдэг хүний уран бүтээл болов уу хэмээн сэтгэж очлоо. Тэгээд үзэсгэлэн гэхээр хананд олгосон зураг эсвэл шилэн хоргонд байрлуулсан үнэт чулуу, малтлагийн дээжээр төсөөлөв. Тэгсэн тэс өөр орчин угтсан юм. Тэнд дүрслэл, чимээ болон үнэрээр дамжуулан оюун санааны эргэцүүллийг бий болгохыг хичээсэн байв.

 

Эсгий дээл, хомоол, төмрийн зэв, таар, үнс, тайрсан үс, тасарсан сарнай. Энэ миний мэддэг урлаг биш байлаа. Элдэв сэлтийг байршуулсан эл үзэсгэлэнг өнгөц харвал гайхширмаар, утгагүй ч юм шиг.Энэ бол “976” арт галерейд нээгдсэн уран бүтээлч Т.Энхболдын  “Олборлолт” үзэсгэлэн юм.   Эдгээр нь уран бүтээлчийн сүүлийн үед туурвисан бүтээлүүд болон Венецийн Биеналльд дэлгэгдсэн зарим бүтээл аж.

 

 

 

Т.Энхболд хэмээх анх харахад ширүүн харцтай, хэр баргийн хүнтэй үг дугардаггүй болов уу гэмээр энэ эрийг би урьд өмнө нь үзээгүй. Харин тэр 10 гаруй жил урлагааар дагнан ажиллаж, монголын контемпорари урлагийг олон улсад төлөөлж буй цөөхөн бүтээлчдийн нэг гэнэ. Монгол гэрийн загвар үүрээд Төв аймгаас гарсан. Тэгээд Пори, Роттердам, Чежү, Манчестер, Венецийг зорьсон эр аж. Тэгэхдээ нүцгэн гүйж, амьтны арьс толгойдоо углан, чулуу эргүүлж, сүү асгасан гэнэ. Болоогүй бас Манчестерийн музейн гадна талбайд өнөөх гэрийнхээ тоонотой хэсгээс чулуу уян эргүүлж, амьтны арьс углан бачууран сууснаа тэр урлаг гэж тайлбарлажээ.

 

Ямар гээчийн солиорол вэ.

 

 

Ийн бодохоос түүнтэй үг сольж эхлэх хүртлээ нэг л сүрдэж байв. Үсээ урт ургуулсан. Нүдний шилтэй. Олныг эргэцүүлдэг болов уу гэмээр гүн харцтай. Нуруундаа жижигхэн цүнх үүрсэн. Тэндээ хэрэгтэй, хэрэггүй олон зүйл багтаасан. Гартаа аягатай кофе барьсан. Хаа нэг оочлоно. Асуултад удаан бодож  хариулах. Энэ хэн бэ. Эхэндээ багахан жийрхсэн ч бид ярилцлаа.

 

-Таны үзэсгэлэн тэс өөр юм. Утгагүй ч юм шиг. Би үзээд ойлгосонгүй.

 

-Юу ч ойлгосонгүй гэхээр сонин сонсогдож байна. Чи юу мэдвэр. Чамд энэ үзэсгэлэн нөлөөлж, чи энд бий болгосон орчинтой харьцаж чадаж байна уу?

 

-Надад  жихүүдэс төрмөөр хүйтэн мэдрэмж төрж байна. Үүгээр дамжуулан аль нэг санааг хэлэх гэсэн бололтой.

 

-Үзэсгэлэнг өнгөц харах нь биш дотор нь орж мэдрэх нь их чухал. Би чамд санаагаа тайлбарламааргүй байна. Чи өөрөө эндээс олж харах ёстой.

 

 

-Тэгвэл уншигчдад тайлбарлаж болох уу?

 

-Энэ  миний гаргаж буй цуврал үзэсгэлэнгийн гурав дахь нь. Сүүлийн 2015 оны бүтээлүүд тавигдсан байгаа юм. “Олборлолт” гэдэг санааг бол чи уул уурхай бодогдож ирсэн гэж байна. Тэгвэл энэ өөр олборлолтын тухай байж болно. Би бол энд өөрийгөө л уудалж гаргаж байгаа юм. Тэрийгээ олборлолт гэж нэрлэж болох уу.

 

-Болно.

 

-Хүнтэй харьцсан, олон хүнтэй харьцсан үйлдлээс үлдсэн баримт, ашигласан материал, тайрсан үс минь хүртэл энд байна. Энэ бүхэн тус бүртээ түүх агуулж, цаг хугацааг харуулах ёстой юм. Энэ нь өөрөө цаг хугацааг туулаад ирсэн юмс. Үзэсгэлэнгийн хувьд цогц шийдлийг бодож боловсруулж хүргэж байгаа юм. Энд бас хөгжмийн найруулга хийсэн Даваажаргал уран бүтээлч оролцож байгаа. Миний илэрхийлж байгаа орчин нөхцлийг хөгжим дуу авиан урлагаар давхар илэрхийлж буйгаар онцлог юм даа.

 

-Би эндээс өөрийгөө олох ёстой юу?

 

-Хүн ямар нэгэн юм байнга л хайж байдаг. Тэр нь юу ч байж болох ч өөрийгөө хайж, эцэст нь олох нь хамгийн том олборлолт юм. Тиймээс энэхүү үзэсгэлэнг үзсэн хүн тогтож харж чадвал эндээс өөрийгөө олоод гарах боломжтой.

 

-“Хольцгүй хоол үгүй”, “Эдлэгдээгүй орчин үгүй” гэсэн  бичиг нүдэнд туслаа.

 

-Би өврийн дэвтэр дээрээ тухайн үед буусан үзэл санаагаа ноороглож явдаг. Тэр дэвтэрт л аль нэг цаг хугацаанд тэмдэглэгдэж үлдсэн миний үг, бичиглэл юм. Хов хоосон байлгаж болох л байсан. Гэвч үгээр хүний оюун санаанд бас нэвтэрч болно. Үгтэй харьцаж, орчинтой харьцаж чадвал хүнд хүрч чадна. Дотор нь ноос байгаа.

 

-Энэ нүд үү?

 

-Энэ яг юу вэ гэсэн асуултад би хариулахгүй. Харин ямар нэгэн өдөөн хатгалаг маягтай асуулт асуувал би хариулж чадна.  Чи гүйгээд тогтож чадахгүй байх шиг байна. Энэ бол уусгалд хийсэн малын нүднүүд шүү дээ.Урлагийн үнэ цэнэ асар чухал. Тийм болохоор маш сайн ойлголт авч, харьцаж нэг ёсондоо чи өөрийгөө олборлож байж хүнд юм хүргэх ёстой. Чи өөрийн гэсэн дүр төрхтэй харьцаа үүсгэх хэрэгтэй.

 

 

-Энэ гэзэг хэнийх вэ?

 

-Энэ миний гэзэг. 2010 онд “Цаг хугацаа ба орон зай” үзэсгэлэнд оролцох гэж  би үсээ тайрч байсан юм. Тэр үс.  Дараа нь бас 2014 онд үсээ тайрсан. Үсээ тайрснаар хүн шинээр төрсөн мэт нийгмээ харах болно гэж илэрхийлэхийг хүссэн юм. Аливааг буруу өнцгөөс бус зөв эсрэг талаас нь харахад заавал эхээсээ дахин төрөхийг мөрөөдөх хэрэггүй шүү дээ.

 

-Эсгий дээл бас таных уу?

 

-Энэхүү эсгий хэвнэгийг  урлаж, Венецийн наадамд оролцохдоо өмссөн. Хамгийн сүүлд олдсон археологийн бүтээлээс санаа авч, энгэрт нь гараа гаргаж болохуйцаар зүсэлт хийсэн.  Аян дайны үед  эртний дайчид дээлээ тайлж, сугалдаргалахгүйгээр нум сум харвахад зориулсан байхыг үгүйсгэхгүй. Ханцуйгаа ар тийш нь татаад товчлох боломжтой. Ийм соёлыг өвөг дээдэс маань бидэнд үлдээсэн байх жишээтэй.

 

-Энэ бүгдээр та ямар санаа илэрхийлэхийг хүссэн юм бэ?

 

-Энд тавигдсан бүтээлд оршихуйн бүхий л юмс суугдаж өгсөн байна. Гэхдээ зөвхөн уран бүтээлчтэй хамааралтай. Энэ хамаарал нь өнөөдрийн нийгэмтэйгээ харьцсан, цаг хугацаа орон зайн харилцаа зэрэг ойлголтоор өөрийгөө илэрхийлж гаргаж байна. Эндээс гараад чамд энэ юу юм бол, юу болов гэдэг бодол төрүүлж байвал сайн. Ер нь залуу үе, ирээдүй хойч сэрэх хэрэгтэй байна. Өнөөдрийн энэ хэвшсэн загварчлал явахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ бол миний нийгмийг тольдож, харж буй үзэл санаа юм. Үзэл санаагаа янз бүрийн нийгмийн байдлын зураглалаар хүн дотогш нь харьцаж нөлөөлүүлэх гэсэн оролдлого л юм.

 

-Нүцгэн гүйсэн. Толгой дээрээ сүү асгасан гэнэ. Энэ таны хийсэн үйлдэл үү?

 

-Тийм.

 

-Яагаад ингэсэн юм бэ?

 

-Энэ 2011 онд хийсэн үйлдэл. Ер нь бол хязгаарлагдмал орон зайнаас гарах хэрэгтэй гэсэн санааг илэрхийлсэн. Сэтгэлгээний  чөлөөлөлтөөс гарах их чухал. Өөрөө чөлөөлөлтийг мэдрэх ёстой. Үүнд хандаж л тийм үйлдэл хийсэн хэрэг.

 

Ахиад олон зүйл сонирхмоор байсан ч “чи эндээс эхлээд өөрийгөө олборло” хэмээх үгнээс нь эмээлээ. Тэгээд үзэсгэлэнг нь тогтож үзэхийг хичээв.

 

Т.Энхболд гэрийг бүхэлдээ нэг бичил ертөнц хэмээн төсөөлжээ. Энэхүү орон зай дотроосоо тодорхой үйлдэл, дуу авиагаар дамжуулан эх-дэлхийтэй холбогдох, харилцахыг чухалчилдаг аж. Ерөөс түүний ажлуудад орон зайн тухай ойлголт чухал нөлөөтэй шиг санагдана.

 

“Нүүдэлчдийн амьдралын хэв маяг байгалиас бүрэн хамааралтай, түүнтэй нарийн зохицсон байдаг. Энэ нь эргээд асар уудам орон зайд амьдрах, зорчих эрх чөлөөг олгодог. Гэвч даяарчлалаас үүдэн хавтгай болсон өнөөгийн ертөнцөд орон зай улам хумигдан, давчуу шахагдмал орчинд бид амьдарч байна”.

 

Чухам энэ л санаагаа егөөдсөн, аминч бачуу бүхнийг эсэргүүцсэн, тэндээс зугтах гэсэн тэмүүлэл түүний үзэсгэлэнгээс мэдрэгдлээ. “Олборлолт” үзэсгэлэнг үзээд эхэндээ хачин жигтэй санагдсан ч тогтож үзвээс өнөөгийн амьдралын хэв маягын тухай шүүмж, орон зай тийш чиглэсэн тэмүүлэл мэдрэгдэх аж.

 

 

22А гэсэн хаягтай хашаа. Түүн дээрхи “Дамбын тоосгоны үйлдвэрт хашаа байшин зарна” хэмээх зарлал. Эсгий дээл. Шатаасан хомоол. Тайрсан гэзэг. Уруугаа харуулж унжуулсан сарнай. Ерөөс тэрбээр эдгээр зүйлст бодьгал оршиж буйг нээн харуулж, цаг хугацаа, орон зайн сэтгэлгээг төрүүлж буй тэрхүү зүйлсийн дахин давтагдашгүй мөн чанарыг харуулахыг зорьсон бололтой.

 

Т.Энхболдын цогц шийдлүүд нь өөрийнх нь сэтгэлгээний цар хүрээнд оршдог ба бидэнд урлагтай харилцах боломжийг нээн өгөхийг зорьжээ.

 

Түүний тухай товч өгүүлэхэд Контемпорари урлагийн “Хөх нар” төвийн гишүүн тэрбээр Венецийн 56-р дүрслэх урлагийн олон улсын биеннальд анх удаа Монгол улсаа төлөөлөн оролцсон уран бүтээлч юм. Түүнчлэн тэрбээр эх орондоо болон БНСУ, БНХАУ, Голланд, Финланд, Англи улсад үзэсгэлэнгээ гаргаж байсан. Мөн Манчестерын Триеналь, Шанхайн Биенналь, Голланд, Финланд, БНСУ-д зохион байгуулагдсан олон улсын резиденс хөтөлбөрт шалгаран оролцож байсан аж.

 

“Олборлолт” үзэсгэлэн тавдугаар сарын 6-наас зургадугаар сарын 19-ныг хүртэл “976” арт галерейд нээгдэх юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
setgen bodoh
2016-05-11